"...УИХ-ын гишүүн болох шахсан Төмөрхүү сайд боллоо”... Хэдэн сарын өмнө Шийдлийн Засгийн газар байгуулагдах үед ийм яриа гарсан. Одоогийн Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүгийн тухай л даа.
Н.Төмөрхүү "Өндөрбуянт холдинг” гэдэг барилгын компанийн захирал. Тусгаар тогтнолын ордон, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын барилгын ажлыг гүйцэтгэж компаниа хөл дээр нь босгож, өөрөө ч хөрөнгө бэлтэй нэгэн болсон гэдэг. Бас олны танил ч болсон. Тэрээр МАН-ын гишүүн, тэр дундаа НАМЗХ угшилтай. Тэр утгаараа Шийдлийн Засгийн газарт намаа тэргүүлэн багтсан У.Хүрэлсүхийг дагаж очсон нь хүн гайхахаар хөдөлгөөн биш.
Тэр байтугай 14 тэрбумын Ц.Чимэдцэрэнтэй Солонгост казинодож явсан эрхмүүдийн нэг гэдэг.
Г.Батхүү: АХ АА НЭРЭЭ ТАТЧИХЛАА, ГОМДОЛГҮЙ ГЭСЭН ӨРГӨДӨЛ ГАРГАЖ ӨГӨӨЧ ГЭЭД ОРЖ ИРСЭН
2012 оны УИХ-ын сонгууль Н.Төмөрхүүг "Өндөрбуянт”-аас нь илүү алдаршуулсан байдаг. Өвөрхангайд МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр илүү санал авсан ч АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нар их хуралд ороод суучихсан. Жил дамнасан зарга шүүхээр явсны эцэст ийн шийдэгдэж байв. Сүүлд ярих нээ, Н.Төмөрхүү л юм тарааж, тэр нь баригдаад С.Чинзоригоо чирээд "унагачихсан” гэх юм билээ. Яг л кинон дээр "Уг нь Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ ш дээ...” гэдэг шиг. Гол нь тэр заргын үед Н.Төмөрхүү гэнэт нэр дэвшигчээс татгалзсан учир АН-ынхан эрхэм гишүүний тангараг өргөсөн аж. Энэ талаар www.news.mn сайт дээр 2012 оны арванхоёрдугаар сарын 17-нд "...УИХ-ын сонгуулийн X тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү нэр дэвшигчээс татгалзсан талаар мэдээлэл гараад байгаа билээ. Албаныхан үгүйсгэж байгаа ч намын удирдлагууддаа өөрийн хүсэлтээр нэр дэвшигчээсээ татгалзсан гэж эх сурвалж хэлж байна. Энэ талаар нэр дэвшигч Н.Төмөрхүүгээс тодруулахад "Би одоогоор энэ талаар яримааргүй байна. Юу ч хэлэхгүй” гэлээ. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Г.Занданшатараас тодруулахад "Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга байна” гэсэн тайлбар өгсөн юм. ...Ямартай ч С.Чинзориг тангараг өргөнө гэсэн нь үнэний ортой болж байна. Н.Төмөрхүү нэр дэвшигчээс татгалзаж байгаа эсэхийг албаныхан үгүйсгэж байгаа юм. Гэвч Н.Төмөрхүүг түдгэлзүүлэх "тохиролцоонд” хүрч, С.Чинзориг тангараг өргөх гэж байгаа гэх "бор шувуу” Төрийн ордонд нисч байна” гэж бичсэн.
Үүнээс хэдэн сарын дараа УИХ-ын гишүүн Г.Батхүү "Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгөхдөө "...Би Н.Төмөрхүү гэдэг залуутай амьдралдаа ганцхан удаа уулзсан. Таних ч үгүй. Харин ганц уулзсан шалтгаан нь "Ах аа, би нэрээ татчихлаа, та гомдолгүй гэдэг өргөдөл гаргаж өгөөч ээ” л гэж над дээр ирсэн. Гэтэл гомдолгүй гэдэг өргөдлийг би гаргахгүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр хүний хийж байсан бизнес, сургууль төгсөөгүй хуурамч диплом бүрдүүлж сонгуулийн хууль зөрчсөний төлөө би гомдолгүй гэж өргөдөл гаргаж өгөх субъект биш. Тийм учраас гаргаж өгөөгүй. Түүнээс биш Н.Төмөрхүүг түр үнэмлэхээсээ татгалзаад өргөдөл өгчихвөл би тэгнэ гэсэн асуудал хэнтэй ч яриагүй” хэмээн ярьсан байдаг.
"ЭГЧ НЬ Н.СЭЛЭНГЭ, ДҮҮ НЬ Н.ТӨМӨРХҮҮ...”
Сонгуулийн дараа түүний тухай нэгэн таагүй мэдээ чих дэлссэн. Эгч Н.Сэлэнгэтэйгээ нийлж хүний орон сууцыг луйвардаж авлаа гэх мэдээлэл www.mass.mn сайт дээр нийтлэгдсэн юм. "... Иргэн Алтанцэцэг 2004 оны дөрөвдүгээр сарын 2-нд хувиараа бизнес эрхлэх зориулалтаар хоёр өрөө байраа "Зоос” /хуучнаар/ банкны 106 дугаар салбарт барьцаанд тавьж 1.5 сая төгрөгийг зургаан сарын хугацаатай зээлсэн байна. Тухайн үед иргэн Алтанцэцэгийн байрыг сайн чанарын байр гэж шинжлээд зургаан сая төгрөгөөр банк үнэлсэн байгаа юм. Алтанцэцэг нь зээлийнхээ хүүг төлөхөөр "Зоос” банкинд очиход таны өмнөөс хүн төлчихөж гэсэн хариултыг теллер хэлсэн байна. Гайхаж хоцорсон Алтанцэцэг өөрийнх нь өмнөөс зээлийн хүүг төлсөн хүнийг мөрдөөд үзэхэд "Зоос” банкны 106 дугаар салбарын захирал Н.Сэлэнгэ гэгч хүүг нь төлж байжээ. Ингээд хүүг төлж байгаа шалтгааныг Сэлэнгээс тодруулахад "Олон юм ярилгүй, дээр доогуур яваад байлгүй, банкинд төлөх хүүгээ бэлнээр нь надад өгч бай” хэмээн шаардсан байх юм. Ингэж явсаар сүүлдээ "Зоос” банкны 106 дугаар салбарын захирал Н.Сэлэнгэ нь иргэн Алтанцэцэгийн байрыг өөрийн эзэмшил болгож чадсан хууль бус үйлдэл хийжээ. Энэ хэрэг нь Дээд шүүхээс хоёр ч удаа анхан шатны шүүхэд буцаагдсан ч одоогоор гурав дахь удаагаа давж заалдах шатны шүүх дээр ирээд байна. Энэ хэргийн талаар иргэн Алтанцэцэгийн охин Пүрэвжав хэлэхдээ ...-Намхайн Төмөрхүү нь Намхайн Сэлэнгийн төрсөн дүү. Н.Төмөрхүү нь өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшээд гарч чадаагүй. Тэр хүн өөрийн компанийн охин компани болох "Евролайн” компаниар дамжуулж эгчдээ хүний байр булааж өгсөн. "Евролайн” нь ээжийн байрыг авчихаад ажилтан гэх Эрдэнэбаярыг ээжийн байрны үндсэн метр квадратад суулгачихсан. Харин манай ээж өөрөө эзэн нь юм байж байрны буланд буюу хонгилд амьдарч байгаа” гэж ярьжээ.
"ӨНДӨРБУЯНТ”-ЫН ӨДҮҮЛСЭН "ХЭРЭГ”-ҮҮД
Мөн "Өндөрбуянт холдинг” ХХК-тай нь холбоотой саар мэдээлэл байнга шахам гарна. "...Өвөрхангай аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин иргэд сонгогчдод "Чокопай” тарааж паянгаа тарьсан Н.Төмөрхүүгийн "Өндөрбуянт холдинг” компани Нийслэлийн хэд хэдэн газрыг үнэгүйдүүлэн луйвраар авсан гэдэг. Гэтэл "А” зэрэглэлийн бүс гэж нэрлэгддэг Зурагт орчим буюу Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо, Баруун Тасганы овоо, Зүүн тасганы овоо, усан сан орчмын иргэдийн газруудыг тус компани өөрийн мэдэлдээ маш хямд зардлаар оруулахаар улайран дайрч байгаа аж.
Угаасаа энэ орчмын айлуудын дийлэнх нь өндөрлөг газарт оршдогийн дээр ихэнх айлуудын газар нь 0,07 га-д хүрдэггүй, маш бага талбайтай гэнэ. Анхнаасаа хотын захиргаанаас энэ хавийн газар дээр бүтээн байгуулалт хийнэ гэж зөвшөөрөл авахдаа "Өндөрбуянт холдинг” компани иргэдийн газрыг доод тал нь 70 сая төгрөгөөр үнэлж авна гэж тохирсон аж. Гэтэл одоо болохоор нэг метр квадрат газрыг 100 ам.доллараар үнэлсэн бөгөөд иргэдийг гэрээгээ хурдан хийхийг шаардаж эхэлсэн байна. Тус хорооны зөвхөн Зүүн тасганд л гэхэд 140 гаруй хашаанд 300 орчим айл өрх амьдардаг. Эдгээр хашааны эздийн 50-иас дээш хувь буюу 75 айл нь дэмжиж гэрээ хийн гарын үсэг зурвал энэ үнээрээ батлагдах аж. Харин айлууд тус компанийн үнийн саналыг эрс эсэргүүцэж байгаа юм.
...Угаасаа Н.Төмөрхүү гэгч нь МАН-ын Бага хурлын гишүүн, өөрөө сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн хууль зөрчиж байсан хүн иргэдийг юман чинээ тоохгүй ийнхүү өөрт нь байгаа ганцхан хөрөнгө болсон газрыг нь үнэгүйдүүлэхээр улайрч байгаа байдалд холбогдох албаны хүмүүс нь анхаарлаа хандуулах биз ээ” гэж www.wikimon.mn сайтад бичсэн нь байна. Түүнчлэн яг нэг жилийн өмнө www.dorgio.mn сайтад "...Н.Төмөрхүүгийн "Өндөр буянт холдинг” компани чанаргүй барилга, хулхи байдлаараа хар дансанд орсон гэж хэлж болно. Хууль бус үйлдэл хийлээ гэж байнга дуулддаг энэ байгууллага "Оргил” рашаан сувиллыг үгүй хийх атгаг санааг агуулж байна.
Тодруулбал, "Оргил” рашаан сувиллын газраас 2007 оны тавдугаар сарын 25-ны өдөр 248 тоот тогтоолоо гаргаж, чийрэгжүүлэлтийн кабинет бариулахаар болжээ. Харин чийрэгжүүлэлтийн кабинет нь "Оргил стар” хэмээх орон сууцны хотхон болж хувирсан байна.
Хууль ийнхүү зөрчсөн нь "Өндөрбуянт” холдингийнхонд багадсан бололтой юм. Усны тухай, Эрүүл мэндийн тухай, Рашааны тухай хуулийг зөрчсөн. Үүнийг нь тогтоосон.
Тэгвэл энэхүү хууль бус үйлдлээс болж өнөөдөр гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашааны найрлага өөрчлөгдөх, үгүй болох аюул тулгараад байна. Тэгтэл Оргил рашаан сувилалд нийслэлчүүд эмчилгээ сувилгаа хийлгэдэг. Ингэж нийслэлчүүдийн эрүүл мэндээр тоглох хэтийдсэн эрх мэдэлтэй "Өндөрбуянт” холдингд хариуцлага тооцуулмаар байна.
Учир нь "Өндөр буянт” холдингийн хариуцлагагүй байдлаас олон хүний алтан амь эрсдсэн. Ойрын гурван жишээ:
• Тусгаар тогтнолын ордонг барих үед буюу 2011 оны гуравдугаар сард гагнуурчин залуу амь насаа алдсан юм. Өвлийн ид хүйтэнд барилга угсралтын ажил хийх хориотой ч хүйтэнд гагнуур хийснээс дэлбэрч нэг хүн амь эрсэдсэн ажээ.
• Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах "Happy town” хорооллын барилгын 16 давхраас аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүйн улмаас туслах ажилтан нь унаж амиа алдсан хэрэг өнгөрсөн оны 8-р сард гарсан.
• 2014 он гарсаар СБД-ийн I хорооны нутаг дэвсгэрт "Өндөрбуянт холдинг” ХХК-ний гүйцэтгэж буй барилга дээр гарсан осол. /Баригдаж буй барилгын 9-р давхарт ажилтан П.Пүрэвсүрэн парнаас хий авах явцад хий авагч буудсанаас нас барсан” гэж бичсэн байна.
"...ШШГЕГ-ын хорих 421-р ангинд ял эдэлж байсан А.Дашзэвэг нь энэ оны 6-р сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байсан "Өндөрбуянт холдинг” компанийн барилгаас зөвшөөрөл авалгүй явсан буюу оргосон гэмт хэргийг үйлдсэн. ... "Өндөрбуянт холдинг” компанийн барилгаас хоригдол оргосон нь бөөн шуугиан дэгдээж. Хорих ангиас нь гадна цагдаагийн эрлийн бүлэг хүртэл томилогдон ажиллаж эрж хайжээ. Энэ ажиллагаанд нийт 200 мянган төгрөгний зардал гарсныг ялтан ажлын хөлснөөсөө төлөхөөр болж. Хоригдол оргосон нь харуул хамгаалалт муугаас гадна "Өндөрбуянт холдинг”-ийн Н.Төмөрхүү ихээхэн дархан эрхтэй байсныг харуулж байна. Энэ хэрэгтээ ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Өдгөө энэ хүн төрийн сайд болох нь. Бизнесмэн хүн төрийн албанд орсон нь урьдын зангаа хаяхгүй биз ээ.
Хоригдол ажиллуулдаг эрх нь ахин сэргэх биз. Мөн энэ оны эхээр Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээр нь хөдөлмөр аюулгүйн журам ноцтой зөрчигдсөнөөс П.П нь паарны хий авах гэж байгаад амиа алдсан хэрэг гарч байжээ” гэсэн нийтлэл www.nuuts.mn сайтад нийтлэгдсэн.
Н.Төмөрхүү: АНКЕТАД АЛДАА ГАРСНЫГ АНЗААРСАНГҮЙ
Түүнийг сайдын албанд томилогдохоор чуулганы танхимд ороход гишүүд олон асуултаар булсан байдаг. Тэр үед www.mminfo.mn сайтад "...УИХ-ын чуулганаар Зам тээврийн яамны сайдад нэр дэвшсэн Н.Төмөрхүүгийн асуудлыг хэлэлцэж дууслаа. Нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. Тэрбээр "Та бодлогоор уу, эсвэл шагналаар сайдад орж ирэв үү. Эсвэл сонгуульд хулхидуулсан гомдлоо тайлах гэж орж ирсэн үү.
Хоёрдугаарт, хуучин Засгийн газрын үед төмөр замын бодлогыг хэлэлцсэн. Та төмөр замыг хэзээ барьж дуусна гэсэн төсөөлөлтэй байна вэ” хэмээсэн бол Б.Гарамгайбаатар гишүүн "С.Бямбацогт гишүүний уншсан анкет зөрөөд байна. Зам тээврийн яамны зөвлөх гэлээ. Хэдэн онд зөвлөх байсан бэ. Таны очих гэж байгаа салбар маш маргаантай салбар. УИХ-ын шийдвэр гарсан учраас төмөр замын бодлогыг хэрэгжүүлж чадах уу. Мөн "Талын зам”-ыг хэр сайн мэдэж байна вэ. Эцэст нь зам тээврийн салбарт иргэний нисэх гэсэн маш том салбар байна. Шинэ онгоц худалдаж авсан ч төлбөрийн асуудал маш маргаантай байна. Мөн замын асуудал байна. Үүний арчилгаа гэх мэт асуудал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ” гэдгийг тодруулсан юм.
Харин нэр дэвшигч Н.Төмөрхүү хариулт өгөхдөө "Анкетад алдаа гарсныг анзаарсангүй. Өмнөх Засгийн газарт Ц.Дашдорж гишүүний зөвлөхөөр зургаан сар ажилласан. Төмөр замын цариг тохирсон. Харин эх үүсвэр шийдэгдээгүй учир үүнийг шийдэж 2016 онд ашиглалтад оруулна гэсэн зорилт тавина.
Харин Талын замтай холбоотой асуудлаар танилцаагүй. Энэ талаар судлаад эргээд хариу өгч болно. Харин шинэ онгоцны асуудал ярихаар МИАТ-ийн асуудал сөхөгддөг. Энэ онгоцны түрээсийг төлөх хүндрэл үүссэн юм билээ. Энэ талаар анхаарч ажиллана. Харин автозамын ашиглалт тааруу байдаг гэдэгтэй санал нэг ч зам барьж байгаа норм дүрмийг эргэж харна” хэмээх хариултыг өглөө.
Харин гишүүдийн хувьд түүнийг дэмжиж байгаа ч замын чанарт анхаарал хандуулахаас гадна Монгол Улсын авто зам, агаарын тээвэр, төмөр зам гэсэн том салбарыг удирдах учраас анхаарч ажиллахыг захиж байлаа. Мөн танхимын зарчим баримтлан ажиллах нь чухал гэдгийг хэлж байсан юм. Нэр дэвшигчийг 55 гишүүн дэмжиж 98.2 хувийн саналаар дэмжлээ.
Түүний хувьд Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. "Тусгаар тогтнолын ордон”-г барьсан "Өндөрбуянт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж буй бөгөөд түүний компани нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт, зэрэг 10 гаруй чиглэлээр ажиллаж буй.
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Тэрбээр 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн. Үүнээс гадна түүнийг улстөрч гэхээс илүү барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэн гэдэг” хэмээн бичсэн нь бий.
Ийн Н.Төмөрхүүгийн түүх үргэлжилсээр... Харин өөрөө энэ бүхэнд ямар нэгэн тайлбар хийдэггүй. Дуугүй байхыг
хүлээн зөвшөөрсөнд тооц гэсэн үг байдаг билээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих