Майячуудын соёл иргэншил хэдэн зуун жилийн турш хөгжин цэцэглэж байсан. Том хотууд босч, зам гүүр баригдан, усжуулалтын суваг тавигдаж, хүн ам ч олноор нэмэгдэж байв. Хотын хүн амын нягтаршил: 1 кв/миль талбайд 2 мянган хүн оногдож байсан нь орчин үеийн хэмжээнд дөхөж очих үзүүлэлт юм.
Гэтэл МЭ 9-р зуунд цэцэглэн хөгжиж байсан гүрэн гэнэт сүйрэн үгүй болох нь тэр. Барилгачид сүм дугана барихаа больж, уран барималчид шүтээн сийлбэр урлахаа зогсоожээ. 1000 он гэхэд майячуудын соёл иргэншил бүрмөсөн үгүй болов. Түүхч Чарльз Галленкампийн бичсэнээр: «Хотуудыг анир чимээгүй нөмөрч, энэ нам гүмийг хэн ч хэзээ ч алдагдуулж чадахааргүй болжээ. Орд харш нь хогийн өвс ургамлаар дүүрч...ганцхан зууны дотор майячуудын хотыг ширэнгэн ой залгиж орхижээ»
Эртний гайхамшигт Майячуудын соёл иргэншлийн мөхлийн талаар нууцлаг онол олон байдаг ч, бодит байдал арай өөр байсан бололтой.
Майячууд орчин тойрныхоо ойг шатааж эхэлжээ. Байнга өсөж олширсоор байгаа хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд тариалангийн талбай хэрэгтэй байлаа. Удалгүй барилгын ажилд хэрэгтэй сайн чанарын мод ховордож эхлэв. Майячуудын сүм хийдийг судалж байсан Америкийн Цинциннатийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Ленц барилга хичнээн хожуу үеийнх байх тусам модон хийц нь төдийчинээ чанар муутай байгааг тогтоожээ. Тикаль хотод сүмийг эхлээд бат бөхөөрөө алдартай саподилла модоор барьж байсан бол сүүлдээ сийлбэр хийхэд тохиромжгүй, богинохон кампеш мод ашиглах болжээ. Тикаль хотын орчмоос сайн мод олдохгүйд хүрсэн байна.
Нүцгэрч хоцорсон хөрс борооны усанд урсаж хотын нуур, усан сангуудад очиж намаг үүсгэсэн байна. Тариан талбай усаар дутагдаж, аажмаар ундны ус ч ховордож эхэлжээ. Ой модыг замбараагүй огтолсноор агаарын дундаж температур 3-5 хэмээр дээшилж, орох хур тундасны хэмжээ 30%-иар буурсан байна. Карьякод хийсэн малтлагын үеэр 810, 860, 910 онуудад хүчтэй ган гачиг болсон ул мөр олджээ. Энэ хугацаа нь майячууд зарим хотыг бүрмөсөн орхин явсан цаг үетэй таарч байгаа юм. Учир нь тэдгээр хотод ус огт байхгүй болсон байжээ. Өлсгөлөн нүүрлэж, улс төрийн хямрал эхлэв. Ноёлогч анги болон сүм хийдийнхэн ард түмний хувьд "илүүц ачаа” болон хувирчээ. Бурхдыг цусаар хичнээн "ундлавч” нэмэр болсонгүй. Ард түмний уур хилэнг өөрөөсөө зайлуулахын тулд ноёрхогч ангийнхан зохимол "дайсныг” гаргаж иржээ. Ингэснээр Тикаль, Калакмуль хотынхон бие биетэйгээ дайтаж эхлэв.
Энэхүү хэнд ч хэрэггүй дайн майячуудын мөхлийг түргэсгэсэн юм. Тикаль хотын төгсгөл нэн аймшигтай: оршин суугчид нь өлсгөлөнгөөр үхэж үрэгдэн, нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан үзэсгэлэнт хот ширэнгэн ойн хоол болжээ. 9-р зуунд майячуудын бусад хотод ч мөн адил зүйл болж өнгөрсөн байна. Хэдэн сая хүнтэй байсан гүрэнд 400-450 мянга орчим өлсгөлөн хүмүүс л үлджээ. Хоосорч эзгүйрсэн газар нутаг руу нь тольтек, пипиль зэрэг хөрш омгийнхон довтлон орж ирэхэд эсэргүүцэл үзүүлэх чадал байсангүй. Майячууд толгой дараалан үхэж үрэгдээгүй ч, олон зууны туршид Төв Америкт ноёрхож байсан соёл иргэншил түүхийн тайзнаас эгнэгт одсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих