Ононгийн заставын бүсгүйчүүд жилд ганц болдог цугларалтандаа оролцохоор отрядын төв рүүгээ яваад ар талынхаа ажил төрлийг эрчүүд нь давхар хариуцахаар болж үлдсэн нэг өдөр ямар ч байсан биднийг хоол ундаар тасалж, хоосон гэдэснийхээ хоржигнохыг сонсох боломж олгосонгүй. Бас хүдэр бадар манай эрчүүд хавар ирсэн ч хавсарга нь эхэлсэн энэ цагаар дааруулж, зутраасангүй,
Ихэнх ахлагч хилээ хамгаалахаас гадна хөлд дөнгөж орсноос авахуулаад хөдөлгөөн нь ид олби оготно шиг насан дээрээ яваа таван хүүхдийг харах хатуухан үүргээс гадна өлссөн гөлөг шиг хэл амаа долоосон биднийг мөн л хооллож асрамжлах үүрэг ахлах ахлагч Д.Даваацэрэн нарын ахлагч нарт оногдсон байлаа.
Энэ нөхөр дахиад л хоолны тухай яриа хөврүүлэх нь дээ хэмээн та битгий бодоорой. Огт өөр зүйлийн тухай өгүүлэх болно. Тиймээс юуны өмнө ахлах ахлагч Д.Даваацэрэнтэй урьд өмнө уулзаж байснаа ор тас мартаж, ер нь түүнийг таниагуйдээ ихээхэн ичсэнээ хэлье. Ер нь бид торгон хилээр тойрч явахдаа тун олон хүнтэй уулзаж ярилцдаг бөгөөд хожим хойно нөгөөдүүлийгээ танихгүй, төөрч будилах явдал улам элбэгших болсныг бас нуулгүй хэлье. Эхлээд ч ойр ойрхон олон хүн... хэмээн өөрийгөө зөвтгөдөг байсан бол эдүгээ энэ мартамхай явдлыг оюун санааны зөнөгрөлтэйгөө холбох болсноо мөн л нуулгүй хэлье.
Ахлах ахлагч Д.Даваацэрэн энд ирэхээс өмнө буюу дөрвөн жилийн өмнө Сулинхээрийн отрядод алба хааж аснаа ярьж, тэр үед намайг тус отрядын Хэц-Уулын заставын Онгоц-Улааны харуул дээр үүрэг гүйцэтгэж ахуй үед та нар ирсэн шүү дээ. Танай дэд ахлагч О.Алтаа, Б.Алтаа нар сайн уу, манайхны тухай сайхан нийтлэл бичиж, бидний зургийг сэтгүүлийн хавтсан дээр маш томоор тавьсанд ихээхэн баярлаж явдаг шүү хэмээн пийшинд хуурай хар мод хийх зуураа өгүүлснээр миний биеийг ичэзж, ой санамж минь бүдгэрч сүумийснийг сануулсан юм.
Түүнээс миний бие Сулинхээрийн нүд алдам талаас хөеч тайгын их ойг юуны учир зорин ирэв гэх зэргийн юм асууж сонирхсонгүй. Сонирхох ч шаардлагагүй гэж боддог юм. Яагаад гэхээр манай хилийн цэрэгт ийм "тэнэмэлүүд" маш олон бий. Хөвсгөлийн уул ус тэгш хангайн хилээс Овоотын улаан нар, улайдсан элс хоёрыг зориод ирсэн гэр бүлийн хоёр таардаг л юм. Баян-Өлгий, Ховдоос зүүн хилд оччихсон тууж явдаг нөхдүүд байдаг. Газар үзээд сайхан байна аа гээд л инээлдэж суудаг юм.
Эдүгээ би ийм "тэнэмэлүүдээрээ" ихээхэн бахархах болсон нэгэн. Хүний амьдрал хэмээх богинохон хугацааг утга учиртай өнгөрүүлэх гэсэн хүсэл мөрөөдөлд нь баярлаж явдаг. Залуудаа дулаахан газар бараадаж, тухтайхан нөхцөлд хоног сар өнгөрүүлэхийг чухалчлаагүйд нь би тэрхүү "тэнэмэлүүдийг" хайрлаж хүндлэхээс өөр аргагүй байдаг. Жаргал нь зовлон болох тохиолдол элбэг хот суурин газрын амьдралаас илүүтэйгээр хүнд бэрх гэсэн бүхнийг жаргал болгон хувиргах тэдний сэтгэлийн аугаа их хүчээр нь бахархдаг бас баярладаг. Эдгээр "тэнэмэлүүдэд" орон зайн хязгаар гэсэн ойлголт огтхон ч байдаггүйгээр нь мөн л баярладаг, бахархдаг. Нэгэн "тэнэмэл" нөхөр л гэхэд хугацаат цэргийн албанд ирснээ улирч ахлагч болоод зогсохгүй дээд сургууль төгссөн найз бүсгүйгээ Баянхонгорт ажиллаж байхад нь авчраад Овоотын шувуу ч цөөхөн харагддаг заставт авч очоод алба хааж буйтай таараад бахархах, гайхах хоёр зэрэгцэж асан юмдаг гээд тоочвол цээжээр дүүрэн жишээ.
Чухамдаа их хотын зовлонг жаргал хэмээн андуурах бидний бус харин ийм "тэнэмэлүүдийн" хүчинд улс эх орон, Хил хамгаалах байгууллага, эцсийн эцэст энэ миний бие оршин тогтнож буйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс хэнд ч байхгүй эх оронч сэтгэл нь давамгайлан, байгаль хэмээх хэзээд тасралтгүй уянгалах хөг аялгуундаа уусан явдаг ийм "тэнэмэлүүддээ" баярлалаа гэе.
Д.ГАЛ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=932
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих