Монгол Улс жилд дунджаар 11 сая мал хүнсэндээ бэлтгэдэг. Үүнээс харвал экспортод гаргах махны нэлээд нөөц байгаа нь харагдаж байна. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой эрчимтэй өсч, 2013 онд 15.1, өнгөрсөн онд 16.7 сая төл бойжуулжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын малын тоо толгой 52 саяд хүрээд байгаа юм. Нөгөө талаас бэлчээрийн даацыг зөв зохицуулж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд малын тоо толгойг зохистой харьцаанд барих шаардлагатай болоод байгаа билээ. Хэрэглээнээсээ хэтэрсэн махны нөөцийг гадаад зах зээлд гаргах нь зөв алхам. Экспортод 5.3 сая толгой мал буюу 146.5 мянган тн мах экспортлохболомжит тооцоог мэргэжилтнүүд хийсэн аж. ХХААЯ-наас энэ онд 64.4 мянган тонн мах экспортод гаргахаар төлөвлөжээ. Махны экспортын сүүлийн таван жилийн байдлаас харвал, 2011 онд хамгийн дээд хэмжээнд хүрсэн нь 25568.5 тн байжээ. Харин энэ он гарсаар тав орчим мянган тонныг экспортлоод байна.
Монгол Улс мах, махан бүтээгдэхүүнийг хоёр хөршдөө л голчлон нийлүүлж ирсэн. ОХУ руу адуу, үхэр, нөөшилсөн махан бүтээгдэхүүнийг экспортолдог. 2013 онд ОХУ руу нийт 1.4 сая ам.долларын 460 тн адууны мах гаргаж байжээ. Одоогоор 150 орчим сая хүн амтай тус улсын зах зээлд Монголоос мах экспортлох эрхтэй дөрвөн компани байдаг. ОХУ-ын импортлогчид Монголоос үхэр, адууны мах авах сонирхолтой байдаг боловч нэг кг-д ногдох гаалийн татварын хэмжээ өндөр байгаа нь махны үнийг өсгөдөг аж. Тиймээс экспортын хэмжээ боломжит хэмжээнд хүртэл өсөхгүй байгаа гэнэ. Тус улсад мах нийлүүлэх аж ахуйн нэгжийг цаашид нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ хэмээн салбарын яамнаас мэдээлсэн. Харин БНХАУ руу таван компани мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг сарын өмнө авсан. Тэрбум гаруй хүнтэй урд хөршид махны эрэлт жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнийг дагаад махны үнэ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өсчээ. Тус улсад үхрийн мах нэг кг нь 63 юань (20 мянган төгрөг) болж, өмнөх оноос 18.5 хувиар, хонины мах нэг кг нь 66.14 юань (21 мянган төгрөг) буюу өмнөхоноос 14.3 хувиар өссөн. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ногдох хэмжээ нь 2010 онд 3.01 кг, энэ онд 3.23 кг болсон байна. Мөн хонины махны импорт нь 2012-2013 онд 123.7-254.0 мянган тн болж өсчээ.
Өнгөрсөн онд манай улс ОХУ-д 2217, БНХАУ-д 779 тн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Одоогоор хөрш орнууд болон Евразийн орнууд малын мах, мах бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт ирүүлсээр байгаа гэнэ. Үүний дагуу хоёр хөршийн төлөөлөгчид ирж, мах боловсруулах үйлдвэрүүдтэйтанилцсан. Үүнээс гадна Казахстан улс манай махны гурав дахь томоохон хэрэглэгч болоод байгаа. Мөн Иран, Кувейт, Япон зэрэг оронд албан ёсоор мах нийлүүлэх гэрээтэй. Монголын махны холбооны мэдээлснээр нийт экспортын 80 орчим хувийг адууны мах эзэлж байна. Үлдсэн 20 хувь нь үхрийн мах. Цаашдаа үхрийн махны экспортыг бууруулж хонь, ямааны махыг түлхүү нийлүүлэх бодлого барих гэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ сарын 20-ны өдөр БНСВУ-ын төлөөлөгчид ирж, манай махны үйлдвэрлэлтэй танилцах аж. Вьетнамчуудын зүгээс бог мальгн махыг түлхүү сонирхдог гэнэ.
МАХНЫ ЭКСПОРТЫН ГАЦАА НЬ ШҮЛХИЙ
Өнгөрсөн онд ОХУ-ын мэргэжилтнүүд манай мах боловсруулах үйлдвэртэй танилцаж, малын эрүүл ахуйг сонирхоод буцсан. Тухайн үед боловсруулах үйлдвэрүүдэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу өвчтэй байх магадлалтай мал нийлүүлсэн байжээ. Улмаар зарим үйлдвэр дээрх шалтгаанаар ОХУ-д мах нийлүүлэх эрх авч чадаагүй. Тиймээс өвчтэй малаа эрүүлжүүлэх талаар Мал эмнэлэг үржлийн газрынхан багагүй анхаарсан.
Махны экспортод гол саад болдог асуудал нь малын гоц халдварт өвчин байсаар ирсэн. Үүнээс хамгийн түгээмэл тархдаг нь үхрийн шүлхий. Монгол Улс 2000 оноос хойш гурван удаа Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл бүсээ баталгаажуулахматериал явуулсан. Гэвч энэ өвчний дэгдэлт 2000 оноос хойш 11 бүртгэгджээ. Ийнхүү малын халдварт өвчин удаа дараа гарч байгаа нь халдварт өвчин гарсан голомт бүхий нутгийн малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулаагүй, вакциныг төлөвлөсөн хугацаанд нь нийлүүлээгүйгээс голлон нөлөөлдөг хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон. Шүлхий өвчин энэ он гарсаар халдваргүй бүсэд тооцогддог Ховд аймагт нэг удаа гарсан. Тус аймгийн Булган, Үенч сумын дөрвөн голомтод нийт 922 'мал өвчилсөн. Тиймээс мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198.7 мянган тун вакцинаар Үенч, Булган, Алтай, Булган сумын нийт 347,406 малыг вакцинжуулсан. Дараа нь Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас хандивласан 300 мянган тун вакцинаар дээрх дөрвөн сумын 48 мянга орчим малыг тарьжээ.
Гэхдээ энэ нь халдваргүй болсон гэх баталгаа хараахан биш. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ оны төлөвлөгөөт арга хэмжээнд зориулан нийт 1.5 сая тун вакцин худалдан авч Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хилийн бүсийн сумдын малыг эхний ээлжинд хамруулахаар хуваарилан хүргүүлсэн байна. Дээрх аймгуудыг шүлхий өвчний дэгдэлт өндөртэй бүс нутагт тооцдог. Өнгөрсөн онд зүүн гурван аймгийг хамран дэгдсэн шүлхий өвчнөөр олон мянган мал өвчилсөн нь махны экспортод муугаар нөлөөлөх хамгийн том саад болсон.
Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих