Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө НҮБ-ын чуулганд оролцохдоо дэлхийн удирдагчидтай хамт зургаа татуулсан. Тэгэхэд Обамагийн далласан гар манай улсын төрийн тэргүүний нүүрийг халхалж таарав. Үнэндээ энэ нь Обамагийн алдаа байлаа. Үүнийхээ төлөө Америкийн тал уучлалт гуйж алдаатай зургаа даруй залруулсан юм. Намханаа мэдэхгүй Обамагийн ард очиж зогслоо гэж монголчууд бид эндээ хувь хүн Ц.Элбэгдорж руу нь дайрсан бол, тэнд америкууд дипломат ёсны алдаа гаргалаа гэж Ерөнхийлөгчөө буруутгасан юм.
Дэлхийн хоёрдугаар дайны их ялалтын 70 жилийн цэргийн парад Москвад сүр дуулиантай болж өнгөрлөө. Тэнд манай улсын төрийн тэргүүнийг дэлхийн удирдагчдын төгсгөлд суулгаж, цэцэг өргөхдөө хоёрдугаар эгнээнд зогсоожээ. Үүнд нь монголчууд бид мэдээж дурамжхан байв. Учир нь энэ дайнд хамгийн түрүүнд Москвагийн холбоотон болж, хамаг л байдгаа фронтод илгээсэн нь манай улс. Тийм учраас Орос агуу гүрэн ч ялалтын энэ өдөр бидэнд ач санаж Ерөнхийлөгчийн суудлын эрэмбээр Монгол Улсад баярлаж буйгаа илэрхийлэх учиртай гэж олон хүн үзэв.
Ерөнхийлөгчийн нүүрийг Обама халхалсан, Москвад суулгасан суудлын байрлал нэг зүйлээр адилхан, бас нэг зүйлээр ялгаатай. Адил тал нь, НҮБ-д зураг авахуулахдаа хаана зогсох, Кремлийн индэрт хаагуур суухаа Монголын Ерөнхийлөгч өөрөө мэддэггүй. Ерөнхийлөгч нь хэн байхаас хамаарч хувь хүнд нь зориулж суудал заадаггүй. Харин Монгол Улсыг хаана эрэмбэлэх нь дипломат ёс, тухайн улсын төрийн бодлого байдаг. Ялгаатай нь гэвэл, Обамагийн халхалсан гар санаандгүй алдаа байсан бол, саяын Кремлийн суудлын хуваарилалтыг Москвагийн бодлого гэж болох үндэстэй.
Хэрвээ ялалтад оруулсан хувь нэмрээ бодвол Путиний дэргэд, Хятадын дарга, Казакстаны Ерөнхийлөгч нарын аль нэгний байранд Монголын Ерөнхийлөгч суух ёстой гэж үзэх монгол хүн олон байна. Түүх сөхвөл Монгол Улс тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүн болох Казахстанаас дутуу байж болох ч, Хятадаас илүүтэйгээр дайны ялалтад хувь нэмрээ оруулсан нь бодит үнэн билээ. Тэгэхдээ ялалтын 70 жилийн энэ үйл явдлыг сурвалжилсан сэтгүүлчийн хувьд хоёр зүйл хэлмээр санагдлаа.
Нэг.
Ялалтын 70 жилийг Москва хоёр агуулгатай бэлтгэжээ. Тэд баярын төсвийнхөө ихэнхийг ахмад дайчиддаа зориулж, их ялалтын үнэ цэнээр "Агуу Орос орон” гэх омогшил, итгэл үнэмшлийг иргэддээ төрүүлж байна. Харин ялалтын парад, улс орнуудын төр засгийн тэргүүн нарын оролцоог гадаад талдаа буюу АНУ болон барууны орнуудыг хоригт зориулсан, Орос ганцаардаагүй гэдгийг тэдэнд харуулахыг зорьжээ. Эдгээр арга хэмжээний хувьд ялалтын ой ач холбогдлын хувьд оросуудад хоёрдугаар асуудал бололтой. Арваннэгэн орны армийн төлөөллийн жагсаал, өөрийгөө бүрэн хамгаалах чадвар бүхий дэлхий дээрх цорын ганц "Армада” танк зэрэг зэр зэвсгийн сүр хүчээс гадна Ази-Европын том улс-Орос нь цаашдаа Азийнхантай хамт явна гэдгийг хориг тавьсан өрнөдийнхөнд, дэлхийд харуулахад илүүтэй анхаарсан нь ажиглагдав. Тийм ч учраас Оросын хэвлэлүүд ялалтын 70 жилийн ойн хамгийн хүндтэй зочноор Хятадын дарга Си Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарыг нэрлэж, ёслолын үеэр цаашдаа Оросын хамгийн хүчирхэг, хамгийн хэрэгтэй хоёр холбоотон байх Хятад, Казахстаныг Путиний дэргэд суулгажээ. Өөрөөр хэлбэл, Кремлийн индэрт зассан төр, засгийн тэргүүн нарын суудлыг ялалтад оруулсан хувь нэмрээр бус, цаашдаа оросуудын найз байх хэрэгцээ, Орос ийм найзтайгаа гэдгээ өрнөдийнхөнд харуулах зэрэг зиндаагаар нь хуваарилсан бололтой. Тэрэнд нь монголчууд бид дээгүүр зиндаанд багтсангүй.
Эндээс хийх гол дүгнэлт бол Монгол Улс бол бусадтай найзлах чадвар, хэлсэн ярьсандаа байх шалгуураар оросуудын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг суулгасан эрэмбэ, зиндаанд л байна. Хуучин цагийн анд-Орос хуучин цагийн анд-Монголоо тэгж үзэж эрэмбэлжээ.
Хоёр.
Путиний хэлсэн үг, оросуудын хандлагыг хэрвээ анзаарсан бол тэд "Шинэ Оросын төлөө” гэх шинэ үзэл санаатай болжээ. Энэ нь "Орон бүхний пролетари нэгдэхтүн”, "Ялалтын төлөө” гэдэгтэй нь дүйх хэмжээний үзэл санааны шинэ "туг” бололтой. Энэ үзэл санаа хүчээ авсан цаг хугацааг харвал "Шинэ Орос” гэж Крымийг нэгтгэсэн, барууны хоригт орсны дараахь үеийн Оросыг хэлж байгаа бололтой. Шинэ Оросын шинэ найз нар нь байгалийн хий, нүүрсний хамгийн том зах зээл, дэлхийн хамгийн олон хүн ам хэрэглэгч бүхий Хятад, Энэтхэг хоёр болжээ. Тиймээс оросууд геоулстөр, геоэдийн засгийн бодлогоо өмнө байгаагүйгээр Ази руу чиглүүлж байна. Харин монголчууд бид шинэ Оросын сайн найз нарын тоонд баттай багтахгүй байгаа бололтой. Саяхандаа, Сочигийн олимпийн нээлтийн үеэр манай тамирчдыг жагсаал орж ирэхэд Монгол Улсын төрийн тэргүүнийг телевизээр гаргаж болоод л байсан. Харин сая манай цэргүүд Улаан талбайд орж ирэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэлгэцээр харуулсангүй. Суудлын хуваарилалт, зэвсэгт хүчнийх нь жагсаалыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай хамт дэлгэцээр харуулаагүй энэ хоёр үйл явдал бол шинэ оросууд бидэнд хуучин цагийн найз шигээ хандахгүй байгаагийн нэг илрэл юм. Оросууд бидэнд ингэж хандаад байна уу, бид оросуудад ийм хандлага төрүүлээд байна уу гэдэг нь хамгийн чухал, бидний авах сургамж. Түүнээс бус, Ц.Элбэгдорж гэж хүндээ байгаа юм биш. Түүнд суудал засаагүй, Монгол Улсын төрийн тэргүүнд суудал хуваарилсан. Ц.Элбэгдорж гэж хүнийг дэлгэцээр гаргаагүй, цэргийнх нь жагсаалтай хамт Монголыг дэлгэцээр харуулаагүй юм биш шүү дээ. Хэрвээ оросууд Ц.Элбэгдорж гэж хувь хүнд нь тэгж хандаад байгаа бол өөр хэрэг, тайвширч болно. Гэтэл оросууд Монгол Улсыг хуучин цагийн анд шигээ үзэхгүй, үнэлэхгүй байгааг нь монголчууд бид тооцохгүйгээр Ц.Элбэгдорж гэж хувь хүн рүү дайрч өөрийгөө тайвшруулж болох юм уу, үгүй юү мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, Кремлийн индэрийн захад Монгол Улс, Ц.Элбэгдорж хоёрын аль нь суув гэдэгт зөв хариулт хэрэгтэй. Хэрвээ зөв хариултыг олж, алдаага засахгүй бол дараа нь оросууд ялалтын 75 жилдээ биднийг урихгүй ч байж магадгүй.Яагаад гэвэл үүнээс гадна "Монгол Улсын Ерөнхий сайдын Москвад айлчлах хүсэлтийг оросууд хүлээж авахгүй байна.., Манай Ерөнхий сайдтай уулзахгүй гурван цаг хүлээлгэж гэнээ.., Путин Якунинийг дуудаад, чи төмөр замын нийгэмлэгийн дарга болоод Монголд 13 удаа очсон хэрнээ ганц ч км төмөр зам тавж чадсангүй гэж загнажээ…, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров, монголчууд та нар хэлсэндээ байдаггүй хэвээрээ л байна уу гэж асуусан гэнэ” гээд л явган яриа сонсогддог. Олны амнаас гарсан ортой байж мэдэх эдгээр үгс буруу нь, алдаа нь хэндээ байдгийг илтгэнэ. Хэрвээ оросууд өөрсдөө биднийг тоодоггүй байсан бол сая 30 гаруй улсын төр засгийн тэргүүн нар зэрэг шахуу ирж байхад Путин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчлан уулзаж, оройн зоог хамт барихгүй байх байсан биз ээ. Хэрвээ оросууд биднийг тоодоггүй байсан бол ялалтын парадад цэргээ жагсаах Монгол Улсын хүсэлтэд 65 жил шигээ татгалзсан хариу өгч болох л байсан. Хэрвээ ялалтын парад, төр засгийн нарын суудлын эрэмбээр Орос ганцаардаагүйгээ дэлхийд харуулахыг зорьсон нь үнэн бол хэлсэндээ байдагүй улсыг дэргэдээ суулгавал энэ PR-ийнх нь зорилгыг бүдгэрүүлнэ гэдгээ оросууд тооцсон байж ч болно.
Эндээс хийх дүгнэлт бол манай төр засгийнхан ядаж гадагшаа "нэг ам”-тай байж, хэлсэн ярьсандаа байхгүй бол хөрш маань ч биднийг тоохгүй болж байна. Түүхэн үнэнийг маань ч үнэлэгдэхгүй шинжтэй. Барууны хоригийн дараа Орос ганцаардахгүй гэж найз нар хайж байна. Харин Монгол Улс ганцаараа явна гэж найз нараасаа зугтаж байна гэдгээ л ойлгоё. Монгол Улс хоёр хөршөө давж харилцаж, тэднийг тоохгүйгээр бусадтай нийлж яваад хөгжинө гэж хэзээ ч байхгүй. Тэдэнтэй мөнхийн хөрш нь үнэн шиг, бусадтай харилцахдаа Монгол Улсын мөнхийн сонирхол дотор хоёр хөрштэйгөө дотно байх харилцаа багтдагийг мартаж болохгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих