Нэгэн цагт умардаас ирэх довтолгооныг удаа дараалан тэсч, Хасаг, Кыргыз, Оросын дайралтыг даран сөнөөж явсан элэг нэгт Буриад зон маань үзэсгэлэн төгс Байгаль далайтайгаа хилийн цаана үлдээд удаж байлаа. Умард хөрш тэднийг тийн өөрийн болгосон ч тэнд суугч баахалдай нар дорно зүгийн ахан дүүс болсон монголчуудаа нууцхан мөрөөдөж, гунигийн дуугаа дуулна. Монголчууд гэвч хүчгүй даанч их удсан тул энэ л эцэг дээдсийн газар шороо, албат иргэдээ эргүүлэн авахад нэгэнт оройтсон байв. Тэд эхлээд манж нартай цавчилдаж, дараа нь Чан Кай Шигийн цэргүүдтэй үзэлцээд, удалгүй улаан коммунистуудын мэдэлд очсон нь тун тоогүй. Урдын хүчирхэг цаг үерт урсаж, түймэрт шатсан мэт. Гэгээ ч аниргүйхэн ходоок тэргэний модон дугуйнууд эргэж, чимээгүйхэн наашаа нүүсэн буриад монголчууд Чингисийн эх нутагтаа ирсээр байлаа. Энд суугчид ч тэднийгээ угтан баясаж, хамаг жаргал, зовлонгоо хамтдаа эдэлж байв.
1905 оны тавдугаар сарын 2-ны өдөр. Одоогийн Оросын Холбооны Улсын Эрхүү муж буюу Буриадын автономит улсын Тагархай гэдэг газар уул, хангай, усан гатлага, ой тайгаар даанч баялаг. Нэвсийсэн их цас унадаг энэ газар, нэгэн насыг элээхэд дэндүү гунигтай мэт авч, тэнгэртэй хамгаас ойрхон суугч тэндэхийн зон олон өөрийн дураар цэнгэж, өөрийн дураар гунина. Их уулс, балар тайгын гүнээс хунгар цас арилаагүй ч, Байгаль далай бүх мөсөө мөнгөн толионоосоо шимж арилган, алдарт Ангар мөрөн цөхрөхийг мэдэхгүй шуугин урсана.
Ой моддын чөлөөнд орших дүнзэн байшиндаа амар жимэр суусан Тулаев энэ өдөр амьсгаа дээгүүр байлаа. Тэр хар өглөөгүүр эртлэн босч, тайгын гүнээс домч авгайг залж иржээ. Гэргий нь амаржих гэж шаналахад эр хүн орж суух газраа олохгүй, оготны нүх рүү ч шургачихаж мэдэх. Домч авгай Буриад Монгол эр Тулаевыг мөн л гарч байхыг хүслээ. Бүсгүй хүмүүн амаржиж байхыг эр хүмүүн үзэх ёсгүй нь нүүдэлчдийн ёс билээ. Домч авгай байгалийн хүч шид шингэсэн элдэв тарни уншиж, арцат өвсийг уугиулан ёсыг үйлдээд орчлон хорвоогийн онхолтой, донхолтой элгэн дээр ирж байгаа шинэ хүнийг угтаж авах ажилдаа шамдан оров. Тулаев гадаа сууж, мод толгойгоо нэрэхүй, пинд зогсох жижигхэн Монгол морь нь эртний дайчин дээдсийнх нь хүлэг мэт мөн ч жавхаатай харагдана. "Ажнай ши көвүүний минь күлэг болсугай” хэмээх эргэцүүлж амжсан эр тэнгэрт залбирна.
Түрүүнээс хойш яргалж, зовсон эх хөх хадыг цууртал, хөвч тайгыг цочтол нэгэнтэй дуу алдаад чимээгүй болсонд, тохойн чинээ үр нь тоостыг цуулан чарлалаа. Хүдэр ханхар биетэй, хүрэн чийрэг царайтай, амьтан хүмүүнд өчүүхэн ч гэмгүй, цагаан цайлган сэтгэлтэй Тулаев дүнзэн байшин руугаа бүдчин гүйж, модон хаалгыг зөөлхөн нээгээд орлоо. Гадаа эл хуль, хаврын байгаль цэцэглэн ургана. Тулаев хүүдээ Жамбал хэмээх нэрийг хайрлажээ.
Орос орон хувирч, октябрын хувьсгалын гал дүрэлзэж эхэллээ. Эзэн хаан хийгээд, түүний цэрэг дайчид, язгууртан дээдсүүд хэн ч биш болж хувиран, жирийн Орос хүмүүс галзуурсан юм шиг балмад аашлав. Алс хязгаар Эрхүүд хачин жигтэй, басхүү аймшигтай ажиг сураг сонсогдсоор… Ижил мөрний ус хүний цусаар урсаж байгаа тухай, эгэл сайхан сэтгэлтэй Орос хүмүүс бие биенээ өчиггүй хөнөөж байгаа тухай амнаас ам дамжигдан ирэх. Түүгээр барахгүй бут цохигдож байгаа цагаан арми Байгаль нуурын зүг ухарч байгаа гэнэ шүү. Бурхан минь юу л болдог бол… гэсэн бодолтой Буриад Монгол хүмүүсийн сэтгэл түгшинэ. Тэдний зарим нь уул хангайд бүгж, цагийн цөвүүнийг өнгөрөөхийг аядана. Арван хоёр настай Жамбал хүү аюулын эр болжээ. Тэр машид сэргэлэн цовоо, цэцэн цэлмэг нэгэн болжээ.
Тулаев хүүдээ амьнаасаа илүү хайртай. Жамбал аавдаа бүхнээс илүү хайртай. Эцэг Тулаев гэвч алдартай анчин байсныг мартаж яахан болно. Тэр хөвчийг хөндлөн гулд самнаж, хүрэн баавгай, хөх чоно, халиун буга, улаан үнэгийг авлаж, хэцүү цагт ахан дүүсээ тэжээнэ. Жамбал аавыгаа дагаж анд явдаг болоод удаж байлаа. Тулаев урт шаргал ланжуугаа үүрч, хайрт көвүүнээ дагуулаад шөнө хагасалж мордсон юм. Чоно тосч намнана гэдгийг ганцхан монголчууд л мэднэ. Бусад нь харин элдэв үүлдрийн ноход тавьж, тэнгэрийн тэр сайхан амьтныг дэндүү тоогүй намнах бөлгөө. Тулаев хүүдээ бянт нь тасарсан винтовны хошууг тайрч тохой илүүтэй анхлан харахад өхөөрдөм атлаа, орхиолсон хойно гох дээр нь дарсан хэн ч сүрддэг тийм буу хийж өгчээ. Аав нь хүүгээ сургана. Тэд явсаар үүрийн цагаан гэгээ, Монголын өргөн уудам газар шороог морьтой хүн шиг гэтлэн ирэхэд ойн чөлөөнд байх хоёр ханан хаданд бүгээд амжив. Энэ хоёр бүлэг хадны дундуур чоно гүйдэг…
Үүрийн жавар зүс царайг нэн хүйтнээр илэн таалах ч эцэг, хүү хоёр сэрэмжийг үл алдана. Тулаев өөдөөс сэрийх хаданд цомцойтлоо суух хүүгээ байн байн ажиглаж, тэр бүртээ дотроо хайрлана. Хүү үнэхээр анчин болох шинжтэй. Хэн, юу, хэзээ, хаанаас хэрхэн гарч ирэх бол гэсэн айдас, түгшүүр, бас сэтгэл хөдлөл түүнд ерөөс үгүй. Харин түүний оронд хачин тайван чоно гүйж гарч ирэх моддын цоорхой руу бууныхаа овоо хараагаар шагайчихсан үзэгдэнэ. Жамбал гэтэл буудаж сураад удаагүй. Аавынхаа хийж өгсөн энэ буугаар бүр ч болгоомжтой буудахгүй бол горьгүйг мэднэ. Винтов угаас том буу. Тэгээд хошуунаас нь тайрчихсан болохоор жаал хүүгийн буу дуу чангатай, тийрэлт хүчтэй. Хэрэвзээ мөрөндөө сайтар шахаж байж гох дарахгүй бол ийм буунууд сумныхаа тэсрэх эгшинд мөр мулт тийрэх, цаашлаад эгэмний яс хуга цохих аюултай.
Анчид навтасхийлээ. Тэдний хүлээж байсан нарийхан жимээр хоёр чоно газар үнэрлэн шогшсоор гарч ирэв. Аав, хүү хоёр тэдний салхин дор нь суусан билээ. Өөдөөс ирж яваа чоныг улаан халз тулж буудаж болохгүй. Заавал өнгөрөөж байж намнах ёстой. Үхэж байгаа чонын сүүл хөдөлдөг. Харин тэгэхгүй байгаа бол аюултай. Ер нь бие томтой ан, тэр тусмаа араатныг заавал дал хавсарч буудах юм уу, эсвэл тархинд нь онилох ёстой. Энэ бүгдийг Жамбал хүү хашир тайгын гөрөөчин ааваараа заалгасан. Чононууд шогшсоор тэдний дундуур орж ирэх мөчид Тулаев түрүүлж явсан том саарлыг нам буудан унагалаа. Сүүлд явсан хонгор чоно ухасхийн цааш эргэх эгшинд Жамбалын тавьсан сум байгаа үсэртэл цохиж, балар тайгын нам гүм байтугай баахалдай Тулаевыг хүртэл цочоож орхив.
Хэзээ ч, юу ч болоогүй юм шиг чимээгүй байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны зүүн хойд фронтын галын шугам болсон жижигхэн хот чив чимээгүй байлаа. Энэ хотыг урд өмнө нь юу гэж нэрлэдэг байсныг хэн ч үл мэдэхээр харагдана. Балгас болсон сүм хийд, нуранги болсон байшин барилга, эвдэрсэн танк, ар араасаа тэсэрч гарах аварга том сумны цохилтыг дааж чадалгүй улайсч, хошуу нь задарсан их буу, шатаж дууссан хуягт, энд тэнд унаад эргэж босоогүй Орос цэргүүд, бас немцүүд. Агаарын довтолгоон арай гэж намжин үүр цайж байв. Гэхдээ энэ ажин түжин бол оргүй хоосон хуурмаг үзэгдэл юм. Хэдхэн хормын дараа хүн хүнээ араатан шиг намнаж, нүд халтирам аймшигтай дүр төрх бий болно. Салааны дарга Негодяев цэргүүдээ сэрэмж дүүрэн байхыг шаардлаа. Үхэл хэмээгчтэй алхам төдий ойр байсан Зөвлөлтийн улаан армийн байлдагчид бяцхан амар амгалан дунд дуг хийгээд амжсан байжээ. Дайсны галын шугам тэндээс холгүй. Манайханд дайраад байхаас өөр арга байхгүй. Орос цэргүүдэд зөвхөн винтов, тэгээд хөргөгч рүү нь заримдаа шээсээ хийгээд буудахаас өөр аргагүй болдог Максим пулёмонтоос өөр зэвсэг үгүй. Гэтэл немцийн цэрэг бүр шмаязейр автомат, маузер винтов, Гитлерийн хөрөө гэх хэрцгий хүнд түргэн буу элбэгтэй.
Гэнэт хэн нэгэн "дайраад” хэмээн орилоход Орос цэргүүд нэгэн дуугаар нуувчнаас давшиж эхэллээ. 1942 оны дөрөвдүгээр сарын нэгний өглөөний нар хаашаа одсоныг хэн ч үл мэднэ. Дайснаа ингэж үе үе цочир дайрдгийг, тэгэх бүртээ олон цэргийнхээ амь насыг шал дэмий үрэн таран хийдгийг мэддэг болсон Германууд манайхныг отож байжээ. Гитлерийн хөрөө хүмүүсийг хөрөөдөж эхэллээ. Давшилтын түрүүнд улаан тугаа атгаж явсан хорооны суртал ухуулагч үхэдхийн унахад түүний ард явсан цэрэг алх, хадуут улаан тугаа өргөн давшив. Тэр дахиад л унав.
Манайхан босч чадахгүй байлаа. Хэсэг нөхдөө алдсан болохоор салааны дарга Негодяев хоёрхонтой сохор давшилт хийхийн оронд пулёмонтны галыг зогсоох хэрэгтэйг мэдэж байлаа. Чингээд тэр "Нөхөр Жамбал Тулаев над дээр” гэж дуудахад дулаан алаг нүдтэй, нимгэн бор царайтай, дунд эргэм нуруутай Монгол хүн түүн дээр "Нөхөр салаан даргын тушаасан ёсоор байлдагч Жамбал Тулаев ирлээ” хэмээв. Тэр бол бидний сайн мэдэх нөгөөх гөрөөчний хүү мөн билээ. Негодяев Жамбалд маш хэцүү даалгавар өглөө. Ийм даалгавар авсан Орос цэргүүд эргэж ирсэн түүх мөн ч цөөхөн. Тушаал авсан цэрэг Жамбал винтовоо мөрлөн мөлхлөө. Өндийх л юм бол толгой байхгүй.
Тэдний дээгүүр сум нисч, Гитлерийн германы хөрөөнүүд тачигнана. Жамбал ашигтай байрлалыг эзэлж чадлаа. Чингээд винтовныхоо хоолойд таван сум хийж цэнэглээд амьсгаагаа түгжив. Түүний овоо хараан дотор зэрэгцсэн дөрвөн галын цэг байх хийгээд тэнд нижгээд дайсан байх. "Хүүлж, ороо нь орсон сүрэг чонын хамгийн сүүлд яваагаас нь бууддаг. Заналт дайсанд ч бас тийм хувь заяагаар хандвал нэн зохилтой”. Жамбал хамгийн цаана байсан пулёмонтчныг нам буудаж орхисонд оногдсон дайсан өмнөө байсан ууттай шороонуудыг нурааж уналаа. Тэр даруйд манай хүн дараа, дараагийн галын цэгүүдийг амьсгаа өгөлгүй устгаж эхлэв. Үнэндээ Оросууд өөрсдөө ч зовлон үзсэн винтовоороо ингэж буудаж чаддаггүй билээ. Нүд ирмэхийн зуур Жамбал дайсны дөрвөн галын цэг дээр байсан 20 гаруй цэргийг намнаж, тэдний хороо шууд давшилтад орлоо. Байгаль нуурын сум, Буриад Монгол эр Жамбал Тулаев хэн гэдгээ харууллаа.
Немцүүдийн зүрх зориг мохож эхэллээ. Сталинградад Василий Зайцев хэмээх мэргэн буудагч Гитлерийн хамаг сор болсон офицеруудыг хайр найргүй унагаж эхэлсэн бол умард фронтод Жамбал Тулаев заримдаа бүр хэнээс ч илүү догшин тулалдаж байлаа. Алдарт 27 дугаар армийн 580 дугаар хороо, 188 дугаар мэргэн буудагчийн дивизийн дайчин түүний овоо хараанаас эсэн мэнд гарсан фашист гэж үгүй. Гэхдээ Жамбал зүгээр нэг муу жижүүрийн цэргүүдийг буудаад байсангүй. Өмнө өгүүлсэн шиг галын хурц цэгүүдийг өршөөлгүй устгаж, дайсны нөлөө бүхий цэргийн эрх мэдэлтнүүд, шилдэг офицеруудыг нь үнэхээр хайрлахгүй байлаа. Немцүүд чичирч эхэллээ. Арга буюу ар талаасаа олон арван жил бэлтгэгдсэн мэргэжлийн алуурчдыг авч ирж түүний эсрэг тавих ч эцэст нь тэднийхээ амьсгүй цогцсыг хайх, буцаан зөөвөрлөх ажилтай болдог байв.
Явган цэргийн домогт мэргэн буудагчийн алдар гавьяа Зөвлөлтийн улаан армийн байлдагчдад урагшаа давших урам зоригийг хайрласаар. 1942 оны дөрөвдүгээр сар. Зүүн фронт руу Германы үнэмлэхүй том хүч дайрч, 27 дугаар арми тэсч, тэвчихийн эцэсгүй боллоо. Үдийн өмнө эхэлсэн тулалдаан нар унахад улам ширүүсч, манайхан ухарч эхлэв. Улангассан барс шиг дайтаж байсан Жамбал нөхөд нь тэгж урагшаа биш хойшоо алхаж эхэлснийг үзээд нуувчнаас үсэрч гаран Зөвлөлт Холбоот Улсын зэвсгийн үйлдвэрийн оргил бүтээгдэхүүн болсон винтов буугаа нөхөд рүүгээ чиглүүлжээ. Тэгээд тэр "Ухрах тушаал өгөөгүй байхад амиа бодсон хэнийг ч би өршөөхгүй. Өөрийн гараар нам буудна шүү” хэмээн орилж байсан нь өдгөө зарим нэг ахмад дайчдын үр хүүхдүүдийн тавдугаар сарын 9-нд ярьдаг дурсамж болон үлджээ.
Цөс ихт буриад Монгол дайчин 1942-1946 оны хооронд бүхэл бүтэн дөрвөн жил өдөр бүр галын шугаман дээр тулалдсан байдаг. Ингэхдээ тэр 262 дайсныг устгаж, Зөвлөлт Холбоот улсын баатар, Лениний одон, эх орны төлөө Алтан одонт медиалыг хүртжээ. Оросын нөлөө бүхий сонины сэтгүүлч Ильч Эренбург энэ цуутай Монгол хүний талаар "Төрөлх байгаль нуурын хөвөөнөөс алс хол байлдаж буй Жамбал Тулаев” хэмээх гарчигтай нийтлэл бичсэн нь түүний гавьяаг дахин дахин алдаршуулсан юм. Жамбал тийн хатуу цагийн халуун галан дундуур алхаж явахдаа Германы 30 мэргэн буудагчтай халз тулалдаж ялсан нь алдарт Василий Зайцевын хийсэн тулаанаас 19-өөр илүү, аугаа их мэргэн буудагч Людмила Павлюченкогоос 6-аар дутуу юм. Энэ үзүүлэлтээрээ тэр эх орны дайны жинхэнэ баатруудын дунд дээгүүр байр суурийг эзэлнэ.
Хүсэн хүлээж байсан өдөр ирлээ. 1945 оны тавдугаар сарын 9-нд Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж Зөвлөлт Холбоот улс, бусад холбоотнууд дайнд ялав. Берлинээс Москваг зорьсон уртаас урт ачааны галт тэргэн дотор хөөрч догдолсон, инээж баярласан, эх нутаг руугаа тэмүүлэн, тэмүүлсэн Орос цэргүүд явна. Бодвол Жамбал Тулаев минь тэдний дунд тэгж л явсан байх. Хожим тэрбээр 1961 оныг хүртэл төрөлх нутагтаа Сангийн аж ахуй, хамтралын даргаар ажиллаад тэнгэрт хальсан юм билээ. Одоо түүний бунхан Буриадын Хурай-Хобон хэмээх газар үүрд нойрсож байгаа. Зөвлөлт Холбоот улсын баатар, мэргэн буудагч Жамбал Тулаев, Зөвлөлт холбоот улсын баатар, мэргэн буудагч Аюушийн Раднаа, Зөвлөлт Холбоот улсын баатар Доржийн Цэрэндаш нарын алдар гавьяаны өмнө мэхиймүй. Тэд цөм Монгол хүмүүс байлаа
Сэтгүүлч, Яруу найрагч О.Цэнд-Аюуш
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих