Сингапурын олимпийн аварга Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-"Баавгай” Батцэцэг маань хаагуур юу хийгээд явна вэ?
-Багшлаад л гүйгээд байна даа. Барилдахаа байсаан, хөлөндөө бэртэл аваад.
-Чөлөөт бөхөд Соронзонболдын Батцэцэг, Баатарзоригийн Батцэцэг, Алтанцэцэгийн Батцэцэг гэсэн амьдаанууд бий. Гэтэл Б.Батцэцэг буюу "Баавгай” яагаад барилдахаа больчихов оо гэж хүмүүс гайхаж байна. Чухам ямар бэртэл авсан болоод спортоосоо хөндийрчихөөд байна вэ?
-2012 онд "Моngolia ореn”-д орохоос хоёр хоногийн өмнө хөлөндөө хүнд бэртэл авсан. Тэрнээс хойш барилдаагүй жил гаруй болж байгаад хэсэгхэн зуур барилдаад тэгээд дахиж барилдсангүй. Хүнд бэртэл болохоор эмчлүүлэх гэхээр мөнгөний асуудал дээр хүндрэл үүсээд байна. Эмчлэхэд төдөн сая, тэдэн сая төгрөг хэрэгтэй гэх юм.
-Хүнд гэхээр ямар бэртэл юм бэ?
-Өвдөгний чагтан холбоос тасарсан. Монголд хагалгаа хийлгээд эмчлүүлсэн ч гам сайн барилгүй бэлтгэлдээ яаран орсноос дахин сэдрээчихсэн юм. Чагтан холбоос гэдэг чинь их хэрэгтэй юм байна лээ, тамирчин хүнд. Тэрийгээ мэдэхгүй хүнд бэлтгэл хийгээд дахин гэмтээснээс болоод спортдоо хөл тавьж чадахгүй байна.
-Гадаадад сайн хагалгаа хийлгээд амжилттай болбол буцаад спортдоо хөл тавих боломж байна уу?
-Байна аа. Энэ зунаас яаж ийгээд мөнгө төгрөг олоод хөлөндөө мэс засал хийлгээд дахиж барилдъя гэж бодоод байгаа шүү.
-Та хэдэн онд төрсөн билээ?
-1993 оных.
-Сингапурт болсон олимп бол хүн төрөлхтөн анх удаа залуу тамирчдаа олимпийн наадамд өрсөлдүүлсэн түүхэн үйл явдал байсан. Манайх ч амжилттай оролцож гимнастикаар Г.Эрдэнэболд, чөлөөт бөхөөр та аварга болсон. Бас жүдогоор О.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн шүү дээ?
-Хамгийн эхэлж наймдугаар сарын 16-нд би алтан медаль авсан юм. Маргааш нь Г.Эрдэнэболд маань алт аваад дараа нь О.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн. О.Дөлгөөн маань одоо хойно сурч байгаа. Г.Эрдэнэболд мөрөндөө гэмтэл авсан гэсэн. Мөрнийх нь чагтан холбоо тасраад Солонгост эмчлүүлчихээд ирсэн юм билээ. Одоо бол тэмцээн уралдаанд орохгүй, зүгээр л бэлтгэлээ хийж байгаа. Тэмцээн уралдаанд орж байгаа гэж дуулдахгүй л юм.
-Залуучуудын анхдугаар олимпийн аваргууд маань барцадтай л яваа юм байна даа?
-Харин тийм ээ. Манай Д.Мөнхбаяр багш ингэж хэлдэг юм. Чи тэр үед тэнгэрт хөөрч мандан бадарч сайхан явж байсан. Харин газарт буугаад ирэхээр хүн тоохоо байчихдаг юм. Тэр үед олимпийн аварга болоод ирэхэд чинь сайн санах нь ч, муу санах нь ч их байсан шүү гэж хэлдэг юм. Тэрхэн зууртаа мандан бадарч байгаад бэртэл авсны дараа хүн тоохоо больчихдог гэдэг нь үнэн юм байна. Бэртэл авсны дараа "Энэ одоо барилдаж чадах уу. Энд юу хийж яваа юм” гэж хэлж байсан чөлөөт бөхийн нэг багш байдаг юм. Би шигшээд байсан. Шигшээ багийнхаа нэрийг энд тэнд гаргаад л явж байсан тамирчин. Багш болон Монголынхоо ард түмний итгэл найдвараар анхдугаар олимпоос алтан медаль хүртээд л ирсэн. Гэтэл тэр багшийг тэгж хэлэхэд их сонин санагдаж билээ. Одоо хүртэл хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм. Хүнийг бэртэл гэмтэл авчихаад хүнд хэцүү байхад тавлаж хэлэх муухай л даа.
-Өөрийнхөө гаргаж ирсэн тамирчныг алдарт хүргэхийн тулд бусад тамирчныг дардаг үзэгдэл спортын топ төрлүүдэд харагддаг?
-……
-Г.Эрдэнэболд, О.Дөлгөөн та гурвыг угтах үйл ажиллагаа "Чингэс хаан” олон улсын нисэх буудалд болсон. Ямар олон хүн цугласан байсан гэж санана. Спортын төв ордны гадна хэдэн зуун хүн та бүхнийг хүлээж байсан?
-Гайхалтай. Тийм олон хүн биднийг хүлээж авна гэж үнэхээр бодоогүй. Тэр үеийн хамгийн сайхан мөч нь аварга болох, хүссэндээ хүрэх. Тэр мөч л хамгийн сайхан байсан даа. Одоо эргээд харахад 2010-2011 онд их сайхан байжээ. Бэртсэнээсээ хойш жаахан тиймэрхүү байна. Хүний нүдэнд үзүүрлэгдэх гэх үү дээ, нэг тиймэрхүү л явж байна. Их муухай (Нүдэнд нь нулимс цийлэгнэв).
-Шигшээгийнхэнтэй холбоотой байдаг уу?
-Холбоо барьдаггүй юм. Багштайгаа л их ойрхон байдаг.
-Хэн багш?
-Даваацэрэнгийн Мөнхбаяр багштайгаа.
-Налайхын багш дасгалжуулагч байх аа?
-Тийм. Намайг багаас минь л авч багшилж, бүхнээ зааж сургасан багш минь.
-Гэхдзэ таны хувьд бүх юм дуусчихаагүй. Дахиж нэг сайн эмчилгээ хийлгэчихвэл буцаад дэвжээндээ гарна. Эмчилгээний мөнгө төгрөг хэр хөөцөлдөж байна вэ?
-Багш маань хөөцөлдөөд байгаа л даа. Би өөрөө ажил төрөл хийж байгаа болохоор бага сагаар мөнгө цуглуулж байна. Тамирчин хүн байнгын бэлтгэлтэй байж байгаад түүнийгээ хаячихаар их таргалдаг. Би 59 кг-ын жинд барилддаг байсан. Гэтэл одоо жин маань 80 кг гараад л явчихлаа.
-Багшилж байгаа гэлээ. Аль сургуульд багшилж байна вэ?
-Би Монгол Улсын боловсролын их сургуулийн Урлаг, биеийн тамирын сургуулийг 2014 онд төгссөн. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын нэгнээс Налайх дүүргийн 109 дүгээр бага сургуульд Д.Цэрэндолгор эрхлэгчийн удирдлага дор биеийн тамирын багшаар ажиллаж байна.
-Шигшээгийн тамирчин байж байгаад биеийн тамирын багш болохын хооронд ялгаа их байгаа байлгүй?
-Ялгаа байна аа. Д.Мөнхбаяр багш маань их хашгирч "Ингэ, тэг” гэж нервтдэг байж билээ. Би багшаа хараад "Юунд ингэж хашгирдаг байна даа” хэмээн боддог байсан. Гэтэл өөрөө биеийн тамирын багш болсон чинь багшийнхаа зовлонг биеэрээ мэдэрч эхэлсэн. Жаахан хүүхдүүд чинь дэггүй, хамаагүй ноцолдоно, "Багш аа, би шээмээр байна", "Багш аа, ус ууя” багш аа, багш аа гээд л (инээв). Тэр бүгдийг зохицуулах гээд хэцүү л дээ. Биеийн тамирын багш болсны эхний долоо хоног ямар хүнд байв аа. Чих шуугиад, дүнгэнээд хоолой сөөгөөд. Одоо бүр дасал болчихсон. Шуугьж байсан ч тоохоо байсан.
-Өвдөгний тань хагалгаа амжилттай болбол бүтэн жил гам бариад 2017 оноос бэлтгэл хийж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр таны хувьд 2020 оны олимпод хүч үзэж болох юм гэсэн бодол төрж байна?
-Миний бодсон зорилго наадах чинь байна даа. 2020 оны олимпод барилдахад нас минь 28 л байна. Гамаа сайн бариад жингээ тогтоочихвол бэлтгэлээ хийгээд гараад ирнэ л дээ. Бэлтгэлээ хийхээ больсноос жин нэмж байгаагаас гадна удмаа дагаад таргалаад байна даа (инээв).
-Ийм гэмтлээс босч ирсэн тамирчид байна уу?
-Байна аа, байна. Н.Түвшинбаяр аварга байна. Манай чөлөөт бөхөөс Э.Бэхбаяр маань байна. Бэхээ маань гэмтээд Тайваньд очиж хагалгаа хийлгүүлээд жил гаруй гам бариад одоо амжилттай барилдаж байна.
-Тайваньд очиж хагалгаа хийлгэе гэвэл хэд орчим төгрөг орох вэ?
-Арав орчим сая төгрөг болох юм билээ. Хүмүүс намайг олимпийн аварга болохоор баян цатгалан амьдардаг байлгүй гэж боддог юм билээ. Гэтэл бодит амьдрал, нийгэм ямар байгаа билээ. Үнэнээ хэлэхэд манай аав, ээж хоёр таван ханатай гэрт, би найз залуутайгаа дөрвөн ханатай гэрт тусдаа амьдарч байна.
-Таныг Сингапурын олимпоос ирсний дараа олон компани хүлээн авч байр сууц, машин өгнө гэж амлаж байсан биз дээ?
-Байр, машин өгнө гэж амласан хүмүүс маань өгөөгүй. Яахав тэр хүмүүсийн өгнө гэж ам гарсан зүйлсийг авсан бол амьдралд маань жаахан ч гэсэн нэмэр болох байсан байх л даа. Гэхдээ яах вэ одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хүнээс дор амьдраагүй. Би ажил хийж байна. Хоолгүй хонож байгаа биш, алхаад явж болж л байна. Хүн чинь багаас нь эхлүүлж томордгоос хойш хоосон амлалт хүлээгээд яах юм.
-Өөрийг тань "Баавгай” гэж хочилдог. Хоч ч биш бүр нэр тань юм шиг л болсон?
-Олимпод явахын өмнө юм. 2009 онд Сөгнөгөрийн голд бэлтгэлд гарчихсан байлаа. Нэг өдөр гэдэс маань хүчтэй базлахаар нь бие засах газар орох гээд гүйж байтал манай чөлөөтийн тамирчин Цэгмид эгч маань миний араас "Хөөе баавгай” гэж дуудлаа. Тэгэхээр нь би эргээд харчихгүй юу. Тэгсэн чинь Цэгмид эгч "Энэ нэрээ мэддэг юм байна. Одоо чамайг Баавгай гэж дуудна аа” гэж билээ. Тэрнээс хойш л хүн бүр намайг Баавгай гэж дууддаг болсон.
Нэг удаа Д.Мөнхбаяр багш маань шигшээ дээр ирэхээр нь "Багш аа, хүн болгон намайг Баавгай гээд байна. Би энэ нэрийг авмааргүй байна” гэж гомдоллосон чинь "Юу яриад байна аа. Наад нэрээ тосоод ав. Наадах чинь маш том нэр. Бэлгэ дэмбэрэлтэй” гэж захисан. Тэрнээс хойш тэр нэрийг хүлээж аваад одоо тэр нэрэндээ бүр дасчихсан. Батцэцэг гэхээс илүүтэй Баавгай гэхээр л өөрийгөө дуудаж байгааг мэддэг юм.
-Ээж тань "Налайх хоёр баавгайтай. Нэг нь манай охин” гэж ярьж байсан юм. Нөгөө баавгай нь гарьд П.Сүхбат шүү дээ?
-Тийм ээ. Харамсалтай нь гарьд маань хорвоогоос одчихлоо. Бие нь тааруу байсан гэж хүмүүс ярилцаж байна лээ. Намайг их олон хүн дэмждэг юм. Фэйсбүүкт орохоор "Би чамайг дэмждэг шүү” гэж урмын үгс хайрладаг. Монголын ард түмэндээ хэлэхэд, сайхан сэтгэлийн тусаар бүх юм сайхан болох байх аа. Олимпийн аварга болоход зөвхөн багш бид хоёрын хүчин зүтгэл байгаагүй юм шүү. Монголчуудын минь итгэл найдвар түшсэн. Миний хувьд түр зуурын саатал, завсарлагаа болчихоод байна.
Би хагалгааныхаа мөнгийг уйлаад гуйлга гуйж байгаад ч болтугай олоод буцаад барилдахыг үнэхээр хүсч байна. Та бүхэн намайг дэмжээрэй.
-Хүртсэн медалиудыг тань сонирхвол?
-Өсвөр болон залуучуудын УАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн. Залуучуудын Азийн аваргаас мөнгө, 2011 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл, залуучуудын анхдугаар олимпоос алтан медаль хүртсэн. Олимпод аваргалсан амжилтыг минь үнэлээд Алтан гадас одон, Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан. Олимпийн хорооноос Алтан очир одон гардуулж байсан. Найман жилийн хөдөлмөрийг минь үнэлж тэр үед төр засаг, ард түмэн маань ингэж шагнасанд их баярласан. Одоо ч баярладаг.
-Чөлөөт бөхийн ДАШТ болон "Моngolia ореп” тэмцээнийг зурагтаар үзэхээр сэтгэл хөдлөөд барилдахсан гэсэн хүсэл ундардаг байлгүй?
-Өө нээрээ, "Моngolia ореn”-оос мөнгөн медаль авсан юм байна. 2013 онд. 67 кг-ын жинд О.Насанбурмаа эгчтэйгээ аваргын төлөө барилдаад хожигдоод мөнгөн медаль авсан. Зурагтаар л тэмцээн үзэх юм байна шүү дээ. Багш болчихсон чинь завгүй болсон. Хагас, бүтэн сайнгүй ажиллаад л. Энд нэг юмыг хүмүүст хэлээд дэмжээд өгөөрэй гэе. Манай Налайх дүүрэгт сургуулийн асуудал зарим талаараа хүнд. Бид сургуулиа өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Өргөжүүлчихвэл олон хүүхдийг сургуульд оруулаад, сурган хүмүүжүүлээд спортоор хичээллүүлэх боломжтой болох юм. Сургуулийг минь 12 жилийн боловсролтой болгочихвол их сайн байна. Хүүхдүүд сургуульдаа явахын тулд 30-40 минут алхаж явдаг бол манай сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор 15 минут алхаад л хичээлдээ суух боломж бүрдэж байгаа юм.
Д.ГАНСАРУУЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих