Улаан, шар, ногоон өнгийн хослол, ширэлдсэн мэт урт үс, амьдралын сайн сайхныг магтан дуулагчид бол регги хөгжмийн билэг тэмдэг. Амар амгалан, Энх тайван, Хайрын илэрхийлэл болсон Регги хөгжмийн урсгалыг 1960-аад оны эхэн үед Карибын арлын Ямайка улсад үүссэн гэж үздэг байна. Энэ урсгалын төлөөлөгчдөөс Боб Марлиг дэлхий нийтээрээ мэддэг.
Тэгвэл Монголд ч регги дуунууд төрөн гарч, залуусын тодорхой хэсэг нь энэ урсгалыг сонирхон сонсдог болжээ. Монголын регги урсгалын анхдагчдын нэг нь манай аймгийн харъяат Тэмүүлэн буюу Ratabuzz хэмээх дуучин залуу байдаг. Тэмүүлэн Хэрлэн сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн 2001 оны төгсөгч бөгөөд дунд сургуульд сурч байхдаа хип хоп чиглэлийн Cold rhymes хэмээх хамтлаг байгуулан, аймгийн Одод болох хүслэн зэрэг уралдаан тэмцээнд амжилттай оролцож явсныг нь Дорнодын 1990-ээд оны хүүхэд залуус андахгүй.
Тэрээр 2006 оноос Улаанбаатарт Хөгжмийн найруулагчаар ажиллаж байх үеэсээ регги урсгалыг сонирхон сонсож, хэд хэдэн уран бүтээл туурвисан нь Монголд регги урсгалын анхны давалгааг бий болгожээ. Түүний анхны уран бүтээлүүдийн нэг "Яг одоо сайхан байна” хэмээх дуу нь "Аз жаргал the bad boy” Монголын уран сайхны кинонд дуулагдаж байжээ.
Одоогоор Тэмүүлэн гэр бүлийн хамт регги стилийн хувцас, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл худалдаалдаг ReggaeBus shop хэмээх дэлгүүрийг ажиллуулж байгаа бөгөөд Backyard Label студийн Artist буюу дуучнаар ажилладаг юм байна. Саяхан тэрээр Backyard цомгийнхоо нээлтийг хийжээ.
Регги хөгжмийн урсгалыг эх орондоо түгээхээр зориг шулуудан уран бүтээл туурвиж буй дуучин Тэмүүлэн буюу Ratabuzz-даа амжилт хүсэхийн ялдамд түүний уран бүтээлүүдээс толилуулж байна
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих