Өнгөрсөн сарын 25-нд Балба улсад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо албан ёсны мэдээллээр 6621-д хүрсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дотор хамгийн багадаа гадаадын 50 иргэн байгаа аж. Түүнчлэн байгалийн гамшгийн улмаас 14 мянган хүн бэртэж гэмтжээ. Мөн тус улсад Европоос очсон мянга гаруй уулчин ор сураггүй болсон байна.
Балба улсын эрх баригчид одоогийн байдлаар газар хөлдлөлтөд хамгийн ихээр нэрвэгдсэн бүс нутагт, түүний дотор эхний ээлжинд Долакха, Синдхупалчокт хүнс, эм тариа хүргэхэд онцгой анхаарч байгааг мэдээлжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр газар хөдлөлт болсноос хойш долоо хоног өнгөрсөн болохоор нуранга дороос амьд хүн аврах найдлага багассан гэнэ. НҮБ-ын мэдээллээр 28 сая хүн амтай Балба улсад дөрөвдүгээр сарын 25-нд болсон газар хөдлөлтийн гамшингт тус улсын найман сая гаруй хүн өртсөн аж. Үүнээс хоёр сая гаруй хүн толгой хоргодох майхан, хүнс, эм тариагаар дутагдаж байгаа юм байна.
НУРАНГИ ДОРООС НЯРАЙГ АВАРЧЭЭ
Аврагчид газар хөдлөлтөд нурсан байшингийн нуранги дор 22 цаг байсан дөрвөн сартай нярай хүүхдийг аварсан байна. Нярай хүүхдийг амьд үлдсэн гэдэгт хэн ч итгэхгүй байсан гэнэ. Газар хөдлөх үеэр түүнийг есөн настай эгч нь харж байжээ. Гамшгийн улмаас тэдний байшин нурж унасан байна. Эгч Сонит Авал нь гэрээс зугтан гадаа гарч тусламж гуйж орилжээ. KatmanduToday.com цахим хуудсанд ажилладаг 26 настай зурагчин Амул Тхапа нуранги дор байгаа нярай хүүхдийн уйлж буй дууг сонсч аврагчид дуудсан байна. Аврагч цэргүүд 22 цагийн дараа буюу маргааш нь нярайг нуранги дороос аврахад тэрээр амьд байсан аж.
М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих