УИХ-аас Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй. Ажлын хэсгийн ажил удаашралтай байгааг гишүүд шүүмжилж, Тавантолгойн төслийг хэзээ хэлэлцэх вэ гэх асуултыг УИХ-ын даргаас асуусаар байгаа юм. Ажлын хэсгийнхэн Засгийн газар, холбогдох яамдаас ирсэн мэдээллүүдтэй танилцаж, тодорхой асуудлаар шийдэлд хүрсэн байна.
Тэд юун түрүүнд иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж үр өгөөжтэй байх нөхцөлийг тусгах шаардлага бий гэж үзжээ.
Түүнчлэн Тавантолгойн төсөл дээр онцгойлон яригдаж буй асуудал бол төмөр зам. Тавантолгой төслийн сонгон шалгаруулалтын нэг хэсэгт төмөр замын асуудлыг оруулж өгсөн нь өөрөө Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйл явдал болсон гэдгийг ихээхэн шүүмжилсэн. Төмөр зам бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал учир хэрхэн хандаж, цаашид ямар гэрээ хэлэлцээ хийх шаардлагатай вэ гэдгээ давхар бодох учиртай. Түүнээс биш нэг улс, нэг компанид найдаж орхиж болохгүй юм.
Энэ нь хор уршигтай болохыг "Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс УИХ дахь АН-ын бүлэгт мэдээлэл хийх үеэрээ хэлж байсан.
Тодруулбал, "Энержи ресурс” компани автозам бариад, түүгээрээ нүүрсээ тээвэрлэж байхдаа уг автозамыг ашиглах компаниудаас нүүрсний тонн тутамд 5-6 ам.долларын тээврийн хөлс авдаг байсан аж.
Харин улс уг замыг худалдан авснаар нүүрсний тонн тутамд 1.25 ам.долларын тээврийн зардал авч байгаа гэнэ. Түүнчлэн төмөр зам, тээврийн чиглэлийг хувийн компани авснаар гадаад улсуудад гарсан алдаа, дутагдлыг ч танилцуулсан аж. Бусад улсын алдаан дээр суралцаж, дараагийнхаа алхмыг бодож тооцоолох нь гүйцэтгэх засаглал болон УИХ-ын гишүүдийн хийх ёстой ажил.
Монгол Улсын сайд, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн төсөлд төмөр замын асуудлыг хавчуулсан байдлаар оруулсан нь ийнхүү шүүмжлэлийн "бай” болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний төмөр замын сүлжээ байгуулах зэрэг шаардлага, зорилтыг үндэслэн шинээр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг төрийн өмчит "МТЗ” компанид олгосон байдаг. Гэтэл энэ чиглэлийн төмөр замыг Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгож, гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 35/32 болон 2015 оны 04/03 дугаар Зөвлөмжүүд, Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолыг тус тус зөрчигдөж буй юм. Энэ мэт тодорхой зөвлөмж, хуулийг зөрчин байж төмөр замын асуудлыг шийдвэрлэх цаг үе биш. УИХ дахь нам, эвслийн бүлгийн зүгээс ч Монгол Улсын хууль тогтоомжийг Тавантолгойн төсөл ямарваа нэг байдлаар зөрчих ёсгүй, ард нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх учиртай гэдгийг мэдэгдээд эхэлчихсэн.
Иймд Тавантолгойн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажлын хэсгийнхэн Тавантолгойн ордыг ашиглахдаа зүүн чиглэлийн төмөр зам буюу Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн урд чиглэлд баригдаж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажил 51.4 хувьтай явж буй. Ийнхүү Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэхдээ энэ хоёр чиглэлийн төмөр замыг барьж дуусгах нөхцөлөөр санхүүжилтийн хэлбэрийг тохирох, төлбөрийг нүүрсээр хийх зэрэг нөхцөлийг хөрөнгө оруулагч нартай тохирох үүргийг Засгийн газарт өгөхөөр шийдвэрлэжээ.
Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 1300 орчим км төмөр замын инженерийн болон ажлын зургийг Японы "Nippon Koe” компани хийж дуусгасан. Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг "Самсунг” компани гүйцэтгэсэн.
Далангийн ажлыг "Чингис бонд”-оос 200 сая ам.доллараар санхүүжүүлсэн байдаг.
Ажлын хэсэг Засгийн газарт тодорхой чиглэлийг өгөөд байна. Засгийн газар уг асуудлаар ажлын хэсгийн чиглэлийн дагуу ажилласны дараагаар Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд "Оюутолгойгоор зогсохгүй Тавантолгойн төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана гэж төлөвлөж байна.
Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Засгийн газар тууштай ажиллах болно” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэл, Тавантолгойн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсгийнхний Засгийн газарт өгсөн чиглэл зэргээс харахад Тавантолгойн төсөл удахгүй хөдлөх бололтой.
Ц.Цацрал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих