Аугаа Их Эх Орны дайнд Зөвлөлтийн улаан арми хэчнээн цэргээ алдсан бэ? Албан ёсны гэж үздэг тоо баримт нь худал бөгөөд үзэл суртлын зорилгоор санаатайгаар бууруулж гаргасан тоо гэж зарим судлаач үзэж байна.
Аугаа Их Эх Орны дайн бол хуучин Зөвлөлт Холбоот Улсын түүхэн дэхь хамгийн эмгэнэлтэй тэгсэн атлаа бас бахархалтай нэгэн хуудас билээ. Дайны эхэн үед Гитлерийн армийн төгс машинд хэмх нүдүүлж, бараг тамтаг болтлоо балбуулсан Зөвлөлтийн Улаан арми яван яван чангарсаар дайны дунд үед санаачлагыг өөртөө авч улмаар дайснаа нутаг дэвсгэрээсээ хөөн гаргаж, эцэст нь ичээнд нь бут цохин ялсан билээ. Ингэхдээ Зөвлөлтийн ард түмэн, тэр дундаа түүний Улаан арми асар их үнэ цэнэ төлжээ.
1941-1945 оны хооронд Зөвлөлт-Германы фронт дээр Улаан арми нийт хэр хэмжээний хохирол амссан бэ гэдэг нь удаан хугацааны туршид туйлын эмзэг бас маргаантай асуудал байсаар ирсэн юм. Дайны үед бүртгэл тооллого хангалтгүй хийгдэж байсан болон бусад олон шалтгааны улмаас амь үрэгдсэн цэргийн тоог яг таг тогтоох нь нэн хүндрэлтэй байж иржээ. Мөн үзэл суртлын асуудал ч байсан. Хэрэв зөвлөлтийн армийн хохирол германы армийнхаас хэтэрхий их болж таарвал энэ нь эргээд улаан армийн нэр хүнд улмаар дайнд ялалт байгуулсан Зөвлөлт улсын нэр хүндэд ч тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж таарах байв.
Ийнхүү тодорхойгүй байсан асуудлыг нэг тийш болгох үүднээс 1990-ээд онд ОХУ-ын эрх баригчид судалгаа хийсний үр дүнд 1993 онд хамгийн анхны албан ёсны тоо баримтыг олон нийтэд дэлгэжээ. Энэ тоо баримтаар бол:
1941-1945 онд Зөвлөлтийн Улаан арми нь нийт 8.6 сая хүнээ алдсан, үүнээс 6.8 сая нь тулаанд алагдаж 1.8 сая нь олзноос эргэж ирээгүй байна. Үүнтэй харьцуулахад, Германы арми нийт 5-6 сая хүнээ алдсан байна. Өөрөөр хэлбэл Зөвлөлт ба Германы цэргийн шууд хохирлын харьцаа 1.3:1 байгаа юм.
Гэхдээ оросын зарим судлаач дээрх тоо баримтыг дутуу бас буруу тооцоолсон, үндэслэл муутай; Улаан армийн жинхэнэ хохирол үүнээс хавьгүй их байна гэж шүүмжилдэг ажээ. Тухайлбал түүхийн ухааны эрдэмтэн, цэргийн түүх судлаач Лев Лепуховскийн тооцоогоор бол Зөвлөлтийн цэргийн хохирол 8.6 сая биш харин 13-14 сая болж байгаа юм. Хамгийн гол нь ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны Төв Архивт (ЦАМО - Центральный Архив Министерства Обороны) эх орны дайнд амь үрэгдсэн, сураггүй алга болсон гэх нийт 14.4 сая гаран цэрэг, офицерын нэр бүхий мэдэгдэх хуудас агуулагдаж байдаг байна. Энэ бол архивт буй бүх мэдэгдэх хуудсыг нэрний давхардал болон амьд үлдсэн хүнийг буруу мэдээлсэн гэх мэт элдэв алдаанаас бүрэн шүүж цэгцэлсний дараах тоо юм. Энэ нь 1993 онд зарласан албан ёсны тооноос даруй 5 саяар илүү гарч байгаа билээ. Ийм их зөрүүг тооцож үзэхгүй байна гэдэг бол үнэхээр бүдүүлэг бүр байж болшгүй алдаа гэж Лепуховский шүүмжилж байгаа юм. Тэгэхээр хэрэв энэ 14.4 сая гэсэн тоог бодит гэж авбал Зөвлөлт-Германы цэргийн хохирлын харьцаа 3:1 болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл Зөвлөлт-Германы фронт дээр амь үрэгдсэн 1 герман цэрэг бүрт Улаан армийн 3 цэргийн амь оногдоно гэсэн үг.
Хэрэв энэ тоо баримт үнэн бол ийм их хохирлын учир шалтгаан юу байх вэ? Дайны эхэн үед армийн дээд удирдлага хэд хэдэн удаа харалган шийдвэр гаргаж байсан, бага болон дунд тушаалын офицеруудын мэдлэг ур чадвар ерөнхийдөө сул байсан, германы арми зэвсэг техник чанарын хувьд илүү байсан, германы армийн цэрэг офицерууд ялангуяа бага дунд тушаалын дарга нарын мэдлэг чадвар ерөнхийдөө илүү байсан гэх мэт үндсэн шалтгаануудыг судлаачид хэлдэг байна. Түүнээс гадна улаан армийн удирдлага, анги нэгтгэлийн захирагчид тулааны талбар дээр тактик стратегийн гэхээсээ улс төрийн шинж чанартай шийдвэр тушаал заримдаа гаргадаг байсан нь ч бас нөлөөлсөн байх талтай. Хэдийгээр уран сайхны хэртүүлэг байж мэдэх ч бид кинон дээрээс, дайсны сайн бэхлэгдсэн галын цэгийг эзлэхийн тулд цэргүүдээ пулемет минометын шуурган галын өөдөөс хайр найргүй хөөж босгож буй дүр зургийг олонтаа харж байсан, тийм үү?
Гэхдээ энэ бол нацизмын эсрэг дайнд Зөвлөлтийн ард түмэн, эгэл эр цэргийн оруулсан хувь нэмрийг огтхон ч багасгах ёсгүй. Урдаас ирэх сумны исгэрээнийг сөрөн, муу даргын харалган тушаалтай давхар "тэмцэлдсээр" халуун амиа үл хайхран шүд зуун урагшилж, эцсийн дусал цусаа эх орондоо өргөсөн зөвлөлтийн жирийн дайчин цэрэг эрийн алдар гавьяа үүрд мандан бадраг ээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих