Лэглүүд хөгдүүд овогт Жамцын ЭНХБОЛД
Зурхайн тоолол жил мэнгэ: XVI жарны шороон гахай жил, 5 шар мэнгэ
Унасан газар угаасан ус: Дорнод аймаг, Баян-Уул сум Жаварт хошуу
Аавын сургаал амьдралын луужин: Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог
Сурсан сургууль эзэмшсэн мэргэжил: Ташкенийн Гидромилорацийн инженер
Ажлын гараасөнөөдрийн бариа: Дорнод усны аж ахуйн гидринженерээс "Чандмань тал” ХК-ййн захирал
Хорол тооно тулсан хос багана: Балжиннямын Энххорлоо, Дорнод Атозам ХХК-ийн ТУЗ-ын дарга
Арга бэлгийн заяа алтан аргамж: Хүү Энхтулга нь Эрх зүйч мэргэжилтэй /АНУ/,хүү Энхтүвшин Эрүүл мэндийн ШУИС-д оюутан, охин Байгал ЕБС-ийн сурагч
Эр хүний ноён нуруу намба төрх: Шударга үнэнч, хэлсэндээ хүрдэг
Ажйлч бүтээлч байхын нууц: Цаг хугацаа гэдэг харвасан сум мэт өнгөрдөг. Гагцхүү цаг хугацаатай уралдан ихийг хийж бүтээхийг эрмэлздэг.
Магнай тэнийх сэтгэлийн баясгалан: Ямарваа нэгэн ажил эхлүүлээд төгсгөлийг харах
Түмэндээ нэртэй олондоо тустай явахын учир: Дуудах нэрийг эцэг эх, дуурсгах алдрыг өөрөө олдог гэдэг үгийг санаж явдаг
Төрийн мялаалга улсын хишиг:
Тэргүүнйй барилгачин, Усжуулалтын тэргүүний ажилтан, Авто замын тэргүүний ажилтан, аймгийн Тэргүүний ажилтан
Ш.ДУГАР
Баян-Уулын Ойн аж ахуйн том хашаанаас баруун хойшхоно гэртэй, даруухан, үг дуу цөөнтэй бумбагар цагаан хүүг сургуулийн онц сурлагатнуудын нэг гэж хэн хүнгүй мэднэ.
Тэрээр нэг л маршрутаар хичээлдээ явж, түүгээрээ харина, хүүхдүүд сахилгагүйтээд гүйж, ноцолдож байхад нүдээ гурвалжлуулан харж хажуугаар нь зөрөөд өнгөрнө. Гэвч түүнийг зожиг гэхгүй, чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө тоглож, бусад хүүхдүүдийн л адилаар гар бөмбөг, сагсан бөмбөг хөөн, заримдаа "кагар”, "лапто” тоглоно, ялангуяа сагсан бөмбөг түүний баяр баясгалан, эрч хүчний жинхэнэ эх үүсвэр нь байлаа. Түүнийг гурван настай байхад намын ажилтан аав нь нас барсан болохоор эцгийнхээ тухай ээж, өвөг зэрэг настнуудын ярианаас л авсан мэдлэгтэй. Өвөг эцэг Аюуш нь хилээс 100 гаруй км-т байх Могойт нутгаас гаралтай, харин аав нь Эмт гэдэг газар айлын гурав дахь хүү болж төрсөн бөгөөд 1939, 1945 оны дайнд оролцсон цэргийн дарга хүн, Оросын хилээс Баянтүмэн хүртэл тавигдсан засмал замыг ЗХУ-аас Монголд хүлээлгэн өгөхөд улс төрийн газрын даргаар ирж Баян-Уулд ажиллаж, амьдран суурьшсан байна. Харин ээж нь Баян-Уулын уугуул бөгөөд суугуул, Хараат уулын баруун бие Шар хөв гэдэг газар төрсөн, Энхболд өөрөө Жаварт хошууныхаа агаараар анх амьсгалж, угалзран урсдаг Улзынхаа ариун усаар угаалгасан болохоор Баян-Уулынх гэхээс аргагүй. Энд л сургуульд анх орж, багшаараа "А” үсэг заалгаснаас хойш хичээл номонд нэг их түүртээд ч байсангүй, нэг мэдэхэд л 1977 он гарч, арван жилийн сургуулийг биологийн Должинсүрэн багшийн ангид төгсөөд, уралдаант шалгалтад орж, тухайн үеийн жишгээр онооныхоо дарааллаар хуваарь авахад Ташкент хотын Усжуулалт, механикжуулалтын сургуулийг сонгон авч, нэг жил Эрхүүгийн хэлний бэлтгэлд суугаад очсон байна. Дундаж Азийн амьдрал манайх, тэр байтугай Оросынхоос ондоо, хоол хүнс олон төрөл, жимс ногоо элбэг дэлбэг, дулаан уур амьсгалтай, ард түмний нь ёс заншил өөр, ондоо орчинд ороход бүх юм эхлээд сонин, дасах замтай газар байна гэж төсөөлөхөд ч бэрх байна, дахин ирэлтгүй гэхэд нь "Эргэн баяртай уулзъя гэж таныг урья, ирэхэд тань замаа сайхан болгосон байна” гэж амласан юм. 2007 онд зам ангийг ("Дорнод авто зам”) хувьчилж аваад, нутгийнхаа замыг эн тэргүүнд засаж, 6-7 цаг явдаг газарт
3-4 хөн цаг зарцуулдаг болгосондоо баяртай байдаг, ер нь Дорнодынхоо замыг байнга сайжруулж ажиллана даа. Энэ"Дорнод авто зам” компаниа хөрөнгийн биржийн дуудлага худалдаагаар авсан. Энэ нь хөрөнгөө байршуулж, диллерээр дамжуулан худалдаанд оролцоно гэсэн үг. Гэтэл дуудлага худалдаа нь маргааш болох болчихоод байтал хөрөнгөө байршуулж чадаагүй байдаг, дансны гүйлгээ хийхэд оройтчихсон тул банкнаас мөнгөө бэлнээр гаргуулаад, гэргийтэйгээ хамт шуудайд хийчихсэн авчирч бэлнээр нь тушааж байж билээ. Гэр бүлийн маань хүн санхүүгийн мэргэжилтэй, ажлыг минь дэмжин, байнга тусалж, хэрэгтэй үед дандаа дэргэд байдаг ухаалаг, сайхан ханьтайдаа баярладаг. Харин нөгөө зам голж байсан өвгөн найз маань 2010 онд ирэхдээ зассан замыг минь магтаж урам хайрлаад, Баян-Уулд хөдөө хэд хоног гэр барьж амраад явсан. Ёстой тунгалаг цэвэр агаараар амьсгалан, хөдөөний малчдын амьдрал ахуйгаа зохион байгуулж, зохицуулж байгаа нь хүртэл байгаль ертөнц, нутаг устайгаа уялдсан жинхэнэ санаа зовох юмгүй сайхан амьдрал танайд л байна гэж их баяртай явсан байна лээ, тэгээд бодохоор манай Монголын хөдөө аз жаргалын өлгий юм гэдгийг гадны хүнээс мэдрэх юм даа. Харин аавынхаа хэзээ нэгэн цагт ажиллаж байсан, монголчуудын хамгийн буянтай ажил гэж үздэг замын ажилд хүч сорих болсон минь бурхнаас заяасан хишиг болов уу гэх.
1990-ээд онд улс төржих завгүй байсан, би ердөө л мөнгө босгох машин шиг ажиллаж жаахан юм цуглуулсныхаа буянаар бизнест хөл тавьсан, тэр арван жилд бас ч овоо хөрөнгөтэй болсон боловч, дараагийн арван жилд үйлдвэрлэл явуулсны маань хаана нь ч хүрэхгүй, тэгээд бодохоор бүтээн байгуулалт өөрөө их буян дагуулдаг. Би 2004, 2008 онуудын сонгуулиар бие даан нэр дэвшиж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болсон, улс төрийг гол ажил, имиджээ болгон хөөцөлдөөгүй, гэхдээ зам, барилга гэсэн салбаруудын асуудалд байнга оролцож, санал бодлоо солилцдог. "Зам дагаж хөгжил” гэдэг үнэн үгийн ид шидийг бүтээлцэх хүсэл, зорилготой, Дорнод маань сумд хоорондоо хатуу хучилттай замаар мөд холбогдоно, энэ өдрийг наашлуулах гэж ажилладаг, үг хэлдэг. Ирээдүй хойч үеийнхээ сурч, хүмүүжих газрыг бэлтгэн, хүүхэд бүр цэцэрлэгт яваасай, Монголынхоо болон дэлхийн соёлтой эрт танилцаж, ертөнцийн түүхэнд үлдээсэн их өвөөсөө гадна өнөөдөр шинийг бүтээх иргэд өсөж, хүмүүжээсэй гэж боддог доо. Одоо "Чандмань тал” компани маань Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрын шинэ барилга барих ажил гүйцэтгэж, театрын барилга ямар байх тухай ном харж, стандарт судлах гэх зэргээр нилээд ажилтай байна. Театр гэдэг орон сууц, албан газрын барилга биш, дуу авианы тархалт, цуурайталтыг, мөн тайзны харагдах талбайг тооцох гээд ихээхэн өвөрмөц, тэгээд доторх засал нь өнгө-дизайны жинхэнэ хослолоор хүнийг эзэмдсэн тансаг байх ёстой юм байна. Ний нуугүй хэлэхэд зураг, төсөл нь эдгээр шаардлага хангахаар муу юм байна даа гэж шүүмжилж, архитекторынх нь байгууллагатай харьцаж байна даа.
Энхболдын маань гэргий Дорнод нутгийнх, эднийх хоёр хүү, нэг охинтой. Том хүү нь хуульч мэргэжилтэй, АНУ-д нарийн мэргэшлийн сургалтад сурч буй, удаах хүү нь ЭМШУИС-н эмчилгээний ангийн оюутан, бараг унаган гэхээр япон хэлтэй, охин нь энэ жил ЕБС төгсөж байна, одоо уралдаант шалгалтад орно. Аав, ээж хоёр нь хүүхдүүдийнхээ сурч боловсроход гар татдаггүй бөгөөд, отгон нь АНУ-д суралцаж байгаад, одоо Монголын хамгийн өндөр өртөгтэй сургуулийн сурагч гэнэ. Гэргий маань хүүхдүүдтэйгээ Улаанбаатарт ихэнхдээ байдаг, зун болж хичээл тарахаар наашаа л гэцгээнэ шүү. Манай дундах "морь” гэж хэлд ороход нэг ч анзаараагүй байтал мэргэ төлгөн дээр сэтэртэй адуу нэхэгдэж, миний мэдэхээс манайх адуу мал гэхээр юмгүй, тухайн үеийн сумын төвийн цалингаараа амьдардаг айлуудын нэг байсан болохоор гайхаж байтал, багадаа ээжийгээ дээл хувцсаа гарган нар, салхи үзүүлэхээр зун авдраа сулласны дараа дотор нь орж тоглоход морины зураг байдаг байсныг гэнэт тодхон санасан юм. Тэгээд 2001-2002 оноос азарга сэтэрлэн, адуу цуглуулж түүний нэрлэснээр "моринд орсон” гэнэ. Эхний жил аймагтаа хязаалан айрагдуулж, бас түүний нэр дээр уралдуулсан азарга айрагдахыг үзэж ихээхэн урам оржээ. Аймгийн алдарт уяач Цагаан-Овоогийн Батзоригийг уяач болгосон доо, тэднийд манай адуу байдаг, морь уяж, уяа сойлгыг нь тааруулах, жилийн дөрвөн улиралд идэш тэжээлий нь тооцож, асарч тойлох их ажлыг өөрийнхөө хэдтэй адилаар тэр л хийдэг. Манай Дорнод аймаг хурдтай, ганцхан гадны хүний нэр дээр хурдалж, гадагшаа зарагдаад байдаг, өөрийнхөө хүлэг морийг өөрийнхөө нэр дээр улсад хурдлуулж төв цэнгэлдэхийг тойрсон хүн Цэндбаатар бид хоёроос ондоо байхгүй дээ. 2008 онд анх хязаалан уралдуулсан маань улсад зургаалж, тэндээ заращаж үлдээд, хойтон нь соёолондоо айрагдсан. 2009 онд улс хувьсгалын 88 жилийн билэгтэй сайхан ойгоор шүдлэщ маань айрагдаж монгол хүн гэдгээ мэдэрч, наадмын ногоон талбай дээр их л баяртай явсан даа. Дашрамд хэлэхэд том хүү маань аавтайгаа морь мал руугаа очих дуртай, харин бага нь бараг очдоггүй мөртлөө Зоригоо ахынхаа барьж сойсон морьдоос улсад алийг нь уралдуулахыг зааж өгдөг юм, зааж өгдөг ч гэж, түүний зангасныг сонгоход нэг их алдаж байгаагүй гэх үү дээ. Хүү маань удам угсаандаа хүлэг сайн морьдтой, уул усныхаа онгон сэтэртэй сайхан буянтай явсныг бага ч гэж үргэлжлүүлэх замыг нээж өгсөнд баяртай бас их таатай байдаг аа. Бусдын жишгийг дагаад цэвэр англи азаргатай болсон, Зоригоогийн гүүнээс гарсан түүний төл саяхны бооцоотой уралдаанаас эзэндээ Ланд машин авч өгөв шив дээ. Нэгэнт Монгол маань дэлхийн улсуудтай хөл нийлүүлэхийг зорьж байгаа том баячуудын сая саяар нь мөнгөө цацдаг цэвэр цусны дэлхийн хурдуудыг үржүүлж, морин тойруулгаа мэргэжлийн хүрээнд бэлтгэж байх хэрэгтэй дээ гэж бодсоноос сонгодог үүлдрийн адууг үржүүлэхэх сурвалжийг тавьж байгаа ць энэ. Бас монгол угсааны адуугаа тусад нь эрлийзжүүлэхгүй үржүүлж, тэсвэр тэвчээр зэрэг гайхалтай үзүүлэлтүүдийг нь харуулах ажил хийхийг зорьж байгаа гэж ярьж, төлөвлөж сууна. Түүний номын сангаар шагайвал мэргэжлийн номноос гадна сэтгэл зүйн нилээд ном. АНУ-н Нью-Йорк хотод хэвлэсэн "Ногзе” гэх дэлхийн цэвэр цусны адуунуудын тухай ном гэх мэт цомхон мөртлөө хөөрхөн сонголттой юм байна.
Түүний компанид залуус ажилд ороод мэргэжилтэй болж, цаашид хаана ч гологдохооргүй амьдралаа аваад явчихтай болдог. Энд тэндэхийи олон залуус ажилладгийн нэг хэсгийг Баян-Уул сумынхан эзэлдэг тэдэндээ бол ширүүн, хатуугараар сургаж, жинхэнэ ажилдаа эзэн болсон хүн байхыг шаарддаг. Хөдөө гадаа явж барилга, байгууламж барих, худаг гаргах, зам засах зэрэг хүнд хүчир боловч эр хүний хийдэг, сүүлд нь "Би үүнийг барилцсан юм” гэж бахархан дурсах сайхан ажил эрхэлдэг ихэр хоёр компанийн ажилчид нь өнөөгийн ажилчин ангийн нэрийн хуудас болж байна.
Амжилттай ажиллаж байгаа ийм хоёр компанийн захирал "Би ч менежерийн л үүрэг гүйцэтгэж явна даа. Монгол мөнгөтэй болох гэж байдаг, хүмүүсийн авах юмыг урьдчилан харж, одооноос бэлтгэх хэрэгтэй боловч чадаагүй л байна. Улс маань энэ бүхнийг мэдэж, мэдэрч, бэлтгэлээ базаах боломж ард түмэндээ өгвөл мөнгөний их урсгал дотооддоо шингэх юм” гэж орчин үеэ үнэлж дүгнэн, өөрийгөө голонгуй суугаа хөдөлмөрч, бүтээлч хүнийг балан харандаагаар чадан ядан зурсан маань энэ. Тосон будаг, гуашаар ч юм уу зурж, маажиндсан түүний төгс хөрөг удахгүй бүтнэ гэж хүлээж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих