Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн онд шийдвэр гаргаж, Автобус I, III болон Цахилгаан тээвэр нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгасан. Ингэхдээ тус байгууллагуудыг нэгтгэн "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ыг байгуулан, ажиллуулсан. Хотын удирдлагууд бол нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний давхацлыг арилгах, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор энэ зохион байгуулалтыг хийсэн. Гэвч анхны зорилго талаар болоод буйг удаа дараагийн үйлдлүүд харуулж байна.
Саяхан даа, "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийнхэн ажил хаяж, цалингаа нэмэхийг шаардсан. Энэ шаардлагыг биелүүлж, жолооч, кондукторынхоо үндсэн цалин 25 хувиар нэмж буйгаа тус байгууллагын дарга Ц.Одонтунгалаг ярьсан нь одоо ч хэвлэлийн хуудсанд байна.
Харин өнөөдөр үүрийн 06.00 цагаас эхлэн нөгөө л зартай заргачид дахин ажил хаяв. Гэхдээ нэгтгэлийнхэн бүгд биш. Ажилдаа гарахаар ирсэн нэг хэсгийг ажил хаясан нөгөө хэсэг хааж, боож, тэрэгнийх нь өмнө хэвтэж, багахан хэмжээний бослого дэгдээв. Одоо ч энэ байдал үргэлжилж, баазын хаалгыг хааж боосон байдалтай байна.
Уг нь зорчигч тээврийн нэгтгэлээс нийслэлийн 25 чиглэлд 305 автобус үйлчилгээнд гардаг. Харин одоо 37 автобус иргэдэд үйлчилж байна. Бараг бүхэлдээ зогсолтын байдалтай байгаа гэсэн үг. Гэвч нийслэлчүүд хохироогүй. Нийслэлийн Тээврийн газраас зохицуулалт хийж, гараагүй автобусных нь оронд хувийн хэвшлийн 12 аж ахуйн нэгж байгууллагын 43 тээврийн хэрэгслийг нөхөн үйлчилгээнд гаргасан байна. Хангалттай үйлчилгээ биш ч хотын тээврийн үйлчилгээ тасалдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Нэг үгээр хэлбэл хувийн хэвшилийнхэн зорчигч тээврийн нэгтгэлийн орон зайг нөхөх бүрэн боломжтой гэсэн үг. Ажил хаяж, төрийн гэсэн сэтэрийн дор олон нийтийн эрх ашгийг үл тоомсорлож байгаа хүмүүсийг явуулж, чаддаг хэсэгт ажлыг нь хариуцуулах арга замыг хайх цаг болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих