Манай сурвалжлагч Б.Батчимэг Япон улсаас мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн дараа Ц.Элбэгдорж, Шинзо Абэ нар хамтарсан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын дипломат паспортыг визээс чөлөөлөх, энгийн паспортыг олон удаагийн виз болгохоор шийдвэрлэснээ дуулгалаа.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дотно харьцаатай ирсэн бөгөөд 7 дахь удаагаа уулзалт хэлэлцээ хийж байна. Энэ удаад ч цаашдын хоёр орны харилцааны талаар илэн далангүй саналаа солилцсонд маш их баяртай байна. Монгол Улс эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал зэрэг нийтлэг үндсэн үнэт зүйлсийг эрхэмлэдэг найдвартай түнш юм. Цаашид ч Монгол Улстай дотно нягт харилцаатай байхыг хүсч байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны парламентаар соёрхон батлагдсан. Өнөөдрийн уулзалтаар хоёр орны стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэхийн тулд жинхэнэ утгаар эрх тэгш харилцаатай, харилцан ашигтай ажиллах талаар санал нэгдсэн юм. Хоёр орны иргэд хоорондын ойр дотно таатай байдал, харилцан итгэлцэл бол хоёр талын сайн харилцааны илрэл. Тиймээс цаашид энэхүү ажиллагаагаа идэвхжүүлэх хүрээнд Монгол Улсын дипломат паспортыг визээс чөлөөлөх, энгийн паспортыг олон удаагийн виз болгохоор шийдвэрлэлээ. Эдийн засгийн салбарын хувьд Япон Улс Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн төлөө өөрийгөө тэтгэх хүчин чармайлтыг дэмжиж ажиллах болно. Харилцан ашигтай эдийн засгийн харилцааг бий болгохын тулд мэргэжилтэн илгээх ажлыг дамжуулан Монголын өөрийн хүчин чармайлтыг дэмжих болно. Цаашид ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт гадаад харилцаа, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, хүмүүний харилцааг гол тулгуур болгож, бүхий л салбараар Монгол Улстай хамтран ажиллах харилцааг бэхжүүлэх санаатай байна” гэв.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэлдээ Монгол, Япон улс Зүүн Хойд Азид хамгийн ойр түншүүд болж чадсан гэдгийг онцоллоо.
Тэрбээр "2013 онд уулзсанаас хойш Япон Улсын Ерөнхий сайдтай 7 дахь удаагаа уулзаж байна. Үүнээс хойш дөнгөж хоёр жил хоёр сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ нь Япон Монголын динамик ямар хурдтай явж байгааг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж хэлж болно. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар илэн далангүй санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд Монгол, Япон улс Зүүн Хойд Азид хамгийн ойр түншүүд болж чадсан. Хоёр талын харилцааг богино хугацаанд эрчимжүүлэхэд Ерөнхий сайд Шинзо Абэгийн дэвшүүлсэн "Эрч, Эрч1” гэсэн санаачилга шийдвэрлэх үүрэгтэй байсныг энд онцлох хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр хоёр Засгийн газрын хүчин чармайлтаар хэлэлцэгдэж, мөн хоёр талын парламент баталсанд бид туйлын баяртай байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр бол дараагийн урт хугацаанд Монгол, Япон хоёр улс хамтран ажиллах урт хугацааны цоо шинэ шатыг нээж байна гэж бид харж байна. Мөн өнгөрсөн 25 жилийн хугацаанд хамтран ажилласан бахархам үр дүн гэж бид харж байна. Энэ дашрамд, 1990 онд Монгол Улсыг шинэ түүхэн сонголт хийхэд эхнээс нь эхэлж дэмжсэн Япон улсын ард түмэн, Засгийн газарт үргэлж талархаж явдагаа илэрхийлье. Хоёр улс бүс нутгийн болон олон улсын хүрээнд харилцан хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Ерөнхий сайд Шинзо Абэгийн идэвхитэй, энхтайван ч гадаад бодлого, олон улсын энхтайван тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Цаашдаа хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт урт удаан хугацаанд өргөжнө гэдэгт итгэж байгаагаа дахин илэрхийлье” гэсэн юм.
Б.Чимэг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих