ЦУУТАЙ ДАЯАНЧ ЛАМ НАРЫН ТУЛААНЫ УР ЧАДВАР
1880-аад оны үед Зүүн хүрээний орчимд "Лхасаас эрдэм номтой, зодолдох урлагт хосгүй мэргэшсэн тавь орчим насны түвд лам ирж гэнэ” гэсэн яриа лам нарын дунд яригдах болжээ. Үүнийг сонссон хүрээний тэргүүн зодоончид түүнийг харах юмсан гэцгээж, зарим нэг нударга чангатай нь "Тэр сүрхий зодоончтой нударга зөрөөд үзэх юмсан, өөрийнхөө зодооны эрдмийг шалгах юмсан” гэх болжээ. Эл яриа яван явсаар Баруун хүрээний "Дүүгүүр” Зодов гэгч залуу ламын сонорт хүрсэн байна. Зодов нь тухайн үед өшиглөлцөх, нударга тавих, дүүгүүр шидэх эрдэмд хосгүй гэгдэн шагшигдаж байсан тул өөртөө их л итгэлтэйгээр "Тэр түвдтэй үзвэл үзчихье” гэж ярьсан нь мөн л ам дамжсаар мөнөөх түвд ламын чихэнд хүрчихэж. Мань лам нутагтаа зэгсэн сайн нударга зөрүүлчихдэг, гаргууд сайн дүүгүүр тавьчихдаг нэгэн байж. Төдөлгүй түвд лам "Дүүгүүр” Зодовтой уулзъя гэсний дагуу тэр хоёр уулзжээ.
Чингээд хүчээ хэрхэн үзэх тухай ярьж байсаар нударга зөрөхгүй, зөвхөн дүүгүүрийн эрдмээр үзье хэмээн өдөр судраа тохирсон байна. Энэ тухай хүрээгээр нэг шуугиж лам нар болзоот өдрийг тэсч ядан хүлээж байлаа. Удалгүй хоёр зодоонч болзоот цагтаа, Богдын хүрээнд болзсон газартаа ирцгээж, зуу гаруй лам дүүгүүрч хоёр ламын хүчээ хэрхэн үзэхийг сонирхож нэгэн том хүрээ болон зогсчээ. Монгол, Түвдийн манлай зодоончдын нударгалцаан ч ёстой үзүүштэй юм болох нь гэж хоёр хөгшин лам хүүрнэлдэнэ. Лам нар хүрээ хүрээгээрээ ялгаран харагдана. Өндөр цагаан лам олны өмнө гарч ирээд хоёр ламтаныг дуудан гаргаж ирэхэд тэд хоорондоо хөөргөө солилцон тамхилцгаана. Түвд лам эхлэн ам нээж нударгалцахаас өмнө дүүгүүрийн эрдэмээр хүчээ үзвэл ямар вэ? гэхэд "Дүүгүүр” Зодов "Надад аль нь ч ялгаагүй” гэж хэгжүүн дуугарчээ. Хоёр зуун алд газраас ээлжлэн бие биенээ дүүгүүрдэх бөгөөд халирч зугатахгүй дүрэмтэй.
Хуран цугларсан лам нар сурын харваа үзэх мэт хоёр талаар гудамжлан зогсох бөгөөд түвд лам "Дараа нь гомдоллохгүйн тулд та эхэл дээ” гэж ихэмсэг хэлээд цааш алхав. Хоёр зуун алдын цаана түвд лам завилан сууж бясалгал хийж эхлэхэд Зодов хонины арьсийг зүсч хийсэн "Шунгинадаг шар” хэмээх дүүгүүрэндээ чулуу хавчуулан хэд эргэлдүүлсэнээ "Чүү” гээд чулууг тавихад чулуу агаар зүсэн шунгинасаар завилан суугаа түвд ламын толгойд "Таг” гэж оноод газарт ойчиход мань ламтан "Ёо” ч гэсэнгүй, толгой нь ч хагарсангvй. Хурсан олон дуу алдацгааж аргагүй л номын ойгүй чадалтай хүн юм даа гэж шагшицгаана. Хэсэг хугацааны дараа түвд ламыг босч ирэхэд Зодов "Би дүүгүүрээр төдийлөн сайнгүй.
Ахиж нэг удаа дүүгүүрдвэл та болгоохсон болов уу” гэхэд түвд лам ярвайн толгой дохиод бясалгалаа эхлэв. Зодов аман дотроо "Чи тэгнэ байгаа” гээд дүүгүүрээ сольж, үхрийн ширийг зvсч хийсэн "Даргай хар” хэмээх дүүгүүрээ гаргаж ирээд бэлдэж тавьсан чулуунуудаас арай томхоныг дүүгүүрэндээ хийж хавчуулав. Чулууг дүүгүүрт сэнс мэт эргэлдүүлэхэд хүр хүр дуугарна. Дүүгүүрийн хар сур тас гэж дуугарахад чулуу сум мэт шунгинасаар түвд ламын толгой руу ойртов. Гэтэл нисэн очиж байсан чулуу хоёр алд хиртэй ирсэнээ буцаж эргэлдэн газарт уначихав. Энэ мөчид түвд лам муухай орилон гэдрэгээ харан уналаа. Лам нар гүйлдэн очиход түвд ламын зулайнаас цус асгарч байлаа. Тэгээд хэдэн удаа татвалзаад амьсгаа хураав.
Хундан ягаан цус шанаа, нүүрийг нь даган урсана. Энэ үед нэг хөгшин лам "По нь задраад гарчихлаа даа. Хөөрхий минь. Ум маани бад ми хум” гээд ханцуйндаа залбирав. Хажууд нь байсан залуу лам "По нь задарна гэдэг чинь юу гэсэн үг вэ” гэж асуухад хөгшин лам "Дотоод хүчээ нэг дор маш ихээр хуримтлуулсан байна. Тэгээд тэр газарт нь чулуу ирж цохилгүй хуурсан тул хамаг хий нь тархийг нь задалж по буюу сүнсийг нь дээш гаргачихлаа” гэжээ. Энэхүү гайхалтай явдлыг харсан лам нар мэл гайхаж цэл хөхөрчээ. Түвд лам яагаад үхэдхийн унав гэдэг нь их л учиртай байж. Дотоод хүчний хэт төвлөрөл гаднаас эсрэг нөлөө ирэхгүй тохиолдолд ачаалал нь хэтэрсэнээр тархи нь зад үсэрч ийнхүү аймшигтай юм болсон байж.
Ингэж "Дүүгүүр” Зодов нэгэн түвд ламын амь насыг золигт гарган байж нэр алдраа дуурсгаж байсан гэдэг. Гэхдээ нударган зодоонч болгон дээрхи түвд лам шиг ид шидийн гэмээр бясалгал хийж, дотоод хүчээ ингэж айхтар төвлөрүүлж байсангүй. Энэ нь олон жил уул хаданд бясалгал буюу дияан хийсний ид шид бөгөөд эрт цагт иймэрхүү бясалгал хийгээд цууд гарч байсан даяанч лам нар Монголд мэр сэр байжээ. Өнөө цагт гурван хэмжээст гэдэг нэр томьёо "мода”-нд ороод байна. Ямар ч байсан кино урлаг гурван хэмжээс рүү эргэлт буцалтгүй шилжиж байгаа бөгөөд араас нь янз бүрийн техник технологиуд ч гурван хэмжээстэй болж, гурван хэмжээсээр илэрхийлэгдэхгүй бол орчин үеийн гэж тодорхойлоход бэрхтэй болжээ. Тэгвэл Буддын шашны эртний даяанч нар гурван хэмжээс, тэр ч бүү хэл дөрөв, тав, зургаа, долоон хэмжээсээр номоо бясалгаж байжээ.
Зарим хүмүүс "Өнөө үед амьдарч буй гайхамшигтай эрдэм чадалтай санваартан нэг ч байхгүй, дандаа л өнгөрсөн үеэ дурсан санагалзаж, барим тавим батлах нотолгоо байхгүй хуучин үе рүүгээ хуруугаараа заан "Төдөн зуун жилийн өмнө төгс гэгээрсэн бодисадва тийм, тийм рид хувилгаан үзүүлсэн” гэж үлгэр яриад байх юм. Үнэхээр шашин хүчтэй юм бол яагаад өнөө цагт тэр чадалтай, хүчтэй хутагт хувилгаад чинь тодрон гарч ирэхгүй байгаа юм бэ. Яагаад дандаа ид шидгүй хүмүүс төрөөд байгаа юм бэ? Ид шидээ үзүүлээч гэхээр дандаа өнгөрсөн үе рүүгээ заан тэдэн оны үед тэнд гайхалтай хүмүүс байсан гэж яриад байдаг нь ямар учиртай юм бэ. Шашин хөгжлийнхөө хамгийн өндөр оргилд аль дээр нэгэнт хүрчихээд өнөөдөр эргэж бууран доройтсоор мөхлийнхөө ирмэг дээр ирчихээд байгаа гэсэн үг үү? Тиймээс өнөөгийн лам хуваргууд амандаа маани тарни бувтнахаас хэтрэхээ болио юу?” гэх зэргээр даапаалан орхимж нөмрөн сүм хийдэд шавилж суугаа лам хуваргуудын амыг асуух нь олонтаа болсон юм. Үнэхээр ч өнөөдөр газар товчлогч, цаг хугацааны чинадад нэвтрэгч, биеэ хоосон чанарт хувилган хатуу эд зүйлсийн дундуур салхи мэт нэвтрэгч, чулууг агаарт хөөргөгч, гардан тулаанаар хорин хүний дунд түүртэлгүй эргэгч, нарны алтан цацраг дээр хөөрөгний даалингаа тохдог, илд мэсийг олс шиг ороон тооно тушиж зангиддаг, шавар ваарны ёроолыг даавуун уут шиг эргүүлж гүвдэг, эхийнхээ хэвлийд үхсэн хүүхдийг буцаан амилуулдаг увидас төгс хүмүүс алга байна.
Ёстой л гэгээн өдрөөр дэн бариад явсан ч тийм хутаг оршсон хувилгаан шидтэн бидний дундаас олдохгүй. Тэгэхээр шашны хүч чадлын тухай үлгэр домог зөвхөн мунхруулга юм биш үү гэсэн бодол хэний ч толгойд орж ирж байгаа юм. Түүнчлэн шашинтай хамт зэрэгцэн бий болохдоо нусаа ч арчиж чадахгүй жаахан хүүхэд шиг төөрөлдөн будилж мунгинан эргэлзэж байсан шинжлэх ухаан өнөөдөр газар дэлхийд мөн чанар нь багтахаа болиод гариг сансарын хязгааргүй луу нэвтрэн гурав, дөрөв, таван хэмжээст орон зай, хаос орчин болон нано төсөөлөлийн орчинд нэвтрээд байхад шашин харин ч бүр хуучны хүч чадлаа алдан байхгүй болсон зүйлээ дурсан санагалзаж суугаа болохоор энэ талаар хэн ч гэсэн эргэлзэж гайхах нь аргагүй юм. Шинжлэх ухаан үргэлж ороомог хэлбэрээр дээшээ хөгжин тэмүүлсэнтэй адилхан шашин ч гэсэн хөгжих ёстой гэдэг санаа буруу биш ээ.
Шашин уг үндсээсээ бусад бүх зүйлээр өөрчлөгдөн хөгжиж байх ёстой. Үүнийг Бурхан багш ч гэсэн анх сургаал номоо айлдаж байхдаа хүлээн зөвшөөрч "Миний сургаалийг шавь та бүхэн минь цааш нь салбарлан дэлгэрүүлж гүнзгийрүүлэн хөгжүүлж явах ёстой” гэж айлдсан байдаг билээ. Хэрвээ тэгж хэлэлгүй зөвхөн миний сургаалын үг үсгийг тэр чигт нь дагаж яваарай гэсэн бол Бурхан багшийн араас тодрон гарсан Богд Нагаржунай, Богд Зонхова, Ловон Бадамжунай, Асанга, Васанбанду, Дармакрити зэрэг олон арван мэргэд төрөх боломжгүй байсан билээ.
Тэгвэл чухамхүү эндээс л яагаад Буддын шашны хутагт хувилгаадын рид хувилгаан ид шидийн чанарууд нүдэнд үзэгдэж, гарт баригдахаа больтолоо ховордож нүдний гэм болсон юм бэ гэсэн асуултанд хариулж эхлэх нь зөв байх. Бурханы шашин анх үүсэн дэлгэрч байх үед өөрийн хичээл зүтгэлээр төвлөрөн бясалгахын дээд чадварт хүрч өмнөө суугаа хүний үсийг алд дэлэм ургуулсанаа буцаагаад хожгор халзан болгодог, эсвэл зуун алдын зайнд байсан хонин чинээ чулууг бясалгалын хүчээр агаарт хий өргөж бөгсөн доороо сандайлан суудаг хувилгаад олон зуугаараа төрөн гарсан байдаг.
Бурханы сургаалд сэтгэл оюун нь гүнзгий татагдсан залуухан хуваргууд агуй хаданд даяанчлан сууж ер бусын сэтгэлийн хүчийг эзэмшээд бууж ирмэгцээ элдвийн гайхалтай үзүүлбэр үзүүлж, сүсэгтэн олныг уулга алдуулдаг байж. Зарим хутагт хувилгаад бүр агаарт шувуу шиг нисэн дүүлж байсаны нэг үндэс нь Хятадын нэн эртний яруу түүхт Шаолинь хийдийн тулааны урлагийн нэгэн төрөл болж дотоод хөнгөний тамир гэсэн нэрээр бидний үед уламжлагдан ирээд байгаа билээ. Тухайн үедээ бурханы шашны гол эрдэм нь төвлөрөх чадвараа ашиглан эд юмстай харьцаж нөлөөлөх явдал юм шиг санагдаж байсан учраас рид хувилгааныг үзүүлэгч лам хуваргууд нэг үе борооны дараах мөөг шиг олширч байсан нь үнэн. Зарим хүн зөвхөн Буддын шашны сэтгэлийн төвлөрөлөөр эд юмсад үйлчлэх чадварт суралцан түүнийгээ ашиглаж гардан тулаанд мэргэшин хаад ноёдыг хамгаалах, хар зах дээр илбэ жатга үзүүлэн гэдсээ тэжээсээр ирсэн байх аж. Гэвч яваандаа шашны дотоод хөгжил явагдаж цаг хугацаа улирах тусам дээдийн номын утга учир нь ид шид үзүүлэх төдий хөнгөн хуумгай явдал биш гэдгийг олон эрдэмтэн мэргэд ухаарсан байгаа юм. Эндээс л жинхэнэ гурван хэмжээст сэтгэхгүйгээр өнгөрсөн, одоо, ирээдүй гурвыг нэгэн зэрэг зэрэгцүүлэн орших хоосон чанарыг оносон төвлөрөлийн дээд эрдмүүд төрөн гарсан гэж болно.
Ерөнхийдөө 17-р зуунаас эхлэн шашны урсгал чиглэлүүд салбарлан хуваагдаж дууссан бөгөөд эндээс жинхэнэ дээд эрдэмийг эзэмшихийн тулд рид хувилгаан төдий зүйлээр хөөцөлдөх хэрэггүй харин ч аглаг даяанд гарч самади бясалгал (биеэ олон мянган жилээр үл эвдрэгч болгон түр орхих) оюун санаагаа өөр гариг дээр шилжүүлэх, бие махбодио сансарын мөнхийн элементэд хувиргаад хэдэн сая гэрлийн жилийн тэртээ орших алсын галактикт залраад буцаж ирэх, төвлөрч гэгээрсэн оюун санаа нь нэмэх 36-50 мянган хэмийн халуунтай нарны цөм, хасах 3000 хэмийн хүйтэн мөсөн цэвдэг дотор хүртэл үл эвдрэн оршиж чаддагийг анзаарах, мэдрэхүй хэмжээс нь хүнийхээс хэтийдсэн хязгаарыг даван гарч нирвааны зах руу нэвтрэх, зовлонт сансарт хуралдсан үйлийн үрийн тасралтгүй хөврөх гинжин хэлхээнээс ангижрах зэрэг үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр шамдан зүтгэх нь зөв юм байна гэсэн үзэл санаа эрдэм номтой олон лам хуваргын дунд бий болсон байдаг. Ингээд 17-20-р зууны хоорондхи 300 жилийн хугацаанд Энэтхэгт ч, Түвдэд ч, Монголд ч, бусад Буддын шашинтай орнуудад ч аглаг дияаны бясалгал үйлдэн уулын агуйд хориос гучин жил, зарим нь бүрмөсөн оргүй хоосонд шингэн алга болсон байх бөгөөд хамгийн сүүлийн жишээ бол 75 жилийн турш газрын хөрсөн доор өөрийнхөө бие цогцосыг самади дияаны хэлбэрээр хадгалж харуулсан Итгэл хамба Дашдоржийн гайхамшигт хувилгаан чадвар гэж хэлж болно.
Харин 20-р зууны дунд үеэс эхлэн Буддын шашны дээд лам нар аглаг дияаны бясалгал нь зөвхөн ганц өөрийн бодгаль биеийг л ертөнцийн хүлээснээс ангижруулах амин хувиа хичээсэн асуудал болохыг анзаараад харин ч үг хэл, сэтгэл санааны ид шидээр хамаг амьтанд эрдмийн дээд чадлыг үзүүлж явах нь зүйтэй юм байна гэсэн чиг баримжаанд хүрчээ. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэхээр Буддын шашин нэгэн цэг дээр хөдөлгөөнгүй зогсолгүй дотоод хөгжил нь харин ч улам бүр эрчимтэй явагдсаар байгааг илтгэж байгаа юм. Түүнчлэн хүн гэдэг амьтаныг энэ орчлонд анх бий болохдоо дор хаяж 120 жил дээд тал нь 300-500 жил наслах чадвартай заяагдсан тухай сүүлийн үед эрдэмтэн судлаачид нотлоод байгаа.
Ингэхдээ бие, сэтгэл хоёроо хоёуланг нь цэвэр ариун байлгах хэрэгтэй гэж үзээд элдэв онол боловсруулаад байгаа юм. Тэгвэл хүн гээч амьтан ийм урт удаан хугацаанд амьдарч болно, хүний бие, оюун санаанд тийм хүч бий гэдгийг аль хэдийнэ баталчихсан хүмүүс бий. Энэ бол Түвдийн ууланд даяанчлан амьдардаг, Буддын шашны самгарди бясалгалыг нэвт эзэмшсэн хуваргууд билээ. Ер бусын чадавхи эзэмшсэн энэ хүмүүс эгэл бидний амьдран буй ахуйгаас нэгмөсөн тасарч, сансар огторгуйн их хүрдэнд сэтгэл оюуны хүчээр аялж байдаг тухай судар номонд бичсэн байдаг юм. Аглаг уулнаа даяанчлан амьдрагч эдгээр хуваргуудын тухай хүн төрөлхтөн хэдэн зууны турш юу ч мэддэггүй байлаа.
Харин 1959 онд Дээрхийн гэгээн Далай ламтан өөрийн 120 орчим бараа бологч, бие хамгаалагчдын хамт цаст Гималайн оргил дамжин Түвдийн нутгаас оргон зайлж Энэтхэгт дүрвэн очсоны дараачаас олон зуун жилээр хэмжигдэх настай оюун санааны өндөр чадавхитай хүмүүс энэ хорвоо дээр амьдарч байгаа тухай шуугиж эхэлсэн гэдэг. Дээрхийн гэгээнтэний орголтыг өнөө хүртэл хорьдугаар зууны тайлагдаагүй нууцын нэгд тооцдог боловч америкчууд 1960 оноос нэгэн цуу яриа дэгдээж эхэлжээ. Тэр нь юу гэвэл "Хятадын ардын Чөлөөлөх Армийнхан байнгын хяналт тавьж агаараас хүртэл манаж цагдаж байхад Далай ламтан олон бараа бологчийн хамт ор сураггүй алга болсон явдал бол Түвдийн аглаг уулсад даяанчлан амьдардаг, тулааны урлагт нэвтэрхий мэргэшсэн хуваргуудтай холбоотой. Далай ламын 129 бараа бологчтойгоо хамт явж туулсан гэх зам нь хүн явах аргагүй нарийн гүн хавцал, халил бүхий мөсөн голоор хүрээлэгдсэн асар хүйтэн ян сарьдагийг дайран өнгөрсөн байдаг. Хүн явж гэмээнэ тийм олуулаа явах ямар ч боломжгүй.
Тиймээс тэрхүү замаар тийм олон хүн оргосон гэхэд бэрх. Буддын шашны ямар нэг хүч чадлыг, тэр тусмаа Гималайн ууланд оршигч эртний даяанч, тулаанч хуваргуудын хүчийг ашигласан орголт байсан” гэдэг дуулиан дэгдээсэн билээ. Үүн дээр хачир нэмж Далай ламыг дагаж Энэтхэг рүү дүрвэсэн Лүдүва хэмээх хуварга Белгийн нэгэн сонинд маш сонирхолтой ярилцлага өгч даяанч нарын нууцаас анх дэлгэсэн байдаг. Тэрбээр "Гэгээнтэний орголтыг зохион байгуулсан хүмүүс бол Гималайн уулсын даяанч нар. Тэд хэдий хүний нүдэнд өртөхгүйг хичээдэг боловч Буддын шашинд нүүрлэсэн их гай гамшигийг харж тэвчилгүй өөрсдийн хувилгаан шидээр Дээрхийн гэгээнтэнийг аюулгүй газарт оч хэмээн ятгасан. Далай лам тэдний үгэнд орж оргохоор шийдэхдээ өөрийн ойр дотны таван зуун хүнийг дагуулан оргох хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч даяанч нар ийм олон хүнийг аргалж чадахгүй хэмээсэн. Иймээс гэгээнтэн шадар бараа бологч болох зуу гаруй хүнээ дагуулан харанхуй шөнөөр цаст уулын цавчим хясаа руу хөдөлсөн юм. Биднийг хүн явах байтугай жигүүртэн шувуу ч нисэн өнгөрөхийн аргагүй эгц өндөр хясааны хормойд ирэх үед бие хамгаалах урлагийн зургаан даяанч угтан гарч ирж билээ. Тэд биднийг дагуулан цааш хөдлөхөд үүр цайж, Хятадын онгоцууд дээгүүр эргэлдэн нисч байсан ч даяанч нар огт сандраагүй. Нар мандах үед даяанч нарын нэг нь учир үл мэдэгдэх бясалгал хийсэн бөгөөд бид өөрсдийнхөө барааг ч харж үл болом их манан татсан.
Энэ их хөшиглөсөн манан дундуур даяанч нар биднийг дагуулан явсаар Энэтхэгийн хил хүргэж өнөөд өөрсдөө алга болсон. Чухам ямар замаар яаж явж энд хүрсэнээ бид мэдээгүй” гэж өгүүлжээ. Лүдүва ламтаны энэ ярилцлагыг Далай ламтан ч үгүйсгээгүй боловч "Шашны нууц” гэдэг үгээр халхавчлан өнөөг хүртэл дэлгэрэнгүй тайлбарлахаас татгалзсаар байгаа юм. Үүнээс хойш барууны судлаач эрдэмтэд, сэтгүүлчид Буддын шашны номонд гүнзгий нэвтэрч, бясалгал гэгээрлийн туйлд хүрээд бодит ертөнцөөс нэгэнт тасарсан аглагын даяанч нарыг мөшгин судалж олон олон сонирхолтой баримтуудыг гарган тавьсаар ирсэн билээ. Түүнчлэн Зонхов Богдын дэлгэрүүлсэн тарнийн шашны тэргүүнүүдийн дотроос хамгийн ээдрээтэй намтар бүхий тавдугаар далай лам Цанъянжамц нь жинхэнэ Буддын шашны нарийн нууц тэмдэг дохио хийгээд билэг чанарын далд шидэнд нэвтэрсэн хүн байсан гэдэг.
Түүнийг амьд сэрүүн байхад нь Манжийн эзэн хаан шууд зургадугаар далай ламыг тодруулан сэнтийд нь залж түүнээс хойш Цанъянжамцын дүрүүд төөрөлдсөн гэсэн яриа байдаг. Тухайн үед Манжийн хааны зарлигийг дагахаас татгалзсан тавдугаар далай лам Цанъянжамц өөрийгөө бурхан болсон гэсэн хуурамч зар тараагаад бадарчин ламын өмсгөлтэй Хөх Нуур, Алшаа, Өвөр Монголын нутгаар таван жил орчим даяанчлан явсаны эцэст Түвдэд нууцаар буцаж ирээд Цаст Гималайн салбар ууланд 20 жил хиртэй агуйд бясалгал үйлдээд эцэст нь гэрлийн мөн чанарт нэвтэрч Авигаши дияаны утга агуулгатай сүлэлдэн хорвоог туулж сансарын хязгаарт одсон гэдэг билээ.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих