Өнөөдөр аймгийн Гэмт хэргээс урдчилан сэргийлэх аймгийн салбар зөвлөл, Хэрлэн сум, Аймгийн цагдаагийн газар хамтран "Архидан согтуурах, мал хулгайлах гэмт хэрэгтэй бүх нийтээр тэмцэж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье” сургалт зөвлөгөөнийг эхлүүллээ. Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Засаг дарга С.Ганбат, орлогч дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын захирагч Ж.Энхцэцэг, Аймгийн Цагдаагийн газрын дарга Т.Оюунбаатар болон сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцсон. Мөн прокурор, шүүх зэрэг холбогдох албаныхан оролцлоо. Манай аймгийн хувьд архидалт, малын хулгайн үзүүлэлтээр улсад дээгүүр яваа. Тийм ч учраас аймгийн удирдлагууд энэ жилийг архидалтгүй аймаг болгохоор зорьж байгаа билээ. Зөвлөгөөнөөр архидалтыг хэрэхэн үр дүнтэй багасгах, малын хулгайтай тэмцэхийн тулд малчид өөрсдөө хэрхэн урьдчилан сэргийлэх, мал мах тээвэрлэгчид, мах, арьс ширний наймаачидтай тулж ажиллах, гарал үүслийн бичгийг зүй зохистой ашиглаж, хянах гэхчлэн тулгамдаж буй олон асуудлуудыг ярилцаж байна
Мөн хавар намрын хуурайшилттай үед гал түймрийн аюулаас урьдчилсан сэргийлэх талаар ч энэ үеэр яригдсан. Ингэснээр нэгдсэн нэг ойлголтод хүрч байгаа юм. Өмнөх жилүүдэд хуулийн хэрэгжилт, эрх үүргийн талаар түлхүү ярьдаг байсан бол энэ удаад олон талын төлөөллийг хамруулж, хэрхэн тэмцэх талаар ярилцаж байгаагаараа онцлогтой болж байна.
Архидалт, малын хулгайг багасгахад дан ганц Цагдаагийн газар гэлтгүй иргэд олон нийт хийгээд холбогдох албаныхны оролцоо чухал.Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих