Холливудын киноноос л шоронгийн амьдрал, мафи, тулаантай боевик жанрын кино үзсээр ирсэн Монголын үзэгчдийн хувьд Монгол киноноос ч мөн ийм төрлийн өнгө аясыг "Ар хударга” киноноос олж харж болно. Сүүлийн үед олны дунд "Ар хударга” киноны талаархи ярианууд вирус шиг л тархаж байна. Учир нь уг кино Монголд нээлтээ хийсэн шинэхэн уран бүтээлүүдээс өөр ажээ. Энэ шумд хөтлөгдөн киноны тасалбар худалдан авч "Ар хударга” киног сонирхлоо. Кинотеатрын танхимд үзэгчид суудал дээрээ минут ч тухтай сууж чадаагүй гэхэд болно. Учир нь тус кино үзэгчдийг үйл явдлуудаараа эхнээсээ дуустал хөтөлж байлаа.
Киноны зураг авалтууд сонирхол татам. Ялангуяа киноны гол дүр Алдарын зодооны хэсгүүд тун үнэмшилтэй байсныг хэлмээр байна. Мөн Алдар шоронд ордог хэсэг киноны хамгийн сонирхолтой байв. Киноны талаархи шум үнэн байжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр, киноны туслах дүрд шоронд 15 жил хоригдсон Д.Сэлэнгэ гэх хүн тоглосон бөгөөд тэрбээр жүжигчин биш атлаа үнэхээр сайн тоглож байв. Шорон дотор өрнөх үйл явдал үзэгчдийг айлгасан гэхэд болно. Зритель дунд зарим нь "Жинхэнэ шорон байна”, "Жинхэнээсээ хоригдлууд тоглуулсан юм биш үү”, "Шоронд ийм байдаг юм байх даа. Дотор арзайчихлаа” гэх зэргээр шивэр авир хийцгээж байлаа.
Шоронгийн овгорууд камертаа банди нарыг жагсааж, тэд яг л хаандаа зүтгэж буй албат мэт үг дуугүй хэлснийг нь хийнэ. Биеэр бадриун Алдарын ааг омог нь амтагдаж, камерт орсон эхний өдрөө л камерынхантайгаа үзэж тарав. Энэ нь камерын овгорын дургүйг ч хүргээд амжина. Гэсэн ч ямар ч эр хүний эр зоригийг мохоохоор шоронгийн хатуу хэллэг, орчин нөхцөл, камерын бүдүү хадуун залуус Алдарыг номхотгох шиг л болно. Үзэгчид ч хүртэл сүрдсэн гээч. Камертаа хоригдох хоригдлуудын дүр зураг, шоронгийн деталь хэсгүүд үзэгчдийн зүрхэнд шар ус хуруулахаар бодитой, мэргэжлийн өндөр түвшинд байсныг ч энд нэмэлт хачиргүй бичмээр байна.
Хэзээ ч очиж үзмээргүй газар байна гэх жихүүцлийг ч үзэгчдэд төрүүлээд амжсан. Киноны хамгийн чухал амин сүнс нь яахын аргагүй зураг авалт гэдэгтэй энэ үед өөрийн эрхгүй санал нийлж байлаа. Алдар шоронд байх үедээ нэг хүнтэй танилцдаг. Тэрээр Алдарт шоронгийн амьдралын талаар болон түүнд энэ бүхнээс хэрхэн гарц олох арга замыг зааж өгдөг.
Кино эхлэхдээ үзэгчдэд таамаг төрүүлнэ. Цусанд хутгалдсан Марал /О.Долгор/ гэх бүсгүйг эмнэлэг рүү хүргэх Алдарын дүр зураг. Үзэгчид тэдэнд юу тохиолдсон талаар өөр өөрсдийн таамаг дэвшүүлж эхэллээ. Марал бүсгүйн гэрт Алдар хамт байх үед гаднаас Канжэ /С.Ариунбямба/ залуусын хамт орж ирдэг. Гэнэтхэн л Марал, Алдар хоёрын зургийг авч эхлэхэд үзэгчид энэ үеэс үйл явдлын тайллыг гаргаж ирэх гэж яарцгаана. Учир явдлыг гайхсан Алдар тэдний энэ байдалд дургүйцэж киноны зодоонтой хэсэг өрнөдөг. Манайд киноны ийм хэсгүүдийг нэлээдгүй болхи хийдэг гэхэд хилсдэхгүй биз. Харин тус кинон дээр тун үнэмшилтэй байсны дээр нүүр хувиргалт бол өөлөх юмгүй сайн байлаа. Киноны өрнөл хэсэгт үзэгчид яг л адал явдалт кинонд өөрсдөө орчихсон мэт байсан. Би ч мөн Алдартай хамт үйл явдлын зангилааг тайлахаар хөөж эхэлсэн.
Кинонд хар тамхины наймаа, мафиудын шантааж, хурган дарга нарын хуйвалдаан зэрэг бидний мэдээгээр л сонсдог мөртлөө өнөөгийн нийгэмд далд бугшсан бүхнийг шүүлтүүргүй харуулдаг. Гэхдээ Алдар энэ бүхний учрыг тайлах л болно. Хүчнийхэн мафитай холбоотой учир Алдар өөрөө бүх учрыг олохоор шийддэг. Түүнийг ийн тэмцэхэд нэг л шалтгаан бий. Тэрээр энэ бүх зөрчилдөөн, гэнэтийн зүйлүүдээс нэг л том шалтгааныг олж мэддэг. Энэ түүнд болж буй хэцүү бүхэнтэй тэмцэлдэх хүч нь болно. Мөн түүний "Ар хударга”-аар юу болсон зэргийг үзэгчдэд өөрсдөд нь үлдээе. Эцэст нь Алдар энэ бүхэнтэй тэмцээд амьд үлдэх болов уу, мафитай нүүр тулж чадах уу, шоронгоос гарч чадах болов уу зэрэг олон асуултын хариуг киног үзээд олж аваарай.
Киноны үйл явдлууд болоод өрнөлөөс өрнөлийн хооронд үзэгчид амьсгаа даран хүлээсээр кино дуусах болно. Юутай ч үзэгч таны "Ар хударга”-аар Д.Болдбаатар найруулагч тус киногоо АНУ-ын Вашингтон хотноо нээгээд амжсан байна. Тэндэхийн үзэгчдийн дунд ч мөн тус кино ярианы гол сэдэв болж байгаа талаар эх сурвалжуудаас сонсоод амжсан шүү.
Т.БАТСҮРЭН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих