УИХ дахь Бие даагчдын зөвлөл уламжлал ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун оролцож, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
Х.Болорчулуун: Монгол улс сайн хөршөөсөө сайн нөхцөлтөй зээл тусламж авч болно. Харин…
Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Монгол улсад айлчилж, хоёр орны хооронд олон таллт хамтын ажиллагаа явуулахаар цөөнгүй санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа. БНЭУ-аас манай улсад 1 тэрбум ам. долларын хөнгөлөлттөй зээл олгохоор боллоо. Ер нь бид сайн хөршөөсөө сайн нөхцөлтөй урт хугацаа, бага хүүтэй, хөнгөлөлттөй зээл авч болно. Гэхдээ зээл бүрийг аманд орж байгаа шар тос мэтээр ойлгож болохгүй. Энд би ОУВС-аас зээл авахаар яригдаж байгааг онцлон хэлмээр байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Одоогоор Стэндбай хөтөлбөр авна гэж албан ёсоор шийдээгүй ч ОУВС-ийнхан манай улсад ирж холбогдох судалгаа, шинжилгээ хийгээд явсан. Энэ хөтөлбөрт орвол 18 хүртэлх сарын хугацаагаар зээл авах боломжтой.
2015 оны 5-р сарын 15. УИХ-ын чуулганы хуралдаан
Манай улс ОУВС-ийн Стэндбай хөтөлбөрт орох талаар ид яригдаж байна. Ерөнхий сайд баасан гарагийн УИХ-ын чуулганд оролцохдоо ОУВС-ийнхан манайд ирж, Стэндбай хөтөлбөрт хамруулах талаар судалгаа хийж байгаа, бид судлуулж байна гэж хэлсэн. Ер нь ОУВС-ийн зээлийн цаана тодорхой бүлэглэлийн ашиг сонирхол явж байдаг. Зээл өгснийхөө хариуд эдийн засгийн шаардлага, тулгалт тавьдаг.
Бид Аргентина улсад очиж, туршлага судалж байх үеэр дэд сайд нь хэлж байсан. ОУВС-ийн зээл тусламж, зөвлөгөөний дагуу олон жил явлаа. Ингэх тусам улсын маань эдийн засаг улам хүндэрч хямарсан гэж. Тиймээс Аргентина улс ОУВС-ийн элдэв зээл хөтөлбөрийг авахаа больсон байдаг. Ер нь аливаа улс орон өөрөө өөрийгөө мэдэж, удирдаад явсан нь хамгийн зөв юм билээ гэж ярьж байсан.
МАНАН татуулж хамтрасан үе бүртээ Стэндбай хөтөлбөрт хамрагдаад байдаг нь гайхшрал төрүүлж байна.
Монгол улс Стэндбай гэдэг хөтөлбөрт хэд хэдэн удаа хамрагдаж байсан ч амжилт олсон түүх байхгүй. МАН, АН-ууд хамтран засаг барьж МАНАН татуулсан үе бүртээ энэ хөтөлбөрт хамрагдаад байдаг нь гайхшрал төрүүлж байна. Өөрсдийгөө том гэж нэрлэдэг энэ хоёр нам нийлж, засаглалыг сайжруулна, эдийн засгийн хямралаас гаргана гэж л ярьдаг. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ. Сүүлдээ хоёр хар хэрээ нэг нэг рүүгээ чулуу шидэлцээд улс орныг улстөржүүлсэн байдалтай л авч явж байна шүү дээ.
Аль аль нам нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй гэж амлаж байсан. Өнөөдөр өрийн дээд хэмжээ 60 хувьд хүрээд байна.
Зээл гэдэг зүйл өнөөдөр хэрэгтэй боловч цаашид улс орны ирээдүйд маш их хортой. Монгол улс 2017 оноос эхлээд 2 тэрбум ам. долларын өр зээлд төлж эхэлнэ. Үүнийгээ яаж төлөх вэ гэдэг график схемээ гаргах ёстой. Монгол улс нэг тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай ажиллаж байна.
Засгийн газар ажил хийх бус зээл тусламж хөөцөлдсөөр цагаа барж байна
Эрх баригч намууд хамтран засаг барьсан ихэнх хугацаагаа яам тамгын газар, сандал ширээ булаалдсаар л өнгөрөөж байна. Өнөөдрийн хямрал бол дэлхийн эдийн засгийн байдлыг дагаад зайлшгүй тохиолдож байгаа хямрал биш ээ. МАНАН-гийн алдаатай бодлогын үйлийн үр ингэж илэрч байна.
Засгийн газар дотоодын нөөц боломжийг ашиглаж, улсаа хөгжүүлэх талаар ярихгүй, Зөвхөн зээл тусламжид л дулдуйдаж байна. Зээл хайгаад л суухаас биш ажил огт хийхгүй байна. Энэ байдлаараа бол цаашид Ч.Сайханбилэгийн Засгийн газраас сайн юм хүлээгээд горьдсоны гарз болох нь ээ.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих