Өчигдөр 15.00 цагийн орчимд Төрийн ордны хоёрдугаар давхарт байрлах Засгийн газрын хуралдааны танхимд гал гарав. Галын улмаас хоёр, гуравдугаар давхар битүү утаагаар бүрхэгдсэн байсан юм. Тиймээс Төрийн ордны ажилчдын аюулгүй байдлын үүднээс үүдэнд гаргах ажиллагааг зохион байгуулав. Зарим ажилчид яарч, сандран гарсны улмаас гадуур хувцсаа орхисон, даарч буй нь илт байв.
Нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажилласны дүнд галыг бүрэн унтрааж, ажилчдыг Төрийн ордон руу нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Одоогоор гал юунаас гарсныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр өчигдөр өглөө Төрийн ордны цахилгааны ажилтан Засгийн газрын хуралдааны танхимын цахилгааны утсыг сольсон байна. Ингэхдээ буруу холбосон байх магадлалтай аж. Үүнээс үүдэн гал гарсан байж болох талтайг Төрийн ордны зарим ажилтан ярьж байна. Гал гарсны улмаас Төрийн ордны хоёр талын автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж хэсэгтээ л хөл, хорио тогтоов.
Өчигдөр 16:00 цагт Засгийн газрын хуралдаан товлогдсон байсан ч галын улмаас түр хойшлогдсон билээ. 17.00 цагийн үед Засгийн газрынхан Нутгийн удирдлагын танхимд хуралдаж Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явуулсан байна. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлсэн. Тэрээр "Засгийн газрын танхимын үүдэн хэсэг шатсан” гэв.
Ж.МАРАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих