"Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” шинээр байгуулагдсанаа өнөөдөр зарлаж Ардчилсан намд дүрмийн, хариуцлагын, боловсон хүчний шинэчлэл хийхийг уриалж байна. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр анхдугаар зөвлөгөөнөө Пума зочид буудалд зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн АН-ын хорооны болон ҮЗХ-ны гишүүд, дэмжигчид гээд нийтдээ 100 гаруй гишүүн оролцлоо.
Зөвлөгөөнөөс АН-ын нийт гишүүд дэмжигчдэд хандан уриалга гаргаж, намын удирдлагууддаа шаардлага хүргүүлэх аж.
-Энэ зөвлөгөөнөөс намынхаа гишүүдэд хандаж уриалга гаргаж байгаа юм байна. Энэ талаар тодруулбал?
-АН-д олон жил бугшсан асуудлуудыг задлах, бодлогын болон дүрмийн тодорхой шинэчлэл хийх болсон байна. Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж, улс төрийн соёлоор бусаддаа үлгэрлэдэг, улс орноо тогтвортой хөгжлөөр манлайлж чадахуйц улстөрийн институт болж шинэчлэгдэхийг өнөөгийн нийгэм биднээс шаардаж байна шүү дээ.
Иймээс ҮЗХ-ны хурал, Намын их хурлаа зарлан хуралдуулж, намын үндсэн дүрмээ яаралтай шинэчлэе. Хүний нөөцийн бодлого, намын санхүүжилтээ ил тод, нээлттэй, болгоцгооё. Популизмыг биш судалгаатай, гарц шийдэлтэй, шинжлэх ухаанч, бүтээлч санаачлагуудыг дэмжиж, бодлогын шинэчлэл хийцгээе.
АН-ыг улстөрийн мэргэшсэн институт болгон хөгжүүлэхийн тулд үндсэн дүрэмд эрс шинэчлэл хийх хэрэгтэй үзэн бодлогын асуудлуудаар эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. Өнөөдөр АН-д тодорхой бодлогын шинэчлэл үгүйлэгдэж байгаа. Нам олон фракцад хуваагдсан.Байгуулсан Засгийн газраа өөрсдөө огцруулсан. 1996 оных шиг түүх давтагдсан. Энэ бүхний тусгал нь жирийн иргэдийн амьдралд, бизнест нь , ажилд нь тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн бодлогын тасралтгүй залгамж халаанд асуудал үүсч байна. Ийм учраас АН-ын залуучууд бид хөдөлгөөнийг байгууллаа. АН-ын бүх гишүүдийн оролцоог хангасан дотоод ардчилалтай нам болгон төлөвшүүлэх, цаашдаа улс орны хөгжлийг авч явах бодлогын институтыг байгуулахын төлөө ажиллана. Нийт гишүүдэд хандаж АН-аа шинэчлэх, шинэчлэлд идэвхитэй оролцохыг уриалж байна. Эрдэмтэн судлаачидтай хамтран бодлогын баримт бичгийг боловсруулж байна. АН-ын удирдлагуудад АН-ын ээлжит бус их хурлыг ирэх зургадугаар сард зарлан хуралдуулаач гэсэн шаардлага хүргүүлнэ.
-Хөдөө, сум, дүүргүүдэд намаа шинэчилье гэсэн уриалгыг дэмжиж бид орон нутгаас ирж оролцож байна. Анхан, дунд шатны байгууллагын удирдлагууд зөрчилдөж талцах, фракцлах ужигт автаад, зөрчилдөөн даамжирч байгааг нуух аргагүй болжээ. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаасаа илүүтэйгээр фракцынхаа хүмүүсийн төлөө үйлчилдэг болсон байна. Шалтгаанаа зөв тодорхойлж байж л эмчилж чадна шүү дээ. Сайхан байна гэж худлаа яриад өөрчлөлт хийгдэхгүй.Тэгэхээр нам дотор үүсээд байгаа асуудалдаа бодиттой дүн шинжилгээ хийж, бодлогын томоохон шинэтгэл хийх цаг нь болсон гэж бодож байна.
Манай аймагт л гэхэд АН-ын хорооны гишүүн, төлөөлөгчдийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгчихсөн байх жишээний. Дотоод зөрчил нь гаарч журмынхаа нөхдийг хууль хүчний байгууллагаар шалгуулж эрүү үүсгэж байна. Дорнод аймгийн АН-ынхны хувьд хоёр хуваагдсан. Дорнод аймгийн АН-ын дарга гэгддэг Цэрэнчимэг гэгч бүсгүй бий. 2012 оны сонгуулиар намаа ялалт байгуулж чадаагүй. Намын дүрмээр бол шууд л огцрох ёстой. Гэтэл намын гишүүдийг шахаж, оронд нь ах дүүсээрээ хүрээлүүлсэн. Үндсэндээ Дорнодын АН гэр бүлийн нам болж хувираад байна шүү дээ. Ийм нөхцөл байдалтай байгаа учир энэ хөдөлгөөнд нэгдэж орон нутагт ч намын шинэчлэлийг яаралтай хийх болсон гэдгийг уламжлахаар ирж оролцож байна.
-АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг залуу гишүүд нэгдэн зохион байгуулсан байна. Шинэчлэлийг гишүүд дэмжигчид хэр хүлээн авч байна?
-Би Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны гишүүн, Нийслэлийн намын зөвлөлдөх хороонд тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Энэ намын ачааг анхан дунд шатанд нь үүрэлцэж байгаа гишүүний хувьд АН-ынхаа ирдээүйд сэтгэл зовинож шинэчлэх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг болж ажиллаж байна.
АН-ыг шинэчлэх зорилгод маш олон залуучууд, анхдагчид гээд үе үеийн гишүүд дэмжигчид нэгдэж байна. Хамгийн түрүүнд манай намд бодлогын шинэчлэл, хариуцлага ёс зүйн шинэчлэл хэрэгтэй байна. Энэ болохгүй байгаа зүйлсийг хэр засч залруулаад цааш явах вэ гэдэгт саналаа солилцож байна.
-АН дотор намаа шинэчлэе гэсэн хөдөлгөөн, хороо өмнө нь байгуулагдаж байсан. Танай хөдөлгөөн АН-д нэн тэргүүнд шинэчлэл шаардлагатай гэсэн бодлогуудаа гаргаж байна. Эдгээрийг хэрэгжүүлэх боломжууд байна уу?
-Шинэчлэлийг АН-ын дүрмээс эхлүүлэх хэрэгтэй. Манай намын дүрэм хэрэгжиж чадахаа байсан. Сөрөг хүчин байх ёстой зохицуулж болоод байсан бол эрх барьж байхад боломжгүй болсон. Дүрмээ шинэчилснээр намынхаа тогтвортой байдал, эв нэгдлийг бий болгоё. Намын гишүүдэд хариуцлага ёс зүйн зохицуулалт, дотоод ардчиллыг зохицуулах шаардлагатай болсон.
-АН-ын фракциудын тэмцэл, зөрчил шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Та нар яаж зохицуулах гэж байна?
-Монгол Улс олон намын тогтолцоотой болоод 25 жил болж байна. АН төлөвших хугацаа хангалттай болсон. 25 жилийн дараа юу болохгүй байна гэдгээ эргэж хараад томоохон хэмжээний өөрчлөлт, шинэчлэл хийх цаг хэдийнэ болсон. Ингэхдээ аль фракцын гэхээсээ илүү намын анхан шатнаас эхлээд хариуцлага ёс зүйн асуудлыг ярилцах болжээ гэдгийг хэлдэг болж. Сүүлийн үед АН фракцгүй болоё гэсэн уриалга дотооддоо явж байна. Энийг нэг өдөр биш хэсэг хугацаанд хийгдэнэ. Хамгийн гол нь зоригтой энэ асуудлаа шийдэж хамтарч байж шинэчлэлийг хийнэ. Шинэчлэлийг хүсч нэгдэж байгаа гишүүд дэмжигчид гол төлөв залуучууд байна. Энэ нь шинэчлэх цаг болсон гэдгийг харуулж байна.
Холбоотой байя 24tsag.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих