УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Ерөнхий сайд Сайханбилэг татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Манай улсын эдийн засгийн орчин хурдацтай хөгжиж, дэлхийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн энэ үед татварын хууль тогтоомжуудаа дахин шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгааг Ерөнхий сайд танилцуулсан. Гишүүд Ерөнхий сайдаас асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төв рүү тэмүүлсэн их нүүдлийг сааруулахын тулд татварын ухаалаг зохицуулалт хэрэгтэй байгааг хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Засгийн газар бүхэн л Татварын хуулиа өөрчилдөг ч бүрэн төгс болж чаддаггүй. Өнөөгийн татварын бодлого, орон нутаг хүртэлх орон зайн алслалтаас болоод хөдөө орон нутгийн иргэд маш их хохирч байна. Орон нутагт бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Мөн яаралтай үед тусламж авч чадалгүй эрүүл мэндээрээ хохирч байна. Тийм ч учраас төрж өссөн орон нутгаасаа дайжиж, нийслэл рүү тэмүүлж байна. Улаанбаатар хотын хүн ам жилдээ 30-40 мянгаар нэмэгдэж байна. Энэ бол хоёр жилд нэг аймаг байхгүй болж байна гэсэн үг. Үүнийг татварын бодлогоороо эдийн засгийн хөшүүрэг болгож яаралтай засах хэрэгтэй байна.
Өнөөдөр Дорнод аймагт АИ92 бензин 1880 төгрөг байхад Улаанбаатарт 1660 төгрөгийн үнэтэй буюу 220 төгрөг, 14 хувийн зөрүүтэй байна. Зах зээлийн орнуудад бензин шатахууны үнэ нийслэлээс алслагдах тусам буурдаг, эсвэл нийслэлийнхтэй ижил байдаг. Үүнийг төр засаг маань татварын бодлогоороо яаралтай цэгцэлмээр байна.
Хөдөөд ажлын байр хомс. Тиймээс орон нутагт уул уурхайгаас бусад боловсруулах үйлдвэр байгуулж ажиллуулах тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр Татварын багц хуулинд тусгаж оруулмаар байна. Ингэж чадвал нийслэл рүү явах их нүүдэл зогсоно. Үүнийг анхааралдаа авч ажиллахыг Ерөнхий сайдаас хүсье.
Уул уурхайн томоохон төслүүдийн татварт хэт их хөнгөлөлт үзүүлж байгаа нь буруу
Монгол улсын эдийн засгийн өсөлт 7,8 хувьтай байна. Бид энэ өсөлтөөрөө Ази тивд тэргүүлж байгаа ч эдийн засгийн хямрал нүүрлээд байгаагийн шалтгаан нь уул уурхайн томоохон гэрээ хэлцлүүдэд хэт их хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан явдал гэж үзэж байна. Оюутолгой л гэхэд манай улсын төсвийн 70 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт хийж байгаа. Гэтэл нийт борлуулалтынхаа 8,3 хувийг л манайд төлдөг. Монгол улс өрөө төлөөд дөнгөж 4-5 хан хувийг л хүртэж байгаа шүү дээ.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр зэсийн борлуулалтаасаа 17 хувийн роялти төлж байхад Оюутолгой 5-хан хувиар л төлж байна. Цаашдаа Монгол улсын төр засаг авлигад идэгдсэн мэт уул уурхайн салбарт харилцан адилгүй, ялгавартай татвар тогтоож, аль нэгэнд нь хэт хөнгөлөлт эдлүүлсэн гэрээ хэлцэл хийж болохгүй гэдгийг Ерөнхий сайдад анхааруулъя гэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих