Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар Үндэсний их баяр наадмын салбар хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа.
Баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 4-15-нд урлаг соёлын 16 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөө БСШУЯ-ны дэд сайд, Соёл урлагийн салбар хорооны дарга Я.Төмөрбаатар танилцуулав.
Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулахаар болсон байна. Концерт Чингисийн талбайд долдугаар сарын 10-нд буюу Төрийн далбааны өдрөөр болох аж. Баяр наадмын өдрүүдэд тус талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн, хүүхдийн гала концерт, Монгол туургатны бүжгийн их наадам, "Дээлтэй монгол” наадам, урлагийн шоу, гадаадын алдартай хамтлагуудын тоглолт, морин хуурын фестиваль, "Улаанбаатарын үдэш” цэнгүүн зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Хүй долоон худагт "Адуучин” наадам болох юм байна.
Баяр наадам болоход 52 хоног үлдээд байна. Ажлын төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор салбар хороод тус бүр төлөвлөсөн ажлаа чанартай сайн гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх анхаарууллаа.
Ж.ГАНАА
medee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих