- Яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очир: Монгол хүний ханш унаж байна. Түүнийг гагцхүү сэргээгдэх хүн чанар аварна -
Яруу найрагч,сэтгүүлч Даваасүрэнгийн Ган-Очирыг олон түмэн бүтээл туурвилаар нь хэдийн мэддэг болжээ. Түүний шүлэг яруу найраг тал нутгийн хүмүүний уужим сэтгэл, гоо үзэсгэлэн, сайн сайхан, эргэцүүлэл, гүн ухаан, гэгээрлээр дүүрэн гэхэд болно. Тэрбээр саяхан "Бясалгагч шүүдэр” яруу найргийн түүвэр, ”Дуурсахуй” нэртэй дууны шүлгийн боть ном хэвлүүлж уншигчдынхаа гар дээр тавилаа. Түүнтэй манай сурвалжлагч номынх нь сонин сайхнаас гадна өнөө цагийн Монголынхоо тухай ямар бодолтой явааг сонирхон асуулаа.
-Номыг хоёроор нь гаргаад уран бүтээлийн олз омог ихтэй байгаад баяр хүргэе.
-Баярлалаа. Ном бичье, гаргая, бүтээе гэж байгаа сэтгэлд ирж буй дохиог алдалгүй барьж ёсоор болгож байх нь чухал юм шигээ. Тэгэхгүйгээс олон сайхан урам зориг, санаа бодлоо хэрэгжүүлэхгүй байснаас бүтээлийн урам хугарна гэж бодож явдаг. Тэрнээс биш хийх юмгүйдээ, мөнгө олох гэсэндээ үйлдвэрлээд байвал энэ ёстой амьгүй албат гэдэг шиг юм болно.
-Та номоо ер нь яаж бичдэг вэ?
- Шүлэг найраг онгод урамаар хөглөгдөн бичдэг. Харах нүдний баясгалан, зүрхний гүн дэх гайхалтай дурсамж, хөгжим, байгаль гээд олон зүйлээс хүмүүн урлагийн мэдрэмжээ сэргээдэг. Энэ л хүчин зүйлүүд намайг утга зохиолтой мөнхийн холбож үүнийг минь нээсэн багш минь алс Дорнодоос намайг хөхүүлэн дэмжиж явдаг. Ном бүтээхийн хувьд аандаа л бүтээгдэнэ. Би 2013 онд Үүлсийн галбир нэртэй яруу найргийн түүвэр гаргаснаас хойш шүлэг бичээд л яваад байсан эргээд харахад 10 гаруй хэвлэлийн хуудас болохоор нь сорчлож хассаар байгаад 8 хэвлэлийн хуудсанд багтаагаад "Бясалгагч шүүдэр” нэртэйгээр дахин нэг ном дэвтэрлэгдэн уншигчийн гар дээр очлоо гэж болно. "Бясалгагч шүүдэр” бол тунгалаг ахуйн гэрэл гэгээ юм.
-Та тэгэхээр 2-3 жил болоод нэг ном гаргаад байгаа гэж ойлгож болох уу?
-Ном бол амлаж болдоггүй эд. Хугацаа ч тодорхой бус. Энд тэнд явж байхад нэг их гоё санаа ороод л ирнэ. Бушуухан буулгаж аваад түүнийгээ дараа нь шинжлэн задлаж бичээд хадгалаад л явна. Бүр том хэмжээний юм бичих санаа байгаа. Гэхдээ нэг хүүхдийн том бүтээлээс гадна би чинь утга зохиол хэмээх их сургуульд сурч л яваа эгэл хүн тул аль болох сууж бичиж, боловсруулж л сурч байгаа оюутан гэж боддог. Хүн ер нь бүх л насаараа сурдаг гэж үнэн.
-Та маш олон ажилтай явдаг. Яаж хэдий завандаа амжуулдаг байна?
-Хүн өөрөө өөртөө зав өгч юмыг хойш тавиад л байвал улам л ужиграад юм бичихээс төвөгшөөдөг болдог. Тиймээс сууж бичих гэдэг хамгийн том тэвчээр юмаа. Амьдралын өдөр тутмын зүйлсийг цагаар зохицуулаад нөгөө сууж бичих дээрээ цаг сайн гаргаад л байна. Би шөнө голдуу л бичиж байна даа. Өөр ч зав гарах шинж алга.
-Таны утга зохиолын багш гэвэл..?
-Хамгийн анхных гэвэл Дорнод аймгийн Чойбалсан хотын 1-р сургуулийн уран зохиолын багш Далхаагийн Батдэлгэр, яруу найргийн багш гэвээс Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн байлаа. Номын ахан дүүс гэвэл Ж.Болд-Эрдэнэ, Т.Содномнамжил, Б.Бат-Орших нутгийнхнаас гэвэл Ж.Нэргүй, Ц.Төртайван, Д.Хүдэрмөнх, Ц.Жамбалгарав гээд нэрс хөвөрнө. Ер нь залуу идэр насанд өөрөөсөө дээш үеийнхэнтэй би уулзаж учирч, заалгаж зөвөлгөө авч явсны хүчинд өдий зэрэгтэй яваа юм болов уу гэж бодогддог.
-Та чинь Монголын утга зохиолын 90-ээд оныхонд ордог байх аа?
-Яруу найрагч Ж.Баяржаргалын "Мөнгөн үе” номонд орсныг бодоход мөн. Яалт ч үгүй 1994 онд "Болор цом” яруу найргийн наадамд тусгай байр эзэлж байснаа бодвол бас л мөн. Анх би Зохиолчдын хорооны босгоор 1992 онд алхан орж байснаа эргээд харахаар цаг хугацаа дэндүү хурднаас гадна хувь заяа намайг гайхалтай ертөнц рүү Т.Содномнамжилаар дамжуулан оруулсан гэж бодож явдаг.
Сайхан ч хүмүүс, сайхан авьяастнууд язганаж байсан үе. Монголын дахин сэргэлтийн шинэ үе дээр эх орны өнцөг булан бүрээс ирсэн залуус шүлгээ унших гэж, шүлэг, утга зохиол, найз нөхөрлөлөөр зөн билгээрээ бие биен рүүгээ тэмүүлж байсан үеийг санахаар гайхамшиг гэж хэлэхгүй яах юм бэ, тэнд хүн чанар үерлэж, авьяас цэлэлзэж, хундага амардаггүй үед би шалдан банди ах нарын өмнөөс дэлгүүр гүйж явсан минь тодхон.
Надад дэлгүүр гүйх сонин биш гагцхүү тэдний туулсан, уншсан амьдрал дэндүү сонин байсан юм шүү. Би Шагдарсүрэнгийн Цогт ахыг хүргэж өгч Бооёо ахтай хамт хонож, Со ламыг гэртээ байлгаж Бат-Оршихтойгоо хамт алхаж явснаа ярья гэвэл их хугацаа хэрэгтэй. Аажуухан бүгдийг эхнээс нь цэгцтэй дурсамжилж сууна.
-Та нар ер нь их сэтгэлийн амьтан юм шигээ..?
-Тэгэлгүй яадаг юм. Манай Б.Галсансүх хэлсэн шүү дээ ”Сэтгэл гэдэг эрхтэн өвддөг, үрэвсдэг…” гээд. Бид яг л цаг хугацаатай сэтгэлээ холбочихсон гэгээн шаналангууд юм ш дээ. Юм болгонд санаа зовж, юм болгоны төлөө нэг мэдэхэд дэргэд нь оччихсон эвлэрүүлэх гээд зогсож байдаг хүмүүс. Хэвийн амьдрал сонин биш. Өөрийнхөө амьдралыг нэг ёсондоо ирээдүйн төлөө золин золин утга уран зохиол гэж яваа цөөхөн хүмүүс бий. Үүнийг олон түмнээс гадна төр нь үнэлэхээ байчихсан байна ш дээ. Хуучин цагт номыг нь улсаас гаргаад өгдөг. Мэргэжлийн зохиолчийн цалин авдаг, нийгмийн асуудлыг шийддэг байлаа. Би хуучнаа санагалзаад одоог зүхээд байгаа юм биш. Сайн мартагдсан юм цоо шинэ байх нь бий. Бид өнгөрснийг үгүйсгэхээсээ илүүтэй хуучнаас сайныг нь авч шинэчлэн боловсруулаад цааш хөгжих нь чухал байна.
-Ээжийнхээ тухай яриач. Таны ярилцлагуудыг уншиж байхад энд тун ховор дурдсан байх юм..?
-Миний ээж насаараа багшийн ажил хийгээд одоо насны тэтгэвэрт суугаад байна. Дорнод хот хоёр хооронд хаяахан яваад байж байна. Хүн болгонд ээж шиг үнэтэй хүн байхгүй. Эхнэр авахдаа ч ээж шиг минь байгаасай гэх жишээний. Миний ээж эгэл даруухан, бусдын төлөө сэтгэлтэй хүн дээ. Миний хамгийн том зөвлөх, хамгийн том дэмжигч гээд хэлчихье.
-Гоё дурсамжаас хуваалцаач гэвэл..?
-Их бага байсан юмаа би бүүр түүр санаж байна. Ээждээ нуга хөндийгөөр явж бөөн цэцэг түүж авчран бэлэглэж байсан. Бас ажил хийгээд анхны цалингаа ээждээ аваад очиж байсан минь мартагдахгүй сайхан дурсамж даа. Миний ээж үр хүүхдээсээ юм нэхээд загнаад байдаг хүн бишээ. Биднийгээ сайн явааг нь хараад, зөв байгаад нь дотроо баясаж суудаг байхаа. Нэг их нялуун үг хэлээд байдаг хүн биш. Цэгцтэй зөв аятахан байгаараа гэж л хэлдэг. Намайг бол дотор нь орсон юм шиг нүдийг минь хараад уншдаг хүн бол ээж минь.
-Та сүүлийн үед их зөв энерги, бясалгал гэж ярьдаг болсон. Энэ талын судлагдахуунаасаа хуваалцаач…?
-Та хүнийг муу гэж бодвол муу,сайн гэж бодвол сайн л гэсэн үг. Гэхдээ муу гэдэг өөрөө урган буй болдог. Сайныг бас түүний эсрэг хувь хүн өөртэйгээ тэмцэж тархиндаа дархлаажуулж буй болгодог эд юм. Тиймээс гоё сайхныг тухай ойлголтыг өөртөө буй болгохын тулд өөрийнхөө аж амьдралыг өөрөөсөө эхлээд хичээж сууна. Амнаас гарах үг болгон утгатай үнэтэй байлгахын тулд бодлоо цэгцэлж, үгээ цэвэр байлгаж санаагаа зөв юм руу чиглүүлвээс болох нь тэр. Монголчууд "Санаа зөв бол заяа зөв” гэж хэлдэг. Энэ туйлын үнэн үг шүү. Бид бусдын сайн сайханд шүүрс алдах бус өөрийнхөө хүн байхыг хичээж байх нь чухал. Шүлэг, яруу найргийн эцсийн зорилго нь ч гэсэн тийм шүү дээ.
-Таны шүлгүүдэд гоо сайхны туйлын мөн чанарын тухай их уншигчддад..?
-Хүнийг нэг шүлгээр нь бус нэг номоор нь цогцоор ойлгож байх хэрэгтэй. Миний шүлгүүд анхныхаасаа аандаа цэвэршиж байгаа гэхэд болно. Гоо зүйн олж явсан хэв загвар хэмжүүр хүн болгоных ондоо ч гэсэн гоо сайхан эргээгээд дэлхийг аврах юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа.
-Яагаад, ямар учраас..?
-Дэлхий өөрөө баялгийн хувьд байгалийн тэнцвэрийн хуулиар алдагдаж эхлэсэн учраас энэ үйл явц Бумбын эринтэй давхцаж байгаа юм. Бумбын эрин гэдэг чинь энх амгалангийн эрин эхэлжээ гэж хэлж болно. Хэзээ манай улс, дэлхий Байгаль орчны яамтай байлаа. Хүн болгон энерги гэж ярьж байна. Хүн болгон бясалгал гэдэг болчихож. Саяхан Ломбын Нямаа багштай таарсан чинь ”Хөөе Ган-Очироо, дэлхий бумбын эринд шилжиж байна. Хүмүүс яруу найргийн ном шимтэн уншдаг цаг ирж байгаа шүү. Шүлэг найргаа хайрлан бичээрэй” гэхэд ихэд урам авч нээрээ л сүүлийн хэдэн жилд номын дэлгүүрүүд олширч миний шүлгийн номууд ч бас борлуулалт дажгүй байгааг анзаарсан шүү.
-Хоёр ном баринтаглан авлаа. Одоо яах зорилготой байна..?
-Бичээд байх уу, яах уу гэж үү? Түр амарна. Номуудаа аваад Дорнод Монголын уудам нутгаар явна. Анд нөхөд, ахан дүүс, багш нар бүгдэнтэй нь уулзана. Тэдэндээ бэлэглэнэ. Нутгаасаа эрчис, санаа авна. Амарна. Тэгээд ирээд л шууд бичих ажилдаа шунган орно доо/инээв/
-Танд баярлалаа.Сайхан яриа өрнүүлсэн танд баяраллаа.
Ярилцсан: Х.Цахилгаан
2015.05.09
МЗЭ-ийн шагналт яруу найраг Даваасүрэнгийн Ган-ОЧИР
Хэрлэн-гоо хатан эжий минь бүлэг шүлэг оршивой.
Уяхан замбативийн
Уйдамгүй их тал дундуур
Улаан голыг минь даган
Урсах их мөрөн-Хэрлэн гол.
Хээрийн салхит талын
Хэнхдэг даган цэлэлзэх
Хэлтийшгүй их тавилан
Хэзээч татрашгүй-Хэрлэн гол
Амгалан саруул талын
Амьсгал даган урсах
Агуу Монголын цадигт
Амиар урссан-Хэрлэн гол
Цаг хугацаа мяралзаанд нь амарч
Цадиг түүх долгист нь бичигдэж
Сар мөнхийн гоо бүхнээ тольдож
Саарашгүй гүн цутгал дундаа
Сайн мууг ариусгаж урснам зэ
Эерэг сөргийг эвцэлдүүлж урснам зэ
Хар цагаан хоёрыг эргүүлж урснам зэ
Хасах нэмэх хоёрыг холдуулж урснам зэ.
Хэрлэн их эжий минь
Хэвтээ их талыг
Хээлж урснам зэ
Хэрлэн эжий минь
Хээр их талыг
Хэрэн урснам зэ
Хэрлэн эжий минь
Хэцүү их талыг
Гаталж урснам зэ
Хэрлэн эжий минь
Ангасан их талыг
Анагааж урснам зэ.
Домог шилгээх талын салхийг анирдваас
Долоон бурхан одод толион дээр нь жирвэлзэнэ.
Үлгэр чагнах үрсийн зүүдийг үзвээс
Үнэн яруу баясал эрэг дээр нь тоглоно.
Уяхан замбативийн
Уяхан эжий минь Хэрлэн хатан-гоо билээ
Уйдашгүй их талын
Умдаалах рашаан нь Хэрлэн ариун-гоо билээ.
Таныхаа эрэг дээр ирэхээрсэрүү татаад амрах шиг
Таныхаа уснаас амсахаар мөнхрөлийн шидийг олох шиг
Таныхаа уужим буурал сургаалийг урсгалын чинь чимээнээс сонсном
Таныхаа уйлж дуулах амьдралыг эргийн чинь чулуунаас мэдэрнэм.
Би ус болно.
Би чулуу болно
Би ширэг зүлэг болно.
Би усаа хашсан эрэг болно.
Гэхдээ яг Хэрлэн голынх шигээ…
2014.01.2420 цаг 34 минут
Хэрлэнгийн тухай мөчлөг шүлгүүд
1. Нууц товчооны морьдыг
Дорно руу одоход
Нууц товчооны баатруудыг
Нанхиад руу гатлуулсан
Эзэн богдын их цэргийг
Эргэж сэргэтэл нь гурвантаа тэнхрүүлсэн
Эжий сэтгэлийн бурхан ивээлтэй
Эгэлгүй дөлгөөн тэнгэрийн их усан билээ-Та…
Хэрж урсдаг болохоор чинь-Хэрлэн гээ буй за
Хээлэн урсдаг болохоор чинь Хэрлэн гээ буй за
Хэрмэн цайз шиг болохоор чинь Хэрлэн гээ буй за
Хээр их холд урсдаг болохоор чинь Хэрлэн гээ буй за.
Монгол хатдын өглөө бүрийн цайны их усан
Монголын их хатуу цадигийг дэвтээсэн их мөрөн
Монголын их нүүдлийн өөдөө,уруу их жам
Монголын их талын Амин-Эрдэнийн Хэрлэн билээ.
Монголын их заянаас усаан харамлаж үзээгүй
Мохошгүй их баатруудын омгийг дэвтээж сэрүүцүүлсэн
Ялалтанд бус ялагдалд нь хаан Чингэст амин дэм болж урссан
Яс,цус хоёрын завсараар хүн болгож умдаалсан
Урсгал нь ухаажуулж
Мяралзаа нь залуужуулж
Долгис нь амрааж
Цэлэлзэх нь эмээлгэж
Эргээн давж суу алдраан гайхуулдаг
Ёроолоо харуулж гомдлоо илэрхийлдэг
Бургасан шугуй нь будантай,хөхөөтэй
Буурал түүхийг бидэн рүү урсгасан
Бурхан заяат Монголын
Бурханаас оноосон зурагтай
Бууж нүүдэллэх Монголоос
Буцаж,тасарж,татарч үзээгүй
Хэрлэн гол минь.
Газрын амин судас Хэрлэн мину
Гариг дэлхийд ганцхан Хэрлэн мину
Долоон бурхан одруу өргөх цайны дээж Хэрлэн мину
Дов толгодоон аргадан урсах энэрэлт-Хэрлэн мину…
2. Хэрлэн барсын бүсгүй
Хэзээний л цайны мэндтэй
Хоёр гардах аяганд
Хосгүй шиддүүргээстэй
Мишээх царайны цаана
Хул шаргал гэрэлтэй
Хулгаж зугтах хүслийг
Хулжаан байх нь гайхалтай
Ардын дуугаар илэрхийлэх
Амин хайрын увидастай
Аргамаг хүлгийн хатираанд
Амандаа дуулмаар бүсгүй
Хэрлэн барсын бүсгүй
Хэзээний л цээжинд бодогдоно
Хээр морины цогионд
Хэзээний л дэргэд байх шиг
..Ийм нэгэн бүсгүй
Бүсээн тайлах үдэш
Сар тэнгэрт голлоод
Би түүнд дурлав уу?
Сар түүнд дурлав уу?
Бүү мэд…
3. Арга тасран ганцаардахад
Аманд минь
Аминд минь орох
Агуу их Хэрлэн…
Чиний эрэг дээр зуун жил болсон ч
Би ганцаардахгүй.
Чиний урсгал надтай ярилцан
Би усны хэлийг сурмой.
4. Усны толион дээр чулуу гүйлгэж тоглоход
Ус баясана.
Лус баясана.
Сэтгэл баясана.
Усны толион дээгүүр нисэж зүүдлэхэд
Би баясана.
Бодьгал баясана.
Оргүй хоосон баясана.
Усны толион дээр завилан суухад
Өөрийгөө олсон байна.
Өрөөлөөс ангид болно.
Харин доогуур сэрүү татна.
Усны толион дээр тэнгэр гэрэлтэхэд
Ус ярина.
Уг ариусана.
Удам үргэлжилнэ.
Усны толион дээр мөн чанар дүрсээ харахад
Уйдамгүй хувирал үргэлжилнэ.
Угаал үйлдэгчийн нүгэл урсана.
Усан урсахуй дор мөнхрөлийг бодно.
Усны толион дээр зул урсахуй
Гэгээрэл тархинд бүрдэнэ.
Гэм нүглээсээ ичнэм
Гэзэг үсэн салхи шиг сарнинана.
Усны толион дээр….
Уужим буурал дэлхий гэж…
5. Хэрлэнгийн бургасыг салхи илбэнэ.
Хэн нэгэн тэнд төөрсөн юм шиг л
Хэзээний л тэнд сэтгэл санааширан
Хэн нэгнийг хайж явна.
Хэрлэнгийн эрэг дээр түүдэг асааж
Хэмжээлшгүй тэнгэр рүү дохио өгнө.
Хэн нэгэн тэндээс ирэх юм шиг
Хэсэгтээ л шөнийн тэнгэрийг ажиж хэвтэнэ.
6. Хэрлэнгийн тохойд хөлөг онгоц элсэнд суух шиг
Хэмжээлэшгүй том саран дэргэд мэлтийнэ.
Энэ л үед "Со лам”,Нямсүрэн найрагч тэргүүтэнгүүд
Эрэг зайчлан нанхиад дарс балгадаг тухай
Эртний явдал сэтгэлд бууж ганихархуй
Эгэлгүй гоо охиныг мөрөөсөн байхуйд
Эвдэрхий хөгжим шиг мэлхийнүүд
Элдэв хов ярихыг яана.
7. Дорно гэвээс
Хэрлэнгийн хөвөөнөөх мандмал саранг хэлнэ.
Дотогшоо гэвээс
Хэрлэнгийн ёроолын бүлээн элсийг мэдэрнэ.
Дорогш гэвээс
Хэрлэнгийн бургасны үндэсийг чагнаархана.
Долгис гэвээс
Хэрлэн барсын бүсгүйн сормуустай эгнэгшүүлнэ.
Юм бүхэн зохиолдолгоороо Дорнодод
Ер бусын бүсгүй хөлөө ачин суух ахуйд
Ертөнцийн жаргалын нууц хаалгыг
Ерхөгийн үзүүрээр гижигдэхэд болжухуй.
8. Ли бай мэт Со лам,Нямсүрэн,Болд-Эрдэнэ
Лимбэ Ганболд,Хүрэлчулуун,Тайван цугаар
Найрлан суусан Хэрлэнгийн диваажин
Өдгөө эзэнгүй аглагшсан хэдийч
Хорин настай охид ном уншин суух Хэрлэнгийн эрэг
Хожмын найрагчдыг хүлээн байна.
Хонгорхон бүсгүйчүүдийн үдшийн шивнээ
Хосгүй шүлгүүдийг хүсэмжлэн байна.
Дорнын тэнгэр доор Хэрлэн минь хөгжилтэй
Дорно руу л урсахдаа бүгдийг уяраана.
Дорнодын хэдэн найрагчидыг хөглөөд
Дорно зүг амрах чөлөөгүйсэн.
Янагын дуутай Хэрлэнгийн бургасанд
Янжуур тамхины гэрэлд бүсгүй хүн
Ямархан жаргал эдэлж суусныг
Яруу найрагчдынх нь номноос уншаарай.
. ..
Энэ голын загас юунд яаран жирвэлзэж
Тэр шувуу тэнгэрт хаашаа ниснэм бэ?
Ээждээ л тэд очих гэж явнаа гэж
Эргийн суль өвс салхиар надад шивнэлээ.
Ингэхэд хүмүүс минь,бид ээждээ
Эргэх дөрвөн улиралд очсоор байгаа гэж үү?
Эсэргэн хаврын туулай цагаан сард ч
Ээжийтэйгээ золгосон нь тэмээн тоотой шүү.
Гадаад дотоодоор зарим нь явлаа л гэх юм
Ганган хээнцэр юмсыг нь шогшорсоор л ирэх юм
Ганц хошуу эрээн даавуу алчуур ээждээ авчирсан нь
Гарын таван хуруу тоолохоос цөөн шүү.
Юу хийсэндээ ажил төрөл амжсангүй ээ гэж
Ертөнцөд ганц заяасан ээжийдээ худал яриа вээ
Үзүүрсгэн дээлийг нь өмсөөд гоёод гарцгаах болохоор
Үүл манантай уурлаж наана тэгж л ам гарч дээ.
Үзэсгэлэнт охид эрт хадамд гарцгаах юм даа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих