Хууль зүйн сайдаар томилогдоод 5 сар боллоо. Эрх зүйн шинэтгэлийн ажил хэр явж байна вэ?
-Эрх зүйн шинэтгэлийн талаарх иргэдийн хүлээлт маш өндөр байгаа. 2009 оноос хойш тав, зургаан жил ярьж байна. Ял шийтгэлийн бодлого, хуулийн байгууллагуудын ажилчдын арга, ажиллагаанаас эхлээд шүүмжлэлтэй зүйлс бий. Энэ бүхнийгэерэгээр өөрчлөх нь гэж 5-6 жил хүлээлээ. Ингэж удсаны шалтгаан хэд хэдэн зүйлд байна. Батлагдсан гол хуулиуд нь Үндсэн хуулийн Цэцийн "Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлтээр хэрэгжихгүй болж эхэлсэн. Зарим хуулиуд их хол зайтай, цуварч гарлаа. Тийм болохоор хоорондоо уялдаа холбоо муутай, батлагдаж, амьдрал дээр хэрэгжихгүй, төвөг удаж байх жишээтэй. Жишээлбэл, өнгөрсөн жил цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Гэтэл тэр дотор Мөрдөх албаны тухай хууль гээд ирээдүйд гарах хуулийн заалтыг эш татаад хийчихсэн. Яг аваад хэрэглэх гэхээр байхгүй хуулийн заалтыг оруулчихсан байх жишээтэй. "Монголын хууль тогтоох практикт байхгүй хачин юм болоод байна" гэдгийг би урьдчилж хэлж, сануулж байсан. Ийм зүйлсээс болоод шинэчлэлудааширч байгаа. Үндсэн шалтгаан нь нэг - сэтгэл хөдлөл, дэврүүн мөрөөдлөөр хууль боловсруулах ажилд хандсан. Өнгөрсөн 5 сарын хугацаанд манай яамныхан урьд нь боловсруулж байсан, өргөн барьсан хуулиудыг буцааж татсан. Үүнийг хоёр хүний сөргөлдөөн мэтээр тайлбарладаг хүмүүс бий. Тийм асуудал байхгүй. Гол нь энэ дотор Үндсэн хуулийн нэр томъёо, үндэслэлтэй нийцээгүй зүйл олон бий. Дахиад Үндсэн хуулийн цэц дээр унаад, дахиад хууль нь хүчингүй болох асуудал үүсэхээс сэргийлж Үндсэн хуулийн үг үсэг, үзэл санаатай нийцүүлэх зорилготой дахин боловсруулж байгаа юм. Хоёрт, би хуульч, сайд хүний хувьд өөрийнхөө үзэл санаа, байр сууринаас хандсан зүйлүүд цөөн бий. Гол нь хууль боловсруулах үйл ажиллагаанд хуулийн бүх байгууллагуудын мэргэжилтнүүд, багш, судлаачдын баг маш том бүрэлдэхүүнтэйгээр удаан ажилласан. 30 гаруй байгууллагаас санал авсан. Ингээд 6-7 хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлээд байна. Одоо Хууль зүйн яаман дээр 4-5 хууль боловсруулагдаж байна. Нийт 10 гаруй хуулийг энэ хаврын чуулганаар батлуулж чадвал эрх зүйн шинэчлэл үндсэндээ хийгдэх юм.
-Ямар хуулиуд байна вэ?
-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиуд өргөн баригдсан. Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд бий. Гэх мэтээр УИХ-д 6-7 хууль өргөн барьсан. Хэлэлцүүлэх шатандаа явж байна.
-Х.Тэмүүжин гишүүн ярихдаа эрх зүйн шинэтгэлийн гол зорилго нь цагдаа, хууль, хүчний байгууллага иргэдээ дарамталж, айлгадаг биш, иргэнийхээ төлөө байгууллага болох ёстой гэж байгаа. Таны өргөн барьсан хуулиуд энэ үзэл санааг нь өөрчилсөн гэж тэр ярьдаг?
-Хүн дарамтлахын тулд хууль хийнэ гэж юу байх билээ. Би төрийн албанд олон жил ажилласан, хуульч мэргэжлийн хүний хувьд манай хуулинд байгаа, хуулийн байгууллагуудын арга ажиллагаанд байгаа алдаа, дутагдлыг харж байгаа. Үүнийг засч, залруулах ёстой. Гэхдээ туйлшрал байж болохгүй. "нийгэмд үйлчилдэг байгууллага" гэх үгээр их хөөцөлдөх хэрэггүй. Жишээлбэл, цагдаа бол цагдаа л байх ёстой. Шаардлагатай бол таны гарыг мушгиад аваад явдаг л байх ёстой. Үүнийг дарамт гэх үү, эсвэл та надад үйлчилдэг байх ёстой гэх үү. Тэгэхээр цагдааг цагдаагаар нь байлгах ёстой. Цагдаа хуулийн дагуу ажилладаг байх ёстой. Тэр хууль нь ардчиллын зарчимд нийцсэн байх ёстой. Түүнээс биш хэт нэр томъёогоор хөөцөлдөөд, тэр байгууллагын шинж чанарыг алдагдуулаад, байгууллагын ажилтан өөртөө итгэл үнэмшилтэй ажиллаж чадахгүй байдалд оруулж болохгүй.
-Эрх зүйн шинэтгэлийн сайд асан Х.Тэмүүжингийн хувилбар, таны хувилбараас ямар ялгаатай юм бэ?
-Хамгийн гол нь Үндсэн хуульд нийцүүлэх асуудал дээр ялгаа бий. Би хэллээ ш дээ. Яг энэ шалтгаанаар өмнөх хуулиуд Үндсэн хуулийн Цэц дээр унаад, шинэчлэл ахиад тэгээс эхлэх болоод байна. Хоёрдугаарт, Х.Тэмүүжингийн хууль, миний хууль гэх утгагүй, энэ хуулиуд дээр монголын хуулийн салбарын тэрүүлэх мэргэжилтнүүд ажилласан. Сайдууд өөрсдийн байр суурийг илэрхийлж, зарим зүйл дээр маргалддаг тал бий. Гэхдээ энэ хуулиуд бол нэг, хоёр хүнд харъяалагдахгүй, энэ цагт ажиллаж байгаа хуульч, судлаачдын хамтын бүтээл. Минийх гэж өмчлөх зүйл биш. Эрх зүйн шинчлэл гээд нэг талаас их лоозогнодог. Хүн дарамталдаг цагдааг үйлчилдэг цагдаа болгоно гэх мэт. Гэтэл амьдрал дээр хууль лоозон байж болдоггүй. Маш тодорхой байх ёстой. Цагдаа зөрчил гаргасан хүнтэй яаж харьцах ёстой вэ. Юу гэж хэлэх, албадлагын арга хэмжээг ямар тохиолдолд, яаж авах юм гэдэг асуудал маш тодорхой байх ёстой. Энэ бүгдийг маш нарийн, амьдралын олон жилийн туршлага дээр гарч байгаа алдаа оноо, ирээдүйн зорилгод нийцүүлж хийдэг.
-Таныг ухралт хийлээ. Шинэ хуулиар Тахарын албыг байхгүй болгосон гэх ойлголт тархсан, үнэн үү?
-Ухраад байгаа зүйл огт байхгүй. Жишээлбэл, Эрүүгийн хуулинаас "Хүнийг гүтгэж, доромжлох” гэдэг зүйл заалтыг хассаныг, буцаагаад оруулчихлаа ч гэж байх шиг. Өнөөдрийн хуулинд байгаа тэр хэлбэрээр оруулаагүй. Өнөөдрийн хуулиар хүнийг гүтгэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт бий. Бидний УИХ-д оруулсан төсөлд Хүнийг гэм хэрэгт гүтгэсний улмаас ноцтой үр дагавар гарч, хор уршиг учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хүнд хор уршиг учраагүй бол иргэний журмаар шийдвэрлээд явна гэсэн заалтууд орсон. Өөрөөр хэлбэл хариуцлагыг үр дагавартай холбон ялгаж, салгаж өгч байгаа. Үүнийг л сэтгүүлчдийг дарамтлах хууль гэх зэргээр ярьж байна. Нэг талаас сэтгүүлчид, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхэрхийг хамгаалах ёстой. Нөгөө талаас худал мэдээллээс болж хохирсон иргэдийг бас хамгаалах л ёстой. Хоёулаа хуулийн өмнө тэгш эрхтэй. Би дахиад хэлье. Хүнд хор уршиг учруулсан гэдэг жишээ нь юу вэ. Жишээлбэл, нэг сонин Дарханы нэг бүсгүйг нэр заан ДОХ-той гэж бичсэн. Үүнээс болоод нөхөр нь эхнэрээ зодож, амь насыг бүрэлгэсэн. Шинжилгээгээр тэр бүсгүй ДОХ-гүй байсан. Худал гүтгэлэгээс болоод нэг хүн амь үрэгдэж, нөгөө нь шоронд суужээ! Тэгэхээр хүн гүтгэх нь ямар үр дагавар авчирч байна вэ. Зарим хүн гүтгүүлэхээ тоохгүй. Зарим нь гомдол гаргаад, үнэнийг тогтоолгоод, гүтгэгчийг торгуулаад явж болно. Гэтэл ноцтой хор уршиг учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс өөр яах юм. Энэ бол амьдралын шаардлага. Тахарын алба гээд байгуулагдсан. Гэрч, хохирогчийг хамгаалах, хуяглан хүргэх, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах гэх зэрэг үүрэгтэй. Хуучин цагдаагийнхны хийж байсан ажил л даа. Ийм байгууллагыг байгуулсан, тэгээд л хаячихсан. Тэнд туршлагатай боловсон хүчин алга. Унаа машин алга. Бүх аймгуудад байргүй. Эрх зүйн орчин нь тодорхойгүй. Энэ байдлаараа Тахарын алба хуулийн зорилгоо бүрэн хэмжээгээр биелүүлж, ажиллах боломжгүй. Тийм учраас ШШГЕГ-ын дэргэдэх байгууллага болгоё гэж байгаа юм. Татан буулгаагүй, хууль нь хэвээрээ. Яагаад гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө бүх аймгуудад салбартай, унаа, хөсөгтэй, аж ахуйтай. Дэргэдээ Тахарын албыг авлаа гэхэд илүүчлэх юмтай. Өнөөдрийн боломж, санхүүгийн нөхцөл байдалд уялдуулж, ийм шийдэл хийж байгаа юм. Шинэ Засгийн газар байгуулагдахад Тахарын алба татан буугдах агентлагуудын нэрэнд орсон байсан. Харин би"байх ёстой байгууллага" гээд авч үлдсэн. Энд юу нь ухралт болчихоод байгаа юм бол доо. Хуульч хүн маш тодорхой л ярих ёстой. Юу яриад, юугаар буруутгаад байгаа нь мэдэгдэхгүй, эзэнгүй, ерөнхий юм яриад байхаар хариулж ч болохгүй, хүн ч ойлгохгүй.
-Цагдаагийн цолонд өөрчлөлт орж, цолыг албан тушаалаас хамааруулан олгодог болсныг та өөрчилсөн. Тэр хэр зохимжтой вэ?
-Цэрэг, цагдаагийн амьдрал ойлгохгүй хүний санаа байсан байх. Хууль гаргахаас нь өмнө би Х.Тэмүүжинд зөндөө сануулж хэлсэн. Болдоггүй юм аа гэж. Албан тушаалын цол гэдэг юм бий болгоод, ийм албан тушаалтай хүн тийм цолтой байна гээд гаргачихсан. Цагдаагийн хурандаа, дэд хурандаа болно гэдэг цагдаагийн сургуулийг төгсч байгаа хүүхдүүдийн гол мөрөөдөл байхгүй юу. 20, 30 жил зүтгэж байж хүрэх ёстой мөрөөдөл нь юм. Гэтэл сургууль төгсөөд хоёр, гурван жил болсон дэслэгч залуу өнөөдөр гэнэт газрын дарга, шууд хурандаа болно. Газрын дарга, хурандаа цолтой байсан хүн нь албан тушаал буураад шууд ахлах дэслэгч болж байгаа юм. Бүх насаараа мөрөөдөж, ажиллаж,зүтгэж байж авсан хурандаа цол албан тушаалаар алдагдаж, ахлах дэслэгч болсон олон тохиолдол бий. Энэ нь албаны хүмүүсийн сэтгэл зүйд ямар их хүнд цохилт болох вэ. Амьдрал дээр буугаад, юу болж хувирах вэ гэдгийг тооцолгүйгээр л хууль гаргасан. Зүгээр нэг албан тушаалын цол нь зөв юм шиг харагдаад, тэрийгээ хийчихсэн. Сая тэрийг залруулсан.
-Цэрэг, цагдаагийн цол нэр төр. Тэр хүмүүсийн бахархал байдаг, нандин зүйл байх шүү.
-Цагдаа ч бай, цэрэг ч бай. Цол, форм хэрэглэдэг хүмүүсийн сэтгэл зүйг зөв ойлгох хэрэгтэй. Үүнд маш болгоомжтой хандаж байх ёстой.
-Сайд асан Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагын дарга нь ихдэж, цагдаа нь цөөрсөн уруугаа харсан пирамид болсныг өөрчилж, цөөлсөн гэсэн зүйлийг их ярьдаг байсан. Гэтэл цагдаагийн албан тушаалтан хэлэхдээ, эсрэгээр юм болсон. Шинэчлэлийн өмнө 56 хурандаа байсан. Х.Тэмүүжингийн өөрчлөлтөөр 83 хурандаатай болсон гэж байх юм?
-Албан тушаалын цол гэдэг юмнаас болоод хурандаа нарын тоо нь өсчихгүй юу. Бодож олсон зүйлээ амьдралд хэрхэн хэрэгжихийг огт тооцохгүй, лоозогноод явахаар ийм л үр дагавар гарч байгаа юм. Ер нь хуулийн шинэтгэл дээр лоозон ярих маш муу. Их буруу. Амьдрал дээр энэ хуулийн зохицуулалт дээр ямар алдаа, завхрал гарч байна, тэрийг яаж засах вэ гэдгийг тодорхой л хийх ёстой. Түүнээс биш ийм хүн, тийм цолтой байх ёстой гэх зүйл хэрэггүй. Хүнд мөрөөдөл байж болно. Мөрөөдөлдөө хэт автаад, хуулийн тогтолцоог самарч болохгүй.
-Шинэтгэлийн талаар өмнөх сайдын ярьж байсан бас нэг зүйл нь төвлөрсөн удирдлагыг задалж, аймгийн дарга цагдаагийнхаа удирдлагыг томилдогболгоно гэж байсан. Энэ хэр зохистой шийдвэр вэ?
-Энэ бол Холбооны улсад байдаг жишиг л дээ. Муж улсууд нь өөрийнхөө төсөв мөнгө, хэрэгцээ шаардлагандаа тааруулаад, цагдаагийн удирдлага, хэчнээн цагдаатай байх вэ гэдгийг тогтоодог. Монгол бол нэгдмэл төрт улс. Жижиг улсын хувьд энэ жишиг тохирохгүй. Мөрдөх албыг хэв журмын албанаас салгаад, босоо удирдлагатай хэвээр үлдээгээд, харин нийгмийн хэв журам сахиулах цагдаагийн хэсгийг аймгийн удирдлага томилдог, орон тоо, төсвийг тогтооход болохгүй гэх зүйлгүй. Гол нь Орон нутгийн төсвийг төвөөс өгч байгаа. Төсвөө бие дааж бүрдүүлдэг аймаг хэд билээ, тэр нь хүрэлцээтэй юу гэх мэт асуудлууд бий. Уулын буга хараад унасан бухаа голов гэдэг шиг том улсуудад байгаа зүйлийг шууд хуулж, хэрэгжүүлэх гэж оролдох дэмий. Амьдрал дээр буух нь уу. Манай нөхцөлд таарч тохирох уу, үгүй юу гэдэг л чухал.
-Өмнөх батлагдсан эрх зүйн шинэтгэлийн бодлогуудаас таны санал нийлж байгаа зүйлүүд байна уу?
-Байлгүй яах вэ. Үүнийг хэн нэгэн бодож олоод, гэнэт гаргаад ирчихээгүй юм. Олон жилийн өмнөөс ардчилсан намын удирдлагад намайг ажиллаж байх үеэс яригдаж ирсэн зүйлс. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Ц.Элбэгдорж "Эрх зүйн шинэтгэл хийнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Олон зүйл дээр бид тэрийг тэгж, ингэж өөрчлөх ёстой юм байна гэдгийг ярьж байсан.
-Таныг намын дарга байхад Х.Тэмүүжин намын нарийн бичгийн дарга байсан шүү дээ. Тэр үеэс л яригдаж байсан гэсэн үг үү?
-Тийм. Тэрнээс гадна хуулийн байгууллагуудын ажилтнуудын дунд ч бас ялын бодлого чангадаж байна гэх зэрэг зүйлүүд их яригддаг байсан. Мэргэжлийн төвшинд хэлэлцүүлэг явагдчихсан байсан. Тэр бүхэн дээр суурилсан хуулийн төсөл. Түрүүчийн хуулиудыг бүтэн, эргүүлчихсэн зүйл байхгүй.
- Арваад хуулийн төсөл өргөн баригдсан гэж байна. Хэзээ батлагдах бол?
-УИХ ач холбогдол өгнө байх гэж найдаж байна. Эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагааг хагас дутуу хийж болдоггүй гэдэг нь амьдрал дээр харагдаж байна. Тийм учраас энэ хуулиудыг бүхэлд нь ойр ойрхон зайтай баталж байж, эрх зүйн шинэтгэл бүрэн утгаараа явна. Бид бол энэ хаврын чуулганаар хуулийн төслүүдээ батлуулахыг зорьж байна. Хаврын чуулганаар баталчихвал хуулиа тайлбарлах, яаж хэрэглэх гарын авлага тараах, шинэ хуулийг багцаар нь хэрэглэж эхлэх урьдчилсан бэлтгэл ажил бий. Энэ их том ажил болно.
-Гуч гаруй байгууллагуудын төлөөлөл энэ хуулийн төсөл дээр ажилласан гэж та хэлсэн. Ер нь мэргэжлийн хүмүүсийн хувьд энэ шинэтгэл дээр хэрхэн хандаж, хүлээн авч байна вэ?
-Ажлын хэсэг дээр хуулийн төсөл хийгээд, янз янзын хувилбар гаргаад сууж байх үед тэнд жинхэнэ онолын маргаан, амьдралын туршлагаасаа эш татсан маргаан өрнөж, маш идэвхтэй, амьд яриа болсон. Тэр оролцож байгаа хүмүүсийн хувьд асуудал байхгүй. Үнэн сэтгэлээсээ, идэвхтэй хандаж байгаа. Ганцхан зүйл бий. Бид шинэчлэл гэдэг нэрийн дор хуулийн байгууллагуудын ажилтнуудыг хашраагаад, бужигнуулаад, шинэчлэл хийхээс айдаг болчих вий л гэж бодож байна. Зарим талаар тийм болсон байна билээ. Дахиад нэг сайд гараад ирлээ, одоо яах бол гэсэн болгоомжлол. Шинэчлэлийг баярлаж хүлээж авах бус айдастай байдлаар хүлээж авах тал бий болсон байна. Энэ бидний анхаарах ёстой зүйл.
-Ерөнхийдөө системийн хэмжээнд хүмүүс их дэмжиж байгаа юм байна?
-Дэмжилгүй яах билээ. Тэр хүмүүс чинь бас хуулиндаа байгаа болох, болохгүй зүйлүүдээ мэдэж байгаа шүү дээ. Энэ хуулиуд амьдралд гараад, хэрэгжихээр илүү ойлгомжтой болно. Эрх зүйн шинэчлэл удаан явсан, хүмүүст үр шим нь мэдэгдэхгүй байгаа бас нэг шалтгаан бий. Жишээ нь өнөөдрийн эрх зүйн шинэчлэлээр хүмүүст мэдрэгдэх гол зүйл нь юу гэхээр Эрүүгийн хуулийн өөрчлөлт, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн өөрчлөлт бол ял шийтгэлийн бодлого хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэх асуудал. Нөгөө талаас Эрүүгийн байцаан шийтгэх хууль буюу Эрүүгийн хуулийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг процедурын хууль байхгүй юу. Цагдаа хүнийг байцаахдаа яаж ажилладаг юм, мөрдөн байцаагч хэргийг илрүүлэхдээ яаж явах, прокурор, шүүх яах вэ зэрэг асуудал. Жишээлбэл, цагдаа хүнийг дуудчихаад үүдэн дээрээ хэдэн арван цаг зогсоочихоод, маргааш гээд явуулчихдаг. Иймэрхүү зүйлүүд яаж өөрчлөгдөх юм бэ гэхээр хэрэглээд ирэхээр мэдрэгдэнэ. Шинэчлэлийн цөм болсон энэ хэдэн хуулиудыг баталчихаар энэ хуулиудыг барьж ажилладаг байгууллагууд бий. Цагдаагийн хууль, Прокурорын байгууллагын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль, шүүхийн хууль гэх мэтээр. Байгууллагуудын хуулинд өөрчлөлт орох ёстой. Өмнө нь гол цөм хуулиа батлаагүй байж Байгууллагуудын хуулийг батлаад, дарааллыг нь алдагдуулаад, тэгээд бужигнуулчихсан юм билээ. Ер нь бол нэг байгууллага байгуулах, нэг хэлтэс байгуулах эсвэл нэг хүнийг нэг өөр газар томилох нь шинэчлэл биш. Шинэчлэлийн цөм болсон хуулиудаа баталчихвал энэ хуулиудыг дагаад бусад хуулинд ямар өөрчлөлт орох вэ гэдэг нь гарч ирнэ.
-Хуульдчын холбоо гэж бий. Энэ холбоо үүргээ хэр гүйцэтгэж байна вэ. Миний ойлгосноор Америкийн БАР-ын холбооны зарчмыг авсан юм билээ?
-Америкийн БАР-ын холбоо, тэр холбооны ажиллах зарчим гэж бий. Үүнийг авахдаа яг тэр хэвээр нь ч аваагүй, гуйвуулсан. Тэр бол өмгөөлөгчдийн л байгууллага. Гэтэл манайх дуурайхдаа шүүгч, өмгөөлөгч, прокурор гээд бүгдийг нэг холбоонд хамааруулсан. Тэр холбоон дээрээ хуульчдаас шалгалт авдаг, ёс зүйн асуудлыг хэлэлцдэг. Үнэндээ амьдрал дээр нэг сайн хэрэгжиж өгөхгүй л байгаа. Эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлэх ёстой, чиг үүрэг нь өөр албан тушуултнуудыг нэг байгууллагаар дүгнэн, ёс зүйг нь шүүх гэх мэт нь огт нийцэлгүй зүйл болчихоод байна.
-Барууны орнуудад бол тусдаа байдаг уу?
-Тийм. Хуульчдын холбооноос ямар асуудал тавьж байна вэ гэхээр дэлхий дээр цорын ганц өмгөөллийн хуульгүй улс нь монгол боллоо. Өмгөөллийн хуулиа баталж өгөөч. Мөн Америкийг дуурайсан энэ БАР-ын систем чинь амьдралд нийцэхгүй байна. Үүнийг шинэчилье гэж байгаа. Би "Та нар манай хууль зүйн яамны ажилчидтай суугаад, өөрсдөө төслөө боловсруулаад аваад ир. Тэгээд яамны төвшинд дахиад ярья” гэсэн хариу өгсөн. Боломжийн хувилбар гаргаад ирвэл эрх зүйн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд оруулаад, шийдвэрлэе гэж зорьж байна.
-Эрх зүйн шинэчлэл ер нь хэр удаан хугацаанд хэрэгжих вэ. Нэг хууль гаргаад бүх зүйл болчихгүй байх. Маш их бэлтгэл ажил хэрэгтэй гэдгийг та түрүүн хэлсэн?
-Багц 10 гаруй хууль маань хаврын чуулганаар батлагдчихвал ирэх намраас хэрэгжээд эхлэх ёстой. Тэр хүртэл бид маш богино хугацаанд семинар, сургалт, зохион байгуулалтын ажлуудаа хийнэ. Ер нь бол шинэтгэл гэж хэлээд, хүнийг чимхээд, 5-6 жил орилуулаад байж болохгүй. Маш богино хугацаанд хийх ёстой. Бидэнд цаг хугацаа байхгүй.
-Хэрэгжээд эхэллээ гэхэд жирийн цагдаа, шүүгч, сумын цагдаад энэ хууль яаж мэдрэгдэх вэ?
-Эрүүгийн хуулиар эдийн засгийн хохиролтой хэргүүдийг голдуу хорьж шийтгэдэг. Шинэчлэлийн дараа хэрэг үүсгээд, шалгах явцад хохирлоо барагдуулчихвал заавал хорьж, шийтгээд байхгүй болно. Хуулийн зорилго хохирлыг арилгах болохоос биш хүнийг шоронд хийх биш юм. Хуулийн байгууллагын ажилтнуудыг удаан ажилладаг гэдэг. Одоогийн хуулиар удаан байхаас аргагүй. Хоёр хүний зодооны хэргийг мөрдөн байцаагч мөрдөөд, 10 гэрч байлаа гэхэд 3-аас нь мэдүүлэг авч болно. Тэгээд хэргээ шүүхэд аваачихаар, шууд буцааж байгаа. 10 гэрч байхад 3-аас нь л авсан байна, бусдаас нь заавал ав гэдэг. Гэтэл тэр 3 хүний мэдүүлэг хэргийг хангалттай нотолж байх жишээтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулин дотор их олон хугацаа тавьчихсан. Тэр хугацаагаа заавал болгож байж, хэдэн сарын дараа шүүх хурал болж байгаа юм. Шинэ хуулиар хэрэг нотлогдож байгаа, эсвэл гэм буруугаа хүлээж байгаа тохиолдолд маш хурдан шүүх хурал болоод, хэргийг шийддэг болно. Мөн мөрдөн байцаагчид өөрсдөө гадуур явж, нотлох баримт цуглуулж, хэргийг илрүүлдэг болгосноор хүнийг дуудаж, дарамталж, өрөөнөөсөө хэрэг илрүүлдэг системийг хална. Энэ хамгийн том ач холбогдол. Мөрдөн байцаагч нараас ажлын шинэ үр дүн, арга барил гарна. Тэрнээс гадна ялын шинэ төрлүүд нэмэгдэж байгаа. Тодорхой хэргүүдэд гэрийн хорио байх жишээтэй.
-Эдийн засгийн гэмт хэргүүд бол хохирлоо барагдуулж байгаа бол бараг хорихгүй болох нь?
-Тэрнээс гадна гэм буруугаа хүлээж байгаа бол онц хүнд гэмт хэрэг биш бол үндсэндээ ял шийтгэл ногдуулахгүй байх зохицуулалтууд ч орж байгаа. Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудалд хүнийг шоронд суулгах нь гол биш. Хохирлоо төлүүлэх нь л чухал.
-Х.Тэмүүжин Таныг өөрийнх нь мууг үзсээр байгаад сайдаас унагааж, өөрөө сайд болсон гэх утгатай зүйл чуулган дээр ярьсан, ийм юм байж болох уу?
-Тэгэж л яриад байгаа юм. Би ямар Тэмүүжиг хөтөлж аваачаад, нэр холбогдсон хүүхэнтэй нь танилцуулчихсан биш. Би тэдний уулзалтыг зохион байгуулаад, дэвэргээд явсан биш... Ерөнхийдөө буруугаа үргэлж бусдаас хайсан, бусдад нялзаах гэсэн нэг тиймэрхүү зүйл л харагдаад байгаа.
-Бас Тэмжүүнгийн хэргийг илрүүлсэн 2 хурандааг ажлаас халчихсан байхад Таныг ажилд нь эргүүлж томилсон, цэцийн гишүүн П.Очирбат, хуульч Нарангэрэл болон Таныг хуучинсаг хүмүүс болохоор шинэчлэлийг эсрэгүүцээд байгаа гэж ярьсан байсан?
-Хуучин хүн гэж нас ахисан хүнийг хэлдэггүй. Би энэ хүн их буруу ярьж байна л гэж үзэж байгаа. Хүн өөрийнхөө алдаа, оноог эргэж харах, ойлгох чадвартай байвал зүгээр дээ. Үндсэн хуулийн цэц дээр хуулиуд нь унахаар "Энэ Дээд шүүхийн захиалгатай, эсвэл Д.Дорлигжав хийлээ” гэж хардахын оронд нэг удаа ч болов "Би ер нь Үндсэн хуультай зөрчилдсөн юм хийчихсэн юм биш үү” гэж бодох хэрэгтэй. Буруугаа бусдаас эрсэн юм л их ярих юм. Улс төрд удаагүй. Янз бүрийн юмнаас эмзэглээд, тэрнээсээ болоод янз бүрийн юм хийгээд явдаг байж мэдэх юм. Гэхдээ биднийг нийгэм харж байна. Ахмад үетэйгээ яаж харьцах, залуу үетэйгээ яаж харьцах. Удирдлагууд, өөрийнхөө доор ажиллаж байгаа хүмүүстэй яаж ажиллах вэ гэдгийг цаасан дээр бэлэн бичээд өгчихсөн жор байхгүй. Хувь хүний хүмүүжлийн төвшин, арга ухааны л асуудал. "Үндсэн хуультай зөрчилдөнө, болохгүй" гэж олон ч хүн анхааруулсан. Нэгнийхээ үгийг сонсож, алдсан бол хурдхан шиг зогсож, залруулдаг чадвартай л байх хэрэгтэй.
-Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн хуулиуд батлагдчихвал АН-ын мөрийн хөтөлбөр, таны өмнөө тавьсан зорилго биелэх үү?
-АН-ын мөрийн хөтөлбөр гэхээсээ илүү энэ бол цэвэр мэргэжлийн хуулиуд юм. Үүнийг улстөржүүлээд, танай, манай гэх зүйл байхгүй. Зүгээр нэг нам үүнийг дэвшүүлээд, зорилт болгож ажиллаж байгаа нь сайн хэрэг. Тэгээд л орхих хэрэгтэй. Тэрнээс цааш энэ танай, манай гээд талцвал юу ч биш болгоно. Мэргэжлийн үүднээс л хандах ёстой хууль. Ер нь бол хаврын чуулганаар хуулиуд батлагдвал эрх зүйн шинэтгэлийн үндсэн гол концепци бүрдэнэ. Цаашдаа үр дүнгээ өгөөд явах байх.
-Америкийн судлаач Ларри Даймонд хэлж байсан. Хууль хүчний байгууллагууд, тэр дотроо Авлигатай тэмцэх газар буюу авлигатай тэмцэх механизм нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Тэр зорилгынхоо төлөө магадгүй өөр хэсэг хүмүүсийн эрхийг зөрчдөг, хязгаарлах эрхтэй, хуулиар зөвшөөрөгдсөн байгууллага. Энэ утгаараа хэрэв энэ төрлийн байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулбал, эрх барьж байгаа талын зэвсэг болох аюултай гэж. Тэр эрх барьж байгаа хүмүүсийн зэвсэг болохоос хамгаалсан хамгаалалтуудыг энэ хуулиудад тусгаж байгаа юу?
-Тусгасан. Жишээлбэл, АТГ хуучин Цагдаагийн дэргэдэх Улсын мөрдөн байцаах газарт байсан нэг л тасаг шүү дээ. Тэрийг тусад нь гаргаад, илүү эрх мэдэл, цалин өгөөд эхлэхээр бусад систем дотор байгаа байгууллагуудынхаа хэвийн үйл ажиллагаанд саад болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, систем дотор байгаа нэг байгууллагыг хэтэрхий хүчирхэг болгочихоор бусдынхаа үйл ажиллагаа зогсоодог, боомилдог. Энэ бол амьдрал дээр байгаа жишээ. Удахгүй Засгийн газарт оруулах гэж байгаа Мөрдөх албаны тухай хуулиар иймэрхүү асуудлыг зохицуулж байгаа.
-Ер нь АТГ тусдаа байх нь хэр оновчтой вэ?
-Тусдаа байж болно. Гэхдээ адилхан хууль сахиулах байгууллага учраас нэг л эрх зүйн орчинтой байх ёстой.
-Үйл ажиллагааны уялдаа холбоо хэр байдаг юм бол?
-Тодорхой хэмжээгээр байлгүй яах вэ. Энд нэг хэрэг шалгаж байгаа бол нөгөө байгууллагаасаа холбоотой мэдээлэл, материалуудыг аваад л явж байгаа. Ийм холбоо, харилцаагүйгээр хэрэг илрүүлж чадахгүй шүү дээ.
-Онолын талаас яривал Монголын эрүүгийн хууль, ял шийтгэлийн хуулийн хөгжил нэгэн шинэ үе шат руу орж ирж байгаа гэж ойлгох уу?
-Нарийн яривал ардчилсан хувьсгалаас хойшхи хуулиадад 90-ээд оноос өмнөх социалист хуулийн үзэл санаан дээр тулгуурлаж, зах зээлийн нийгмийн аясыг тусгасан тодорхой өөрчлөлтүүд хийгээд үргэлжлүүлээд явсан. Харин одоогийн хуулиуд бол суурь шинэчлэл юм. Гэхдээ уламжлалаа орхихгүй, цааш аваад л явна.
-Ярилцсанд баярлалаа.
Л.ЭНХДЭЛГЭР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих