Рааш овогт Пүрэвийн ЦОГБАЯР
Зурхайн тоолол жил мэнгэ: XVI жарны төмөр хулгана жил, 4 ногоон мэнгэ
Унасан газар угаасан ус: Говь-Алтай аймаг
Аавын сургаал амьдралын луужин: Шударга, хөдөлмөрч байх, мэдсэн сурснаа хуваалцах
Сурсан сургууль эзэмшсэн мэргэжил: МУИСургууль төгссөн. Физикч
Ажлын гараа өнөөдрийн бариа: Шарын гол хот II 10-н жилийн сургуульд физикийн багш, "Цог-Октаэдр” ХХК-ийн захирал
Хорол тооно тулсан хос багана: Хань Д.Эрдэнэбилэг математикч
Арга бэлгийн заяа алтан аргамж: Хүү, охин хоёртой. Хуульч, сэтгэл судлалын мэргэжилтэй
Эр хүний ноён нуруу намба төрх: Хангай шиг түшигтэй хамт олондоо үгүйлэгдэх хэмжээний
Ажилч бүтээлч байхын нууц: Ажлаа урьдчилж сэтгэлдээ хийсэн, ургуулж амьдруулсан байх явдал
Магнай тэнийх сэтгэлийн баясгалан: Төлөвлөсөн ажлынхаа ард гарах
Түмэндээ нэртэй олондоо тустай явахын учир: Бусдыг хайрлаж туслаж явах
Төрийн мялаалга улсын хишиг: АХ-ын 70, 80 жилийн ойн медаль, МУ-ын "Тэргүүний барилгачин”
Т.Саранчимэг
2008 оны хаврын дунд сар. Хуучин цагт засварын бааз гэж байсны хойдхон талд нэгэн таван давхар байшин сууриа тавин өндийж эхэллээ. Хэн хэрхэн үүнийг босгочхов хэмээн бие биенээсээ асуун сураглаж байсан цаг саяхан мэт санагдавч өдгөө тэнд орчин үеийн шийдэл бүхий шинэ цагийн барилгууд бие биетэйгээ эн чацуурхан жижигхэн "вант улс " мэт бяцхан хотхон сүндэрлэж, хүүхдийн тоглоомын талбай машины зогсоол гээд хүний тохилог тухлаг амьдрах орчныг бүрэн бүрдүүлэхээр их ажил ид өрнөж байна.
Энэ бүхнийг эвлүүлэн бүтээн босгож байгаа эрхэм бол Пүрэвийн Цогбаяр.
Хөглөгөр Алтайн хөндлөн хөх уулсын хүү ургах наран дорх нутагт минь хийж бүтээхийн цогийг бадрааж байгаа нь энэ.
Түүний босгосон "Бумбат” хотхонд одоо 184 айл үүдээ нээж, өрхөө татан, гал голомтоо бадраан амьдарч байна. Цогбаяр гэдэг энэ хүнийг ч Дорнодынхон андахаа больж. Тэгээд ч Цогбаярыг Пүрэвийн Цогбаяр гэхээсээ илүүтэйгээр "Бумбат”-ын Цогбаяр гэцгээх юм.
"Бумбат” хотхон боссон түүхийг өгүүлэх нь:
Хэдэн жилийн өмнөөс тэрээр Дорнод нутагт түүхий эд бэлтгэх ажлаар ирдэг болж. Түүхий эд гэдэг амархан мууддаг, зөв хадгалалт их шаарддаг эд. Ингээд ноос ноолуур, арьс шир, хадгалах томоохон хэмжээний агуулах барьчих санаатай явж байлаа.
Түүхий эдийн "Эмээлт” захын өнөөгийн дүр төрхийг олоход хувь нэмрээ оруулж томоохон агуулах сав барих ажилд нь оролцож явсан түүнд агуулах барина гэдэг бол туршлагажсан ажил нь.
Ингээд хуучин"Танк”гэж нэрлэгддэг орос цэргийн ангийнхан байрлаж байсан байшингийн үлдэгдэл балгас болсон хоёр таван давхар байшинг худалдан авав.
Балгас болсон учрыг манайхан бүгд мэднэ. Мэдэхгүй нэгэнд бол Дорнодынхон японы бөмбөгөнд өртсөн хотынхоо нэгээхэн хэсгийг түүх болгон хадгалж байгаа юм болов уу гэж бодогдмоор. Баруун талаас нь аймаг руу орж ирэхэд үүдэндээ хогоо овоолсон айл шиг л байдаг байсан сан.
Агуулах барих ажлаа бодоод явж байтал аймгийн төвд 46-р байр гэж баригдаж байх юм. Үзтэл өөрт нь байгаатай адил угсармалын материал. Яагаад үүгээр барилга барьж болохгүй гэж.
Барилгын материал үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүдээ "татан буулгачихсан” олигтойхон ч блок үйлдвэрлэж чадахгүй байсан тэр үед томоохон хэмжээний барилга барина гэдэг санаанд буухгүй үе байв. "Зориг байгаа газарт зам нээгддэг” гэдэг эртний үг байдаг даа.
Ингээд л тэр агуулах барих ажлаасаа "урваж” барилга орон сууц босгох ажилд сэтгэл шулуудан орлоо. 2007 оны намар "Цог октаэдр” компаниа ч байгуулав. Чих байгаад дүлий, нүд байгаад сохор хүн бизнес хийхгүй биз. Харин Цогбаярын хувьд бизнест нүдтэй хүн юм. Манай аймагт 2007 оноос эхлэн ганц нэг таван давхрууд баригдан бүтээн босголтын ажилд бүхнийг дуудан байсан цаг. Үүнийг тэр олж харж мэдэрсэн аж.
"Хүмүн холын бодолгүй аваас ойрын зовлон оршмуй” хэмээн дорнын их сэтгэгч гүн ухаантан Күнз айлдсан нь бий. Алсын хараатай, холыг бодож, хүний төлөө гэсэн сэтгэлээр хийсэн ажил хөгжиж дэвжих нь зүйн хэрэг юм.
Их барилгын ажил ч эхэллээ. Барилгын ажил гэдэг хүнээс тал бүрийн эрдэм мэдлэг, авьяас, чадвар, ур ухааныг шаарддаг ажил.
Хамгийн эхлээд л хүнтэй ажиллана, хүн удирдана. Удирдахуйн ухаанд 18 жил боловсорсон нь түүнд хүнийг ажиллуулах, хүнээс юм сурах, хүнийг шахаж шаардахад хүртэл тус болж байсан юм.
Аль тэртээ 1-р ангиасаа эхлээд 10 жил ангийн дарга, ангийн даргаас ангийн багш, ангийн багшаас хичээлийн эрхлэгч, хичээлийн эрхлэгчээс Шарын голын даргын ажлыг хүртэл хийж байв. Энэ "их сургууль” д тэрээр "удирдах, удирдуулахуйн” мэргэжлийг сайтар эзэмшжээ.
Түүний хувьд монголын анхны томоохон ил уурхай болсон Шарын гол, тэнд амьдрах 12000 хүний амьдрал бол удирдахуйн ухааны "дипломын ажил” нь. 1989 он. Улс орон төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үе, хүмүүсийн нийгмийн сэтгэлгээнд ч өөрчлөлт гарч байсан тэр хүнд цагт энэ айлын ачааг үүрч гарах даалгавар хорин наймхан настай залууд оногдсон байлаа.
"Шарын голынхон намайг амьдралын ухаанд сургасан буянтай хүмүүс” Удирдахуйн мэргэжилд мэргэшсэн түүнд барилгачдаа удирдан ажиллахад туршлага дутах юмгүй аж. Дашрамд хэлэхэд Бумбат хотхоныг босгох ажилд 100 % Дорнод нутгийн хүмүүс ажиллаж байгааг сонсоод манайхан залаад удирдаад хэлээд заагаад өгвөл хэнээс ч дутахгүй хийж бүтээж чадах юм байна гэж өөрийн эрхгүй бахархаж байснаа нуух юун.
Хүнд хийж сурсан ажил, эзэмшсэн мэдлэг гэдэг юу юунаас ч чухал. Хэн ч хэзээ ч булаагаад аваац явчихгүй хур хөрөнгө.
Барилгын энэ их ажилд ч түүний мэдсэн сурсан бүхэн хэрэг болж, хийж бүтээх үйлд нь тулгуур болж явна. Инженер техникийн ажилтнуудтайгаа ажил төрлийн санаа оноогоо солилцоход МУИС-д эзэмшсэн физикч мэргэжил тус болно.
"Физик миний ажилласан бүхий л салбарт их хэрэг тусаа өгсөн шинжлэх ухаан. Физик гэдэг бол агуу шинжлэх ухаан юм шүү” гээд төгссөн сургууль эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж явдаг хүн.
Ийм ч учраас октаэдр гэх огторгуйн найман талт биетийн нэрээр өөрийн байгуулсан компаниа нэрлэжээ. Ертөнцийн найман зүг, дөрвөн зовхист бизнес нь өргөжин дэлгэрэхийн бэлгэдэлт утгатай юм. "Цог октаэдр” компанийг байгуулсан түүх, Бумбат хотхоны боссон учир ийм.
Одоо "Цог октаэдр” компани улсад сард арван сая гаруй төгрөгийн татвар төлж, "Манлай татвар төлөгч” компаниар шалгараад байгаа. Мөн 600 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна. Энэ бүх ажлыг хийж бүтээсний төлөө Монгол улсын "Тэргүүний барилгачин” цол тэмдгээр түүнийг шагнасан юм.
Үүлс дээшээ дээвэр тулж, уулс тийшээ хаяа тэлсэн олон хотхоныг "Бумбат” хотхон араасаа дагуулан талын хот минь өргөжин хөгжих нь гарцаагүй ээ.
Халаасан дахь хэдэн төгрөгөө "хажуу өрөө”-нд тушаачихдаг байсан залуус өөрийн гэсэн орон гэртэй болж, нутгийн залуус барилгын салбарт хүчээ явна.
Тэрээр Дорнод нутагт зөвхөн Бумбат хотхоныг бариад зогсоогүй хажуугаар нь Дорнод ХАҮТ-ын тэргүүлэгч, Дорнод аймгийн засаг даргын дэргэдэх зөвлөлдөх хорооны гишүүн, МАН-ын дэд бүтэц, барилга хариуцсан зөвлөлийн дарга, МАН-ын хорооны гишүүн, Дорнодын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн зэрэг үүрэгт ажлыг энэ их ажлын хажуугаар амжуулж хийнэ.
Завгүй завгүй гэхэд сагсан бөмбөгөө тоглох завтай явна,завтай хүн юм уу гэхэд зайгүй энэ их ажлаа гүйцэлдүүлэх гээд хэн хүнд олдохгүй бэрхтэй. Цаг нар хоёртой уралдаж явдаг хүн гэвэл ТЭР.
МАН-ын хорооны гишүүн гэхээс намд элссэн түүх нь сонирхолтой. 1985 онд МАХН-д элсэх хүсэлтээ өгсөн ч манай намд энэ жил очер байхгүй гээд хүлээн авсангүй. Харин дараа жил нь очер бий боллоо гээд намд элсэх санал тавихад нь "Би МАХН-д очерлохгүй” гээд элсээгүй "зөрүүд”. 1995 онд намын гишүүнд элсэх хэрэгтэй гэхэд ч элссэнгүй. Ингээд МАН болсон хойно нь намд элссэн юм гэдэг.
Бизнес гэхээр л бид хамгийн түрүүнд мөнгө, ашиг хоёрыг боддог. Мөнгө бол бидний амьдралын үнэ цэнийг хэмжих хэмжүүр биш харин түүнээс илүү үнэ цэнэтэй зүйл бол амьдралын мөн чанар юм.
Хүний төлөө бусдын төлөө гэсэн сэтгэлээр хандаж хийсэн бизнес амархан хөлөө олж хөгжиж дэвждэг. Мөн алсын хараатай холын бодолтой хийсэн бизнес амжилтанд хүрч урт удаан хугацаанд оршин тогтнох нь жам юм.
Бизнесийг тэр ингэж ойлгоно. Түүний бизнест хөл тавьсан түүх бас сонин.
1996 онд одоогийн "Мөнгөн гүүр” компанийн захирал дүү нь дуудлаа. Долоо хоног түүхий эдийн "Цайз” захаар даган явж дүүгийнхээ ажилд тус нэмэр болж үзэв. Гэтэл төсвийн ажил хийн зовж зовж олдог мөнгийг энд ганц нэгхэн хоногт олж байх юм. Үүнийг харан гайхаж басхүү "Цайз" захын эмх замбараагүй байдал, аймаг аймгаас ачиж ирсэн түүхий эдийг хадгалах агуулах сав ч үгүй ёстой л нэг түм түжигнэж, бум бужигнасан газар болохыг үзээд шогширч явлаа.
Ингээд Монгол Туркийн хамтарсан сургуулийн аж ахуй хариуцсан захирлын ажлыг түүхий эдийн ченжийн ажлаар солив.
Түүнийг энд их ажил хүлээж байж. Хамгийн эхлээд зохион байгуулалтанд орох хэрэгтэй хэмээн бодож "Шагай октаэдр” компани байгууллаа.
Малын гаралтай түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортлогчдын холбоо ТББ байгуулж тэргүүнээр нь сонгогдов. Олон тусдаа байсан бизнес бизнесмэнүүдийг нэгтгэн төвлөрүүлж бизнесийн ертөнцөд хөл тавьж хүчээ өргөх болсон юм.
Бизнест тэр дандаа амжилт олж байсангүй алдах эндэх тохиолдолтай
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих