Харин нэгэнтээ мань хүн бид хоёрын дунд бөхийн тухай халуухан яриа өрнөж байх үест ярианы сэдэв хэтэрхий хурцдаж, шаралхсандаа мань эр гэнэт: "Тэгж яривал танай Дорнодод бөх гэж юу байсым. Манай Төв аймаг бол Ж.Мөнхбат, Д.Хадбаатар нарын аваргууд, улсын цолтой нилээдгүй бөхтэй” гэж ирээд ам тагладаг байгаа. Би ч ямар Дорнод хэдэн улсын цолтой бөхтэй, Төв хэдэн бөхтэйг тухайн үед огт мэдэхгүй, зарим нэгэн бөхийн тухай яриа сонсч байснаас цаашгүй, бөхийн тухай мэдлэггүйдээ гэмшин анддаа гологдонгуй таг дуугүй хэсэг зуур зогсч билээ. Бас ч гэж "шар хүн шартай, шарсан мах амттай”-н үлгэрээр мөчөөгөө өгсөнгүй шаралхуу зандаа хөтлөгдөн: "Бөх муутай гэвэл танай Ө.Эрдэнэ-Очир арслан чинь тэгж яривал Дорнодынх. Өвөг эцэг нь Даншгийн Хас заан, аав нь Улсын арслан Өлзийсайхан Дорнодын уугуул. Эрдэнэ-Очир тэгэхлээр манайх мэдэв үү” гэж маргаж байсан удаатай.
Түүнээс хойш хаа нэг удаа Дорнод аймаг чинь бөх муутай буюу улсын цолонд хүртэл өндөр амжилт үзүүлсэн бөхөөр маруухан гэж сонсоод харамсмаар ч юм шиг, шаралхмаар ч юм шиг давчдаг явсан удаатай. Харин бэртэл гэмтлийн улмаас гэр зуур байхдаа элдэв ном, сонин, сэтгүүл эргүүлдэг байгаад олоон жилийн өмнө найздаа бөхөөр маруухан гэж гоочлуулж байснаа, сонсч байсан ярианууд, өөрт төрсөн бодлоо тас цохин бахархмаар сайхан баримт олж харснаа хичнээн их баярлаж, бараг л тэнхээ мэдэн бархирах шахлаа. Сэтгүүлч, түүхч Д.Лхамсүрэн гуайн бичсэн "Дорнод монголын Булган сум-90” жил номыг уншснаар Дорнод бол бөхөөр маруухан гэсэн ойлголтыг орвонгоор нь эргүүлж ойлголоо. Энэ ойлголтыг маань сонссон тал нутгийн хүчтэнүүд маань надад битгий гомдоосой гэсэндээ, тухайн үед өөрийн бодлоор гутамшигтайгаар ялагдсандаа, бөхийн тухай буруу ойлголттой явж байснаа бүрэн ойлгосны хувьд энэ бахархлыг олонтойгоо хуваалцахаар шийдэж бичвэрээ эхлүүллээ.
Тус номонд өгүүлснээр:
Монголын Долоо хошуу даншиг наадам, Арван засгийн наадам, Ардын засгийн наадамд 100(130) гаруй аваргууд төрсөн гэж зарим бөх судлаачид үздэг ч эх сурвалжуудыг нягтлан боловсруулж Монгол бөхийн 46 аваргуудыг тогтоож магнайд нь Халхын Сэцэн хан аймгийн бөхчүүд 1775 оноос өмнө аварга цол хүртсэн гэж бичигдснээс эхлэн алдарт Хүдэр даян аварга Гомбожав, О.Гэлэгсэнгэ, О.Дугар, Ц.Буянтогтох, Г.Өсөхбаяр, М.Мөрренчин, нарын (түрүүлсэн он дарааллыг үзэхэд) дараахь үе нь алдарт аварга Г.Вандан, Ш.Намхай, Х.Шаравжамц, Н.Жамьян нар болж байна.
Долоон хошуу Даншиг наадмын оноо данс 1805 оноос мэдэгдэх бөгөөд 1921 оныг хүртэлх 117 жилийн дотор 16 аварга төрсөн бөгөөд Түшээт хан аймгаас 5 аварга, Засагт хан аймгийн 1 аварга, Сэцэн хан аймгаас 9 аварга, Сайн ноён хан аймгийн 1 аварга байна. Эдгээр 16 аваргын 7 нь дархан аварга цол хүртжээ.
Долоон хошуу Даншиг наадамд хамгийн залуудаа түрүүлсэн бөх бол Сэцэн хан аймгийн Минжүүрдорж засгийн харъяат, Ульхан харуулын Жамъян аварга (одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сум) байв. Тэрээр 1816 оны даншигт 1032 бөхийн тоонд багтан барилдаж Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн Вангийн хошууны Самбуугийн Чүлтэм аваргаар 11 давж түрүүлэхдээ 21 настай байв гэжээ.
Үүнээс үзэхэд Сэцэн ханы аваргуудын дотор одоогийн харъяаллаар нь авч харвал 9 аваргын 4 нь Дорнод аймгийнх болж таарч байна. Бөх судлаачдын данс оноо шүүн судалсан баримтыг харахад зарим бөхчүүдийн тухай үед тэмдэглэгдсэн нэр, цол заримдаа зөрүүтэй, ташаа бичигдэж байсан ч гэлээ, Даншиг, Арван засаг, Уул тайлгын наадмын барилдаануудад үзүүлсэн амжилт, нутаг орныхны нь бөхчүүдийн дуудаж асан цол зэргийг харвал зарим аварга цолтныг орон нутгийн чанартай аварга, даншгийн наадамд арслан цолтой барилдаж байжээ. Бас зарим нэгэн арслан, заан цолтон нь андуу ташаа бичигдсэн эсвэл тухайн барилдааны оноо дансанд нэрлэгдсэн цол нь тийм ийм байсан гэхчлэнгээр зөрүүтэй ойлголт хэдий ч Дорнодын тал нутаг эртнээсээ хүчит бөхчүүдээрээ алдартай байжээ гэж бүрэн ойлгож болохоор байна. Жишээлбэл: Манхилаг овгийн Даншгийн Тухтай арслан Дугарын тухайд бөх судлаачдын зарим нь Дугар аварга, Тухтай заан Дугар, Тухтай арслан Дугар гэх мэтчилэн янз бүрийн цолтойгоор хольж солин зөрүүтэй тэмдэглэсэн буюу судалсан нь байх юм. Яг угтаа бол Дугар нь Халхын Сэцэн хан аймгийн М.Цэрэндор ноёны хошуунд буюу одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутагт 1803 онд төржээ. Бөх судлаач Ж.Дамдины бичсэн "Монгол бөх” номонд 1821 онд Намжил аварга түрүүлэхэд Тухтай үзүүүрлэж "Арслан” цолтой болсныг дурьдсан байна гэжээ. Энэ үеэс хойш Ардын засгийн наадамд 5-6 удаа барилдаж 3-7 давж, Даншгийн наадамд 10 удаа барилдаж 4-9 давж, хэд хэдэн удаа үзүүрлэж, нийтдээ улсын чанартай наадамд 16 жил барилдаж Монгол даяар нэрд гарсан "Арслан” болжээ гэсэн байна.
Зөвхөн ганц нэг буюу эдгээр жишээн дээрээс үндэслээд бусад аймгийнханд буюу ялангуяа Дорнодчууд бөхөөр маруухан, бөх муутай гэдэг "ам савдагууд”-д хандаж хэлэхэд Халхын Сэцэн хан аймгийнхан алдар цуугаа дуурсгасан бөхөөрөө алдартай шүү, Даншиг наадам, Арван засгийн наадам, Ардын Хувьсгалын зэрэг улсын чанартай наадмуудын олон жилийн барилдааны түрүү магнайд Сэцэн ханы 15 аварга босоо байж манлайлсан юм шүү гэдгийг онцлон дуулгая. Мөн аваргын дайтай арслан, заанууд цөөнгүй байсаан гэдгийг Монгол бөх судлаачдын баримт, судалгаанд тулгуурлан Тал нутаг минь хүчитнүүдийн өлгий нутаг гэдгийг дуулгахад таатай байна.
Эцэст нь талын хүчитнүүдийн тухай товчхон тоон баримт, ганц нэг бөхийн тухай домог өгүүлж энэ тэмдэглэлийг жаргаая.
Санбэйсийн буюу Дорнодын улсын цолтой бөхчүүд
Монгол Улсын аварга
1. Хүдэр даян аварга Д.Гомбожав 1810 онд төрсөн Мин засгийн хошуу (Одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сум)
2. О.Гэлэгсэнгэ 1853-1913 он Далай бэйсийн хошуу (Одоогийн Сэргэлэн сум)
3. О.Дугар 1859-1909 он Далай бэйсийн хошуу (Одоогийн Сэргэлэн сум)
4. Жамъян – Мин засгийн хошуу (Одоогийн Баян-Уул сум)
Монгол Улсын арслан
1. Дугар (Тухтай) – 1803-1872 он – Булган сум
2. Дашдоной – Халхгол сум
3. Шавай – Сан бэйсийн хошуу
4. Балсанлхүндэв – Халхгол сум
5. Содномжамц – Булган сум, Даншгийн
6. Ёндонжунай – Булган сум
7. Л.Балсан (Хумбан хар) – 1903-1977 он – Чойбалсан хот
8. Ш.Гэлэг (Баргын хар) – 1905-1961 он – Гурванзагал сум
9. У.Дамчаа (Гулзгай) – 1912-1940 он – Чойбалсан хот
10. Х.Өлзийсайхан – 1908-1984 он – Халхгол сум
11. Ө.Эрдэнэ-Очир – Төв аймаг (Халхгол сумын уугуул)
Монгол улсын заан
1. Дамдин – Ялгуусан хутагтын шавь (Дорнод аймаг, Булган, Хөгнө, Чойбалсан)
2. Халтар – Аравжаргалант
3. Даш – Булган сум, Даншгийн
4. Т.Лувсан – Булган сум, Даншгийн
5. Л.Жаргал – 1900-1975 он – Халхгол сум
6. А.Ерөөлт – 1901-1992 он – Халхгол сум
7. Д.Гонгор – 1910 он – Булган сум
8. Хас-Очир – Даншгийн заан, Халхгол сум
9. Ш.Дугарсүрэн – 1946 он – Гурванзагал сум
10. Д.Түвшин - 1946 он – Гурванзагал сум
Монгол улсын начин
1. С.Лүндэгчоймбол – Булган сум
2. С:Бугандай – 1920 он- Булган сум
3. Д.Учрал – 1913 он – Чойбалсан хот
4. Д.Дамбадондог – 1917 он – Дашбалбар сум
5. А.Тажив – 1932-2001 он – Гурванзагал сум
6. Ц.Жигжидсүрэн – 1935 он – Булган сум
7. Г.Пүрэв-Очир – 1949 он – Цагаан-Овоо сум
8. М.Чимэд-Очир – 1962 он – Чойбалсан хот
9. Ж.Гансүх – 1980 он – Халхгол сум
10. Д.Цогзолдорж – 1974 он – Цагаан-Овоо сум
Хүдэр даян аварга
(Сэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошуу)
Халхын Сэцэн хан аймгийн Ачит бэйс Минжүүрдоржийн (одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сум) хошууны Хүдэр Гомбожав 18 нас хүрсэн үед гэнэ. Түүнийг баяны шар тэргээр аргалд яваад ирэхэд шар нь их л хөлөрсөн, ядарсан байдаг аж. Нэг өдөр шарын сүүл тасарсан ирэв.
Баян, хүн явуулж сэм харуулбал хүү бүдүүн шарыг унаган өнхрүүлж, босохоор нь цээжийг нь өргөх зэргээр ноцолдон тоглосоор усан хулгана болтол хөлөргөөд шараа хөтөлж, аргалтай тэргээ түрж явахыг харжээ.
Баян үүнийг сонсоод: - "Энэ гайхал чинь муу ёрын амьтан боллоо” гэхэд хашир өвгөн "бяр нь багтахаа байжээ” гэжээ.
Нутгийн нэгэн баян идшээ хийж байтал нас гүйцсэн бүдүүн шарыг цохилуур алдан цохиж улангасуулан алдаж тэр галзуу шар айл гэр, хүн мал сүйтгэхээр заналхийлэхэд Хүдэр даян аварга гүйн очиж хоёр эврээс нь барьж аваад хуга мушгин алж орхижээ.
Нас бие гүйцсэн бухыг номхруулахаар хоёр эврээс нь барьж аваад муритал хүзүү нь хугарч үхсэн гэж домоглон ярилцдаг. Нэг удаа нас гүйцсэн бүдүүн шарыг эврээс нь барьж хүзүүг нь хуга мушгин алж (идэш хийж) байжээ.
Хүдэр Гомбожав хүү 1829 оны зун нутгийн бөхчүүдийг даган Даншиг наадамд барилдахаар Богдын хүрээ чиглэн гарчээ. Бөхчүүд яарах хүнгүй болохоор нь Хүдэр хүү ганцаараа түрүүлэн явж "Хэнтийн их нуруу”-ны ойролцоо ирэх үед нь нэг айлд орж зам заалгатал: - "явж тун болохгүй нэг аймшигт баавгайтай” гэтэл хүү тэр чигтээ явчихыг харсан айлынхан гайхаад л хоцорчээ.
... Шөнө унтсан хойно нэг юм гэрийн нь хаалгыг түчигнүүлэхэд сэрвэл нэг их хүчтэй амьтан модон оньсыг хуга түлхэн орж ирэхэд баавгай гэлцэн сандрав. Гэтэл Хүдэр хүүгийн хоёр гарын шуу их л урагдан цус нь асгарсан хэвтэнэ гэнэ.
Нутгийнхан Хүдэрийн мөрөөр явж үзвэл мөнөөх аймшгийн араатан баавгай (махай) үхсэн хэвтжээ. Хүдэр ярьсан нь:
- Тэр амьтныг над руу дайрч ирэхээр нь би хоёр гараараа чихнээс нь барьж аваад доош дарж толгойгоор нь газар мөргүүлсэн гэв.
Домог яриа үлджээ. Хүдэр баавгай хоёр ээлжлэн дээш доош бололцсоор шөнийг барж баавгайн хоншоороор ухсан гүн нүхэнд хоёр гарынхаа шууг урж Даншигт барилдах боломжгүй болж буцжээ.
Ульхан уулын (харуулын)Жамъян аварга
Монгол бөхийн аваргуудын даншиг, арван засаг, ардын засгийн наадмуудын түүх шашдираас хичээнгүйлэн боловсруулж "Монгол бөхийн аваргууд” номыг бүтээсэн, бөх судлаач Цогтбаатар Монгол Улсын үндэсний бөхийн аваргад 46 бөхийг тогтоон тодруулснаас Сэцэн ханы (15 аварга байгаагаас одоогийн Хэнтий аймгийн 8, Дорнод аймгийн 4, Сүхбаатар аймгийн 2, Дорноговь аймгийн 1) аваргууд нэгэн үеийг манлайлж, дараагийн үеийг Их Монгол Шаравжамц, Лу гүний Вандан аварга, Жамъян (Буур) аваргууд гарсан байх юм.
Түүх судлаач, эрдэмтэн Н.Өлзийсүрэн Сэцэн хан аймгийн нэрээр гарч ирсэн аваргуудын дотор Мин засгийн бөх (Ачит бэйс Минжүүрдорж /1806-1864/-ийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сум) Жамъян 1816 бөхөөс 11 давж түрүүлсэн тэрбээр даншиг болон арван засагт 5 удаа түрүүлсэн аварга гэж үзжээ.
Гэтэл түүх судлаач Цогтбаатар номондоо: - "Сэцэн хан аймгийн Мин засгийн хошуу буюу Ульхан харуулаар нутагтай Жамъян аварга цолтой хэмээн ном хэвлэлд бичиж ирсэн боловч албан ёсоор батлагдахгүй байна. Энэ бөх 1816 оны даншигт түрүүлж, 1817 оны даншигт түрүүлэн, 1821 оны даншигт 7 давсан бол уугуул тайлгын наадамд 1820, 1821, 1822, 1826 онуудад 8 давж түрүүлэн, 1829 онд 7 даван үзүүрлэж, 1825. 1826 онд 5 даван шөвгөрсөн өндөр амжилт үзүүлжээ. Гэвч үүнээс хойш 1827 оны даншигт 3, 1828 оны тусгай даншигт 4, 1829 оны тусгай даншигт 2 давахдаа Арслан цолтой бичигдээд үүнээс хойш нэр нь үзэгдсэнгүй, тэгэхээр аварга гэдэг нь эргэлзээтэй юм” гэж тайлбарлажээ.
Нэгэн удаа мөнөөх Хуягаа андаасаа сонсохдоо Дархан аварга Ж.Мөнхбат гуай анх улсын наадамд түрүүлэн "Арслан” цолтой болж түүний дараачаар түрүүлэхэд нь "Аварга” цол өгөөгүйн шалтгааныг нь Мөөеө аваргын бардам амнаас нь болж "БНМАУ-ын хоёр удаагийн арслан” гэж цоллож байжээ гэдэг шиг юм тайлбарлагдаж дээ. Ульхан харуулын бөх Жамъян аварга 1816, 1817 онуудад түрүүлсэн гэж тэмдэглэгдсэн байх юм. Хэдийгээр тухайн үеийн оноо дансанд "Арслан” цолтой тэмдэглэгдсэн байдаг ч улсын чанартай наадамд 11 даван түрүүлнэ гэдэг бол яалт ч үгүй "Аварга” цолны болзлыг өнөө цагийн дүрмээр ч гэсэн хангачихсан л байгаа хэрэг. Тэгэхлээр аварга биш гэсэн тайлбар зохимжгүй санагдана.
Гэтэл А.Дамдинсүрэн "Дорнод аймгийн хураангуй түүх” (2001, x-165) номондоо:
Жамъян аварга: Монгол бөхийн түүхнээ мөнхөрсөн хүчитний нэг бол Сэцэн хан аймгийн Мин засгийн (Ачит бэйс Минжүүрдорж) харъяат Ульхан уулын орчмоор, одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаар нутаглаж байжээ.
Арван найман настайдаа 1813 онд даншиг наадамд 10 давж үзүүрлэсэн, 1821 оны даншигт 9 давсан, 1824 онд 7, 1825, 1827 оны даншигт тус тус 5 давсан, арван засгийн наадамд 1817 онд 2 давсан, 1820, 1821, 1822 онуудад түрүүлсэн, 1828 онд 6 давсан, 1829 онд түрүүлсэн.
Жамъян аварга нь бүрэн бус мэдээгээр Даншгийн их наадамд 7 удаа, арван засгийн наадамд 7 удаа, бүгд 14 удаа 5-аас дээш давжээ гэж түүхэн сурвалжид бичсэн гэжээ.
Дээрх түүхчид, эрдэмтэд бөх судлаачдад талархахын ялдамд Цогтбаатар билэг оюунаа чилээж хэдэн зууны тэртээх сурвалжаас олон аваргуудыг судалж, боловсруулж, заримыг нь "эргэлзээтэй” орхисон байна.
"Халхын Сэцэн хан аймаг”-ийн түүхэн сурвалж бүтээлийг туурвисан түүхч эрдэмтэн Өлзийсүрэн, Дорнод аймгийн судлаачдын бичиж гаргасан түүхэн баримт нь архивын товч цэгцтэй дагнасан бодит "эргэлзээгүй” гаргасан, аваргын нутгийн сан хөмрөгийг түшиглэн гаргасан бол уу гэж үзэх үндэстэй санагдана хэмээн сэтгүүлч, түүх судлаач Д.Лахмсүрэн гуай "Дорнод Монголын Булган сум – 90 жил” номондоо дурьдсан байна. (Хуудас 178 – 243)
Тэгвэл Хэл бичгийн ухааны доктор, түүх хэл шинжлэл судлаач Той.Галсан багшийн "Дорнод аймгийн Баян-Уул сум – 80 жил” номонд Ульхан харуулын Жамъян аваргын тухай домогт өгүүлснээр:
Жамъян аварга 18 орчим настайдаа ууланд мод бэлтгэхээр яваад буцаж байтал бүдүүн гуалингуудыг ачиж шар хөллөсөн тэрэг нь уруудаж яваад тэнхлэг дугуйгаараа ургаа модонд тээглэн наашаа ч үгүй цаашаа ч үгүй болжээ. Гэтэл Жамъян аварга ургаа модыг үндсээр нь булга татан тэргээ гаргажээ. Нутгийн өвгөчүүл ургаа модыг булгалсанд нь зэмлэн байгаль эхээ хайрлан хамгаалж байх тухай сургахад ихэд гэмшингүй зогсч байсан талаар тэмдэглэгдсэн байдаг. Нутгийн бөхчүүдийн дунд ам дамжин яригдсан домогт гардагчлан Жамъян аварга их тэнхээтэй хүн байсан гэдэг.
Жамъян аваргын удмынхан уугуул нутагтаа өдгөө болтол амьдран суудаг бөгөөд зээ нарынх нь удам дотроос сумын заан Ю.Зангад хэмээх шаггүй барилдаанч бөх 1980 – аад оны үед аймгийн хэмжээний бүхий л заалны барилдаануудад нилээдгүй амжилт үзүүлж байсан бөгөөд саяхан болсон төрөлх нутгийнхаа 90 жилийн ойд наадамч олондоо хүндэтгэл үзүүлэн зодоглосон нь нийт нутгийн иргэдийн талархлыг хүлээж байлаа. Одоо тэрээр Хэнтий аймагт ажиллаж амьдарч байна.
http://nutagaiuner.blog.gogo.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих