Байна уу? Сайн байна уу? Ааваа. Таны бие тэнхээ сайн биздээ дүү хичээлдээ яваад л байна уу? Тэр үед хөдөө суманд сүлжээтэй байсан бол ингээд л ярьж байх байсан байхдаа. Аавыгаа өглөө эрт унтаж байхад нь сайн сууж байгаарай баяртай гэж хэлж чадаагүй явсандаа одоо ч харамсаж суух юм. Насан эцэс болж бурхадын урлантай чуулгандаа яаран явахад нь хажууд нь даанч байсангүйдээ би.
Дорнодын хар Оршихоо буюу яруу найрагч Б. Бат-Орших ах маань аавын бие муудахад нь дэргэд нь байж түргэн дуудаж өгсөн ч аав минь дэндүү оройтсон байсан гэсэн. Оршихоо ахдаа баярлаж явсан хэдий ч мөн л найргийн тэнгэртээ цэл залуугаараа зорчсон юм. " АГСАМНАЛ " яруу найргийн номыг нь зорьж худалдаж авсан би бээр эрхэм ахыгаа энэ орчлонд арай л дутуу агсамнаждээ гэж бодож суух юм.
Яруу найрагч
Данзангийн Нямсүрэн хэмээх эгэл атлаа этгээд ургасан хөх өвс, эрээнцавын
их уул, энэ л нутгийн сод хүү. Аавын минь сайн найз бодол сэтгэлээрээ
аавтай минь бүхэл бие мундаг хүн байж билээ. Хожмоо сонсохнээ
Улаанбаатараас Дорнод ирж явахдаа замын унаанд өөд болсон гэсэн. Анир
чимээгүй эхнэр хүүхдээ сэрээхвий хэмээн зөөлөн алхаж Янжинлхам ба түүний
дагалдагч бурхадын өргөөнд яруу найрагаа уншихаар мөн л явсандаа хайран
хүмүүс.
Бурханч лам найрагч Со буюу Тогоонтөмөрийн Содномнамжил ах
маань хуврага дээлнээсээ огт салахгүй, саллаа гэж бодоход энгийн
хувцастай нэг л нүдэнд дасаж өгөхгүй харагддагсан.
Сүүлд " Огторгуйн Очир " яруу найргийнх нь номыг олж уншихдаа ахыхаа дотоод ертөнцийг таньж мэдсэндээ.
Яруу найрагч Тайван, Хүрэлчулуун, Зураач Батаа, Гантуяа, Мэлс гээд бүгд л аавын минь найз, дүү нар урлаг уран сайхан, уран зураг, утга зохиолоор холбогдсон, авъяас нь дэндсэн билэг танхай эгэл хүмүүс байждээ. Миний нутгийн нар мэт сэтгэлд ойрхон Хэрлэн голын минь урсгал мэт дөлгөөн бас уянгалаг мэдрэмж нь туйлдаа хүрсэн, сэтгэл зүрх нь тал шиг уужим эдгээр хүмүүс одоо амь сэрүүн байсан бол ихийг хийж байгаа болов уу? Хайран сайхан хүмүүс.
Л. Түмэнжаргал.
Базаррагчаагийн Бат-орших /1968-2009/
...Тэр өдийд энх тунх байсан бол идэрхэн 45 настай, яруу шүлгээ
тэрлэнхэн бидний дунд гялалзаж явах байлаа. Монголын "Мөнгөн үе"-ийн
яруу найргийн томоохон төлөөлөгчийн нэг яруу найрагч агсан Б.Бат-Оршихын
анхны "Агсамнал" шүлгийн түүврийн нээлт "Интерном" номын их дэлгүүрт
боллоо. Номын нээлтэнд Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт яруу
найрагч Д.Нямаа, нэрт орчуулагч Г.Аким, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч
Л.Пүрэвдорж, Г.Мэнд-Ооёо, МЗЭ-ийн шагналт зохиолч Ж.Нэргүй,
О.Содномпил, Г.Ишхүү, М.Амархүү, Ж.Баяржаргал тэргүүтэй зохиолч, уран
бүтээлчид болон яруу найрагчийн ар гэр, төрөл төрөгсөд нь хүрэлцэн ирсэн
байлаа.
Ном нээх ёслолын салхийг хагалж МЗЭ-ийн шагналт
зохиолч, орчуулагч Ж.Нэргүй яруу найрагчийн шинэ түүвэр хэрхэн ном болж
уншигчдад хүрч буй түүхийг хүүрнэн учирлаж, яруу найрагч Д.Ган-Очир
хөтчөөр ажилласан юм. Номыг оршоож СГЗ, Төрийн шагналт яруу найрагч
Д.Нямаа "Бид насаар их зөрөөтэй. Бат-Орших бол миний гурав дахь хүүтэй
чацуу. Дарханаар овоглон их цочир ширүүн, дэлбэ дайран яруу найрагт гарч
ирж байсан. Уран бүтээлч хүн ер нь их, бага насалснаараа биш, их, бага
бичсэнээрээ биш жинхэнэ яруу найргаараа үлддэг жамтай..." гэсэн бол СГЗ
Г.Аким "Би Бат-Оршихыг галын дөл мэт цоролзон гарч ирэхийг нь мэдэх юм.
Өнөөдөр илжигнүүд Монголын минь хойморт орилон хашгирч, хөөж гаргах хүн
үгүй болжээ. Дүү минь амьд сэрүүн байсан бол агсраад, одоо ч та бидний
дунд явж байх байсан байх. Жоохон, нимгэн энэ түүвэрт Монголын дэлгэр
нутаг багтжээ. Манай хатагинчууд өргөвөл тоосон дундаа уулзах, үрэгдвэл
ясан дээрээ цуглах тангарагтай улс" хэмээн үгүүлээд яруу найрагчийн
"Агсамнал" шүлгээс уншсан юм. СГЗ, хошууч генерал Л.Пүрэвдорж
"Б.Лхагвасүрэн, Х.Сампилдэндэв, Г.Нямаа бид хэд 1990 оны "Болор цом"-ыг
шүүж байлаа.
Бидний огт дуулаагүй, төсөөлөөгүй яруу найраг гарч
ирсэн. Тэд авьяасаар үнэнийг тунхагласан оюун санааны сэргэн мандлын
залуус байлаа. Эцсийн даваанд алдар цуутай нэг ч том найрагч үлдээгүй.
Ердөө таван хүүхэд л үлдсэний нэг нь Б.Бат-Орших. Жинхэнэ авьяас гэдэг
бузар орчлон, булай хүмүүсийн дунд байж тэвчих аргагүй байдаг бололтой.
Тэр нутагших гэж үзээд чадаагүй явчихсан. Ийм жишээ дэлхийн утга зохиолд
маш түгээмэл буй. Хөхөө яагаад үүргүй байдгийг хүмүүс одоо хүртэл
мэддэггүй шүү дээ" хэмээсэн бол яруу найрагчийн 10 жилийн ангийн
төлөөллөөс "... Биднийг дунд сургуульд байхад Оршихоо маань сургуулийн
бүх номыг уншаад дуусгачихсан, "Нацагдорж" тэмдгээр энгэрээ мялааж байж
билээ.
Бид нэг зохион бичлэгийг их тод санадаг юм. Багш "Хэрвээ
би илбэчин байсан бол..." гэсэн сэдэв өгөхөд манай хүн "Тэгвэл би
хүмүүсийг урт удаан наслуулсан улс байгаасай хэмээн хүснэ" гэж бичиж
байсныг санаж байна" хэмээн дурсамжаа хуваалцсан юм. Түүнчлэн Д.Нямаа,
Г.Ишхүү, Той.Галсан, Д.Хүдэрмөнх... найрагчийн тухай олон содон
дурсамжийг сэмлэсэн билээ. Эл үеэр яруу найрагчийн хүү Б.Тэмүүлэн "Аав
минь агсам байсан, амиа та үнэнд өргөсөн..." хэмээн элигия шүлгээ уншсан
нь олон хүний сэтгэлийг эрхгүй норгосон юм. Яруу найрагч Б.Бат-Орших
агсны ар гэрийнхэн номыг баринтаглан түмэнд хүргэсэн Ж.Нэргүй,
Я.Мөнхжаргал, Д.Ганболд, Ч.Эрхэмбаяр, Б.Баярбаатар нарт мөнгөн аягатай
сүү, номын хив, гарын бэлгийн хамтаар гардуулж, ерөөл өргөн, зохиолч,
уран бүтээлчдэд хүндэтгэлийн зоог барьснаар арга хэмжээ өндөрлөсөн
билээ.
Ийн эзэн нь үгүй ч "Агсамнал" нэртэй яруу найргийн нэгэн
содон түүвэр, найрагчийн гэрээс болон таны мэлмийн толионд нууцаа нээж
байна. "Утга зохиол, урлаг" сонин энэ удаагийн "Утгын их хоймор"
буландаа яруу найрагч Б.Бат-Оршихын тэнгэрт халихын өмнө өгсөн сүүлчийн
ярилцлагыг нь /2008 оны эхээр/ ийн бүрэн эхээр нь толилуулж байна.
Таалал хотлоор орших болтугай!
-Анд нөхөр минь анхны түүврээ хэзээ гаргах гээд байгаа юм бэ?
-Болоогүй ээ, бичиж амжаагүй агуу их зохиол тархинд минь уур савсуулаад
л яваад байна. Эрт урьдын, гарынхаа хэдэн шүлгүүдээ эмхтгээд нэг ном
болгоод боогоод тавьчихсан.
-Нэр нь тодроо юу?
-"Агсамнал" нэртэй түүвэр гарна. Сүүлийн үед сэтгэл санаагаар улам бүр гутрах боллоо. Ёстой хэрэг алга.
-Яалаа гэж?
-Яах юу байхав дээ, хуучин шүлгээс минь тэр рок попын од шүлэгч
Хүрэлбаатар гуай, Гавьяат Гүрбазар ах, бас ч болоогүй ээ, энэ тэр юмнууд
мөр мөрөөр нь хусаад дуу болгоод байх юм. Дээр нь Энхзул, хэн хэн ч
гэнэ үү сүрхий дуулцгаадаг болж байна. Яахав дээ, манай дууны
урлагийнхан намайг үхдэл гэж боддог юм , байлгүй дээ. Тэр Төрбат гуайн
хүүгийн хэлсэнчлэн "2000-гаад он"-ыхон их хулгайч болцгоожээ. Өрөөлийн
шүлгийг өөрийн шүлэг гээд л хээв нэг уншиж байх юм.
-За за, хүн муулаад яахав, буянаараа болцгоог. Номоо яг хэзээ гаргах юм?
-Нуугаад яахав, гурван номынхоо гар бичмэлээ хоёр удаа согтуу явж
байгаад бүрэн хаяж дуусгалаа. Салхи, хөрс хоёр нуусан юм уу, эсхүл хэн
нэгэнд өгчихсөн үү, бүү мэд. Баяраа чи бод доо, би ганц ч ном гаргаагүй
байна. Өдий насан дээр над шиг номоо гаргаагүй, тэгээд бас яруу найрагч
хүн Цоомоо бид хоёроос өөр нь ертөнцөд үгүй байх.
-Хожимдсон ч
гэсэн ухаарч байна гэдэг олз юм. Өөрөө бүр нэг хэсэг сураггүй болоо биз
дээ. Дам сонсох нь ээ, Налайхад байна ч гэх шиг?
-Налайх
гэснээс би чамд нэг сонин түүх яръя. Амьдрал гэдэг их баян юм билээ.
Төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонинд ажиллаж байлаа. Нэг их удаагүй
ажлаасаа гарсан. Тэр үед миний амьдрал ч сүрхий байсан. Одоо энэ саяхан
талийгаач болдог яруу найрагч Ш.Цогт, охин Есөнхулантайгаа, Баабарын
хамгаалагч гэгдээд байсан "Халтар" Хүрэлбаатар, энэ "Маш нууц" сонины
өндөр Батсүх нар чинь манайд байлаа шүү дээ. Тэр үед Амгалангийн нэлээд
агуулахыг хужаа нар авчихсан түүхий эд авдаг байлаа. Нэг нартай өдөр
манай Ганбаагийн түнш хужаа намайг гэнэт дууддаг юм байна. Очлоо. Таван
сая төгрөг бэлнээр нь сарвайж байна. "Яах вэ" гэсэн чинь "Яаралтай
Өвөрхангай руу явж ямааны гулууз авчир!" гэдэг юм байна. Арвайхээр
орлоо. Найз нөхөд тосож авлаа. Ёстой сайхан ууж эхэлсэн дээ. Нэг мэдсэн
чинь хоёр сая гаруй төгрөгөөр наргичихаж. Үлдсэн хэдэн мөнгөөр нь "Энэ
муусайн хужаа нарт юу ч яадаг юм" гэж бодоод тураалаар үхсэн малын
гулуузыг хуу аваад хүрээд иртэл нөгөө хужаа маань "Чи муу хүн" гэдэг
байгаа. Би ч "Тийм шүү" гэтэл уурлаж дэвхцээд сүйд болсон.
-Дараа нь...?
-Нэг хэсэг нөгөө цагаан хоолны доктор, шүлэг бичдэг байсан Ганболдын
авгай Хишгээтэй хамт "Хурд" гэдэг мундаг сонин гаргаад дампуурсан даа.
-Мэдээж энэ үеэс л чи цөхөрч эхлээ биз дээ?
-Үгүй шүү. Нөгөө муусайн хужаа нар чинь намайг ахиад дуудаж байгаа юм
чинь. Нөгөө дарга хужаа нь хэлж байна. "Чамд мөнгө өгөөд хэрэггүй юм
билээ. Харин чи ажлыг сайн зохион байгуулдаг залуу. Одоохон чи Налайхын
тоосгоны үйлдвэр дээр очиж ажилла. Хөлсийг чинь хангалттай өгнө, болох
уу" гэдэг байгаа. Би ч зөвшөөрлөө. Ингээд л 2001 оноос миний бие таван
жил тоосгоны үйлдвэрлэл дээр босс хийсэн дээ. Цалингаа доллараар авна.
Дорнодоос баахан залуус авчирч ажиллууллаа. Тэр үеийн 250 ам.долларын
цалинтай хүн дажгүй байна биз дээ. Уруулаа хөдөлгөөд л ийм хөлс авна
гэдэг. Боломж байсан хэрэг. Хамгийн эмгэнэлтэй нь зөвхөн гар хөдлөөд
байхаар тархи ажиллахаа больчихдог юм билээ. Ингээд л зэвэрч эхэлсэн
дээ. Зэвтэй хүн яахав гэхээр зэвээ цэвэрлэхийн тулд ууж таарна. Гурван
жил архиар зэвээ цэвэрлэсэн хүн түүнд гүн орсон байж таарна. Гүн орсон
хүнээс ажил алба, авгай хүүхэд алга болно. Тэгээд яахав, алган дээр минь
нээх сайхан орчлон үлдэнэ.
-Авгай хүүхэд гэснээс яагаад эхнэрээсээ салчихаа вэ?
-Налайхын сургууль олиггүй болохоор хүүгээ хоёул хотын сургуульд
оруулъя гэж тохирлоо. Тэр үед хадмууд хотод байсан хэрэг. Тэдэн дээр хүү
минь байгаа болохоор хадмууд мөнгө, нүүрс завсар чөлөөгүй нэхнэ. Гэргий
маань мэдээж аав ээжээ өмөөрнө. Сүүлдээ түр тархийх нь их болсон. Манай
хадам аав чинь их сонин хүн ш дээ. Их найрагч Д.Нямсүрэнтэй дотно
нөхөрлөнө. Цуг архи ууна. Надтай бол уухгүй л дээ. Нэг удаа согтуу
ирчихээд олон долоон юм яриад байхаар нь гүвээд хаячихсан. Тэгсэн чинь
цагдаа дуудаад өргөдөл өгөөд cap баривчлагдах тушаал гарлаа. Цагдаа нар
хэлж байна: "15 мянган төгрөг барьцаанд тавиад хадам аав руугаа очиж
уучлал гуй. Эвлэрвэл баривчлахгүй" гэсэн. Эвлэрэх гээд очлоо. Гэтэл
Нарантуяа өмнөөс бүр цамнадаг байгаа. Дургүй хүрээд гүвчихлээ.
-Юун Нарантуяа вэ?
-Манай хадам аав чинь эмэгтэй хүний нэртэй тийм хачин амьтан байхгүй
юу. 111-д шийтгэлээ эдэллээ. Тэгээд л буцаж очоогүй. Гудмаар омог бардам
алхсан даа. Эхнэр маань надаас найм дүү охин л доо. Хөөрхий минь,
намайг зөндөө л гуйсан. Миний сэтгэл хөрсөн болохоор зөвшөөрөөгүй.
-За амьдрал, бизнес, эхнэр хүүхэд бүгд л бүтсэнгүй. Тэгээд яав?
-Ингээд бүтэлгүйтэж явахын эхлэлийг энэ муу хошин шогийн Батзаяа,
Сосорбарам хоёр бүр гайтуулдаг байгаа. Тэд намайг Хятад руу аялах
урилгаар шагнаж, бөөн дуулиан болгоогүй юу. Худлаа хулхидсан юм билээ.
Сүүлд нь Батзаяатай уулзсан чинь ""Өвгөн" Самбууд урилгыг чинь өгсөн ш
дээ" гээд байсан. Худлаа яриад байгааг нь би мэдэж байгаа юм чинь. Тэр
үе чинь 1993 оны хавар байлаа.
-Чамайг нэг хэсэг хүмүүс Монголын дорнод хил дээр аж төрж, онц хилчин болох гэж байгаа хэмээн шуугиж байсан. Нээрэн үү?
-Монголын хилийн цэрэг ялзарчихсан газар. Би чинь яг хил дээр байлаа
шүү дээ. Тэр үед Цогмандал Дорнодын 32-р отрядын хэсгээр Хятад руу машин
байнга хулгайгаар гаргалаа шүү дээ. Энэ нөхөр Их Хуралд дэвшинэ гэнэ
үү, нэг тийм юм сонсогдоод байна лээ. Та нар сэтгүүлч улс нэрийг нь
цээжлээд авчих хэрэгтэй.
-Нөгөө хилийн сэдэв рүүгээ оръё.
-Миний бие хил дээр ахлагч байлаа. Авдархараатын наймдугаар застав
дээр шөнөөр дугааргүй машинууд ирнэ. Бүгд ёслоод л, энээ тэрээ
болцгооно. Офицеруудаас "Энэ хэний машинууд юм бэ?" гэхлээр тэд "Чамд
ямар ч хамаагүй" гэцгээнэ. Өглөө босоход машинууд нь гэнэт алга
болчихсон байна. Нэг шөнө би харуулаас асуулаа. "Энд байсан машинууд
хаачив?" гэсэн чинь Баярмаа ахлагч аваад явсан гэнэ. Гэнэт гэдэн
хөдлөхгүй юу. Монгол улсын хил эдний тоглоом, наймааны талбар юм уу гэж
бодлоо. Дотроо би бүгдийг ажиглаж мэдэж байсан. Тэгээд л хилийн зүг замд
гарлаа. Үнэгтээр гардаг гэдгийг нь мэддэг болохоор бүрэн зэвсэглэсэн
хоёр цэрэг аваад амдаад давхилаа. Хилийн хонхрын цаахна гэрэл анивчиж
харагдлаа. Яваад очлоо. Байж байна аа. "Машинаасаа бууцгаа, эсхүл
асаагаад застав руугаа даруй буц" гэсэн шаардлага тавилаа.Гэтэл харин
нөгөөдүүл чинь өөдөөс томорч "Чамд ямар хамаатай юм. Тэгээд ч чиний
манааны ээлж биш" гээд үл тоон цааш хөдлөх гэхлээр нь дугуйг нь хага
буудчихсан. Ангийн захирагч өөрөө давхиж ирлээ. "Эд буруу хэрэг хийж.
Чиний зөв, Орших оо. Чи чинь шударга хүн шүү" гээд л застав дээр
аваачаад архиар шахлаа. Тэрнээс яг долоо хоногийн дараа Чу Чан гэдэг
хошуучийг застав дээр саатуулсан. Гэтэл заставын дарга Эрдэнэбаатар
надад томроод. Би тэр Чу Чаныг нь машин гаргана гэхээр нь цохиод
унагачихсан юм. Маргааш нь ангиас дуудаж зэр зэвсэг буруу ашигласан,
ахлах офицеруудын тушаал биелүүлээгүй гэсэн үндэслэлээр зайлуулагдсан
даа. Ер нь яг шударга ажилладаг офицер, ахлагч хил дээр байх нь их
ховор. Жаахан ёс дүрмээр ажиллах гэвэл халчихна. Ийм жишээ шороон түм.
-Тэгээд чи шударга ёсны төлөө тэмцэж ажилдаа тавигдахгүй яасан юм.
Зарга хийвэл чиний талд шийдэгдэх магадлал өндөр байна ш дээ?
-Сүүлд нь Пүрэвдорж генерал буцаж ажил дээрээ оч гэж хэлсэн. Би
хүсээгүй. Тэнд их муу хүмүүс хил хамгаалж байна гэж боддог байх. Бүр
дээрээс тэднийг муу муухай зүйл тушаалаар хийлгэдэг байхгүй юу.
-Тэгээд гэртээ хэвтэж эхлээ юү?
-Өө, Дорнодын төвд дэлгүүр хоршоо ажиллуулах гэж үзсэн. Баларч
дампуурсан. Ер нь хүмүүст хууртаад л яваад байх хэцүү юм билээ. 1992 онд
манай Дорнод аймгийн хамгийн том дарга нар надад нутгийн нэрээ монгол
даяар дуурсгалаа хэмээн орон байр хүртэл амласан. Чи бод доо, хичнээн
жил хүлээв. Горьдоод л байлаа. Өгсөнгүй. Яваад очихоор Засаг дарга нар
нь өөр хүн болчихсон байна. Яг өнөөдөр ирэх сонгуулиар Дорнодоос хоёр
хүн нэр дэвшинэ.
Их муу хүмүүс. Бүр улаан цагаандаа гарсан
аймшигт луйварчид. Нэг нь Ардчилсан нам, нөгөөдөх этгээд нь МАХН-ын
гишүүн. Энэ хоёрыг Их хуралд түшээгээр сонговол дорнодчууд ёстой модоо
барьж, голомтоо гогодуулах хувь заяагаа нөмөрч, дэлхийн сүүлчийн их хээр
тал Хятадын мэдэлд очно гэдгийг л би мэдэрч байна. Харж л байгаарай.
-Нутагт чинь одоо танайхаас хэн байна аа?
-Муу ижий минь хэдэн бор дүү нартай минь аж төрж байгаа. Би чинь айлын
ууган хүү байхгүй юу. Уул нь тэдэндээ нэг хэсэг гайгүй тус дэм болдог л
байлаа. Одоо тусалж чадахгүй шаналж л явна. Нэгэнт тусалж чадахгүйгээс
хойш сэтгэлийг нь зовоогоод яахав гэж алс явна даа.
-Чи бидэн хоёрын яриа үл дуусах биз ээ. Энэ удаа ярилцлагаа таны шүлэг найргийн тостоор жаргааж болох сон болов уу?
-Тэгэлгүй яахав. Нэг шүлэгнийхээ хэсгээс хэлье. Шүлэг уншаагүй их удсан
байна шүү. Сэтгэлээ сэргээгээд орд өргөөндөө уншаад орхиё.
"...Зүрхэн дор минь хоноглосон
Гэгээн сайхан дурсамж
Зөвхөн минийх л байсан
Төгөлдөр гоо амраг
Өрөөлийн өвөрт гэнших нь
Хувь заяаны тохуу мэт
Үүр цайтал хүлээсэн
Гэнэхэн шүлэгч тэнэг үү
Өөдгүй урвалтаар дууслаа
Нүцгэн хоцорсон хайр минь
Үгүйрлийн үнэр ханхлах нь
Өрөвчхөн гунигийн солиорол
Өтөж ялзарсан сэтгэл
Амь тавьж буй итгэлд
Өөр юу ч хэрэггүй ээ
Ганцхан тун хүнцэл!..." гээд л цааш яваад өгнө дөө, би.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих