Буур Жамъян аварга гэвэл мэдэхгүй хүн байхгүй байх. Тэгвэл Монгол бөхийн түүхэнд "Буур" хэмээх нэрээрээ алдаршсан Нацагийн Жамъян аваргаас гадна бас нэгэн Жамьян нэртэй Даншгийн аварга бөх байсан. Жамъян аварга нь Сэцэн хан аймгийн Минж засгийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт, сумын төвөөс хойш орших Ульхан уулын орчмоор нутагладаг байжээ. Жамъян аваргын нутаг бол уул ус, жимс ногоо жигдэрсэн үзэсгэлэнт сайхан Онон голын эрэг орчмын нутаг юм.
Жамъян аваргын хүч чадлын тухай нэгэн домог мэт яриа байдаг нь:"Нэгэн удаа нутгийн мужаан өвгөн Лувсан модон тэрэг хийх мод авахаар ууланд явж байгаад уулын уруу хоёр том модны завсар тэрэгтэй мод нь хавчуулагдаад хаашаа ч үгүй болсон байхад жаал хүү Жамъян тааралдаж, хоёр модыг ганхуулан байгаад үндсээр нь булга татан унагаажээ. Гэтэл өвгөн мужаан сандарч, залуу сайхан модыг үндсээр нь хугаллаа гээд загнаж байсан гэдэг”.
Жамъян аварга анх 18 настайдаа анх нутгийн бөхчүүдийг дагаж Халхын бөхчүүдийн дээд чансаа болсон Даншиг наадамд хүрэлцэн ирсэн байна. Уг Даншиг наадамд Засагт ханы Мадагаа заантай 5-ын даваанд таарч, өрөхөд юу юугүй Мадагаа заан зүүн хөлийн өвдөгний тойг уруу нь хүчтэй цохижээ. Энэ үед нутгийн бөх Гомбо нөхдийн хамт хүрэлцэн ирж, тойг нь бяцарсан байсан тул хазаар авч зуузайг нь салган авч хадгаар ороогоод тойгонд нь углан ар тийш нь тахимаар нь сайн ороож өгөөд үргэлжлүүлэн барилдуулжээ. Ийнхүү Мадагаа зааныг цэрвүү барьцнаас халж байгаад суйлахад баруун гарынхаа гурван хурууг мулт татуулсан гэдэг. Уг Даншиг наадамд Түшээт хан аймгийн Чүлтэм арсланд 11-ийн даваанд унаж үзүүрлэсэн байна.
Гурван жилийн дараа 1816 оны Даншиг наадамд Чүлтэм аваргаар 11 давж Даншиг наадамд түрүүлж байжээ. Бүрэн бус мэдээгээр Даншиг наадамд 1 удаа түрүүлж, 1913, 1817 оны Даншиг наадмуудад Чүлтэм аварга, Намжилжав аварга нарт унаж үзүүрлэж байсан байна. Мөн Арван засгийн наадамд 1820 онд 160 бөхөөс 8, 1821 онд 175 бөхөөс 8, 1822 онд 176 бөхөөс 8 давж, 1826 онд 136 бөхөөс 8 давж, 1829 онд 144 бөхөөс 8 давж тус тус түрүүлж байжээ. Эндээс үзвэл, Даншиг наадам, Арван засгийн наадамд түрүүлсэн Монгол бөхийн "Аварга" цолтой бөх мөнөөсөө мөн болох ажээ.
Одоогоос 15 жилийн өмнө Баян-Уул сумын ЕБС-ийн багш Э.Батбаярын санаачлагаарДаншиг наадам, Арван засгийн наадмын алдарт аварга Жамъянгийн нэрэмжит өсвөрүеийнүндэсний бөхийнбарилдаан жил бүр уламжлал болонзохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Тус барилдаан анхны жилээсээ эхлэн Дорнод аймгийн хойд бүсийн сумдын өсвөр үеийн бөхчүүдийн дунд зохион байгуулагддаг байсан бол жил ирэх тусам чансаа өндөрсч, шилжин явах цом бүхий аймагбүс нутгийн хэмжээний барилдаан болонөргөжиж Дорноговь, Говьсүмбэр,Хэнтий аймгийн зүүн хойд сумд, аймгийн ихэнх сумдын сургуулиудын өсвөрийн бөхчүүд хүч сорих болсон байна.
Тэгвэл энэ жилийн хувьд Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль байгуулагдсны 90 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Ульхан харуулын бөх, Даншгийн аварга Жамъянгийн нэрэмжит "Жамъян – 2015” өсвөр үеийн үндэсний бөхийн 15 жилийн ойн барилдааныг Дорнод аймгийн Биеийн тамир, Спортын газар, Чойбалсан хот дахь Баян-Уул сумын Нутгийн зөвлөл, тус сумын "Тулгат” бөхийн дэвжээ хамтран энэ сарын 2, 3-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын ордонд зохион байгуулж байна.
Нийтэлсэн Г.Төмөрчулуун
Сэтгэгдэл бичих