"Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” шинээр байгуулагдснаа өнөөдөр зарлалаа. Тэд Ардчилсан намд дүрмийн, хариуцлагын, боловсон хүчний шинэчлэл хийхийг уриалж байна. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр анх дугаар зөвлөгөөнөө Пума зочид буудалд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн АН-ынхорооны болон ҮЗХ-ныгишүүд, дэмжигчид гээд нийтдээ 100 гаруй гишүүн оролцов. "Ардчилсан намын дүрмийг шинэчлэх, боловсон хүчний шинэчлэл хийх, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай болсон тул ийнхүү шинэчлэлийн хөдлөгөөн байгуулсан гэдгээ мэдэгдлээ.
Шинэчлэх хөдөлгөөний анхны зөвлөгөөнөөс АН-ын нийт гишүүд дэмжигчид болон нийгэмд хандсан "Уриалга”, АН-ын удирдлагад "Шаардлага” хүргүүлж байгаа аж. "Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс АН-ынИх хурлыг 2015 оны зургадугаар сардаа багтаан хуралдуулж, АН-ын дүрмийн шинэ төслийг хэлэлцүүлэхийг шаардаж байгаа юм байна. Зөвлөгөөнд шинэчлэлийг хүссэн хот хөдөөгийн гишүүдээс гадна дэмжигчид олноороо ирсэн байв. Зөвлөгөөнд оролцож үгээ хэлж буй гишүүд "Өнөөдрийн ардчилсан үнэт зүйлс, үзэл баримтлал, эрхэм зорилгоосоо хазайж, хүний нөөцийн бодлогоо алдлаа. Намын дотоод ардчилал өдрөөс өдөрт бүдгэрч байна. Жирийн гишүүд, залуучуудынхаа дуу хоолойг сонсдоггүй. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь бие биенээ үгүй гэсэн мэдэгдлийг ээлж дараалан хийх боллоо. Монгол төрийн хар хайрцагны бодлого, тогтвортой байдал, залгамж чанар алдагдаж шинээр томилогдсон сайдууд өмнө сайдынхаа хийснийг үгүйсгэх явдал газар авлаа. АН-д хариуцлагын шинэчлэл зоригтой хийцгээе” хэмээн шүүмжлэлтэй хандаж байв.
АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Р. Шинэгэрэл " АН-д олон жил бугшсан асуудлуудыг задлах, бодлогын болон дүрмийн тодорхой шинэчлэл хийх болсон байна. Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж, улстөрийн соёлоор бусаддаа үлгэрлэдэг, улс орноо тогтвортой хөгжлөөр манлайлж чадахуйц улстөрийн институт болж шинэчлэгдэхийг өнөөгийн нийгэм биднээс шаардаж байна шүү дээ.
Иймээс ҮЗХ-ныхурал, Намын их хурлаа зарлан хуралдуулж, намын үндсэн дүрмээ яаралтай шинэчлэе. Хүний нөөцийн бодлого, намын санхүүжилтээ ил тод, нээлттэй, болгоцгооё. Популизмыг биш судалгаатай, гарц шийдэлтэй, шинжлэх ухаанч, бүтээлч санаачлагуудыг дэмжиж, бодлогын шинэчлэл хийцгээе” гэлээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын АН-ын дарга П.Болдсайхан "Хөдөө ,сум, дүүргүүдэд намаа шинэчилье гэсэн уриалгыг дэмжиж бид орон нутгаас ирж оролцож байна. Анхан, дунд шатны байгууллагын удирдлагууд зөрчилдөж талцах, фракцлах ужигт автаад, зөрчилдөөн даамжирч байгааг нуух аргагүй болжээ. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаасаа илүүтэйгээр фракцынхаа хүмүүсийн төлөө үйлчилдэг болсон байна. Шалтгаанаа зөв тодорхойлж байж л эмчилж чадна шүү дээ. Сайхан байна гэж худлаа яриад өөрчлөлт хийгдэхгүй.Тэгэхээр нам дотор үүсээд байгаа асуудалдаа бодитой дүн шинжилгээ хийж, бодлогын томоохон шинэтгэл хийх цаг нь болсон гэж бодож байна.
Манай аймагт л гэхэд АН-ын хорооны гишүүн, төлөөлөгчдийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгчихсөн байх жишээний. Дотоод зөрчил нь гаарч журмынхаа нөхдийг хууль хүчний байгууллагаар шалгуулж эрүү үүсгэж байна. Дорнод аймгийн АН-ынхны хувьд хоёр хуваагдсан. Дорнод аймгийн АН-ын дарга гэгддэг Цэрэнчимэг гэгч бүсгүй бий. 2012 оны сонгуулиар намаа ялалт байгуулж чадаагүй. Намын дүрмээр бол шууд л огцрох ёстой. Гэтэл намын гишүүдийг шахаж, оронд нь ах дүүсээрээ хүрээлүүлсэн. Үндсэндээ Дорнодын АН гэр бүлийн нам болж хувираад байна шүү дээ. Ийм нөхцөл байдалтай байгаа учир энэ хөдөлгөөнд нэгдэж орон нутагт ч намын шинэчлэлийг яаралтай хийх болсон гэдгийг уламжлахаар ирж оролцож байна” гэв.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих