"ЮМ ГАНЦААР ДУУСДАГГҮЙ"
Бүх "юм ганцаар дуусдаггүй". Бид заримдаа хэн нэгнийг анхны харц болон
уулзалтаар дүгнэж, хэн нэгэнд нэг л удаагийн санаанд хүрээгүй үйлдлийн
төлөө гомдож, үзэн яддаг. Анхны харцын дурлал, анхны уулзалтын таагүй
сэтгэгдэл бүхэн заавал "үнэн" байх албагүй л дээ. Олон жилийн
нөхөрлөлийн дараа "Би чамайг анх хараад ... гэж бодож, дүгнэж байж
билээ" хэмээн дотно сэтгэлээр хуучлах нь бий.
Анх уулзахдаа "ямар мундаг залуу вэ?" хэмээн биширч байсан сэтгэгдэл,
хөөрүү онгиргон араншинг нь анзаарах тусмаа бүдгэрч, шоолонгүй мушилзах
шалтгаан болж хувирах нь бий. "Энэ ч дээ..." хэмээн тоомжиргүйхэн
хандсан тэр хүн нь, хожим нь ойртож дотносоод сэтгэлээ хуваалцах, яриаг
нь сонсоод л суугаад баймаар тийм эрхэм хүн нь болж хувирах нь бий.
Амьдралд урьдчилан таах аргагүй элдэв учралууд, тохиолдлуудын нэг нь энэ
юм.
Зүгээр л бид биенийхээ амьдралд тохиолдож байгаа сайн муу зүйлүүдийн
талаар тэр болгон мэдэж чадахгүйтэй адил, өөрт тань тохиолдож байгаа
баяр гунигийг ч хүмүүс тэр болгон анзаарч мэддэггүй. Заавал мэдэх
албагүй ч, бусдад баярлаж гомдох үйлдэл тань нэг удаагийн тохиолдлуудын
шалтгаан ч бас биш. Гэхдээ бид заримдаа алддаг л даа.
Итгэж явсан хүн тань нэг удаа танд худлаа хэлэхэд, ирэх байх гэж
хүлээсэн дотно анд чинь ирж амжсангүйд, найдаж байсан найдвар тань тэр
өдөр алдагдахад, итгэж байсан итгэл нэг өдөр алдуурахад бид бухимдаж
гомддог. "Ямар өөдгүй юм бэ?" гэх харуусал, нөхөрлөл итгэлийн
зангилаасыг тасдаж орхино. Заримдаа бид тэр зангилаасыг эргүүлж зангидаж
амжилгүй цаг хугацааг элээнэ. Заримдаа уярал уучлал дээр тэр
зангилаасыг зангидаж амжих боловч, тэр нь тийм ч бат бөх болж чадахгүй
тохиолдол бий.
Элээж эвхсэн олон олон он жилүүдийн дараа уулзан хуучилж суухад, бие
биедээ гомдож тунисан тэрхэн хормыг "эргүүлж болдог сон бол" гэх
харуусал сэтгэлийг сэмлэж, цээжийг хорсгоно." Тэр үед тэсч тэвчээд,
уучилж ойлголцсон бол..." ямар их зүйлийг одоогийнхоос амар байлгаж
чадах байсныг сэтгэлдээ эргэцүүлнэ. Тэр үед түүнийг ойлголгүйгээр
гомдоож байсан үйлдэл олон жилийн дараа бидэн дээр давтагдахад сэтгэл
дотроо "ичингүйрнэ". Чамд худлаа хэлэхдээ "айж тэвдсэн" байж болохыг,
амалсандаа ирж чадаагүй нь "чамайг гомдоож уурлуулахыг хүсээгүй" байж
болохыг, найдаж даалгасан зүйлийг нь хичээгээд хийж чадаагүй болохыг,
итгэсэн итгэлийг тань алдчихаад "ичиж зовсон" байж болохыг бид
анзаардаггүй ч байж мэднэ. Дахиад боломж олгож чадаагүйдээ бид тэр
чигтээ алддаг ч байж болох.
Энэ ертөнцийн 7 тэрбум хүмүүс дотроос "учрах ёстой хүмүүс л учирч,
уулзах тавилантай хүмүүс л уулздаг" гэдэг юм билээ. Бидний амьдралд
уулзаж учирч байгаа хүн болгон бидний тавилан, бас бидний аз завшаан.
Уулзахгүй зөрж өнгөрөх олон тэрбум хүнээс уулзаж учирч байгаа хүн болгон
бидэнд эрхэм. Олон дахин уулзаж учирч байгаа хүмүүс бүр ч дотно. Бид
бие биендээ дурлаж, бие биенээ хайрлаж, бие биенээсээ суралцаж байгаа нь
хамгийн нандин учрал. Бас азтай тохиолдол. Зүгээр л бид бие биенээ
ойлгож, өөрийн чадах зүйлээрээ бие биендээ тусалж байхад л болоо.
Уулзаж дотносож байгаа хүн бүрийн төрх сэтгэлд минь хадгалагдаж,
тусалж дэмжсэн болгон нь тархинд минь талархал болон үлдэж, хайрлаж
халамжилж энхрийлсэн болгон нь зүрхэнд минь хайр болон шингэж байгаа нь
бидний дотоод гэрэл гэгээ юм. Заримдаа баярлаж, заримдаа гомдож байгаа
үйлдэл болгон нь бидний олон олон учралын шалтгаан. Ганц удаагийн үйлдэл
гэдэг бидний дүгнэх мөч, баярлах бас гомдох шалтгаан огт биш. Өчигдөр
цэлмэг байсан тэнгэрт өнөөдөр үүлс хуралдаж, аадар асгардагтай адил.
Уучлал, ойлголцол гэдэг аугаа ухаан. Заавал бие биенээ үзэн ядаж, уурлаж
уцаарлах хэрэг юун. Маргааш бидэнд ав адилхан учрал тохиолдох л болно.
ЮМ ГЭДЭГ ГАНЦААР ДУУСДАГГҮЙ, ОЛОН УЧРАЛУУДААР ҮРГЭЛЖИЛДЭГ.
ҮРТЭЙ ХҮН
... Жаргал зовлон, үнэн худал, хар цагаан сүлэлдсэн энэ орчлонд
өөрийнхөө үйлийг үүрээд ирэхдээ цав цагаахан байдаг бяцхан үр минь.
Амьдралын нугачаанд будрэхдээ бүдэрч, тэнцэхдээ тэнцэж яваа ээжий аавдаа
ухаарал, хайр нь болж ирдэг бяцхан үр минь. Чамайг энэ ертөнцөд ирснээ
зарлан чанга дуугаар бархиран уйлах мөчид, бид энэ ертөнцөд яах гэж
ирснээ гэнэт ухаардаг. Чи бол миний үргэлжлэл, бас миний буцахдаа эргэж
харах гэгээн мөр юм.
Нүв нүцгэн тарвалзахад чинь дааруулахгүй гэж эдээр хучихдаа "нүцгэн
ирээд нүцгэн буцах" хорвоогийн жамыг дотроо нэг анзаарна. Чи бол миний
ухаарал, бас жаргаж зовохдоо харьцуулдаг эргэцүүлэл минь юм. Элгэнд минь
наалдаж хургаад, эрхэлж үнэгчлэхэд чинь зүрхэнд минь өөрийн эрхгүй хайр
урсдаг. Чи бол шаралхаж мөчөөрхсөн сэтгэлийн минь тэртээд царцаж
орхисон хайрыг урсган ундруулдаг шидтэн юм. Зулайг чинь зөөлөн үнэрлэхэд
тэр гэж төсөөлөхийн аргагүй, сүү хайр сүлэлдсэн гайхамшигтай үнэр
үнэртэнэ. Чи бол миний энэ хорвоод сэрж мэдрэх уярал, бас гэгээнээс
гэгээн ертөнц юм.
Элчилгүй талд зоргоороо давхиж, тоосондоо бусгаж явсан эмнэг залуу
насыг минь бугуйлдаж тогтоосон үр минь. Энэ ертөнцөд зөвхөн "би" гэж
омогшин бардамнаж, онгирч сагаж явсан залуу насны араншинг минь аргамжиж
номхруулсан үр минь. Чамайг миний хэлсэн сайн муу үгэнд минь баясан
инээж, өвөр рүү минь зүтгэн авирахад чинь би өөрийгөө уул шиг түшиг гэж
гэнэт боддог. Чи бол талын жижиг толгодоос нөмөр нөөлөгтэй сүрлэг уулс
болон өндийхэд минь тулгуур болдог түлхээс юм. Өдөр хоногоор "тохуурсан"
юм шиг намайг дуурайн элэглэж, өмнө минь гэмгүй царайлан инээж зогсоход
чинь би өөрийнхөө тухай гэнэт эргэцүүлнэ.
Чи бол арчаагүй төрхийг минь надад харуулж, мөн чанарыг өөрт минь
харуулж өгдөг амьд толь минь юм. Уцаарласандаа чанга дуугаар бархирч,
гомдсондоо урсгах том том нулимсан дуслууд чинь миний сэтгэлийн гүн дэх
"үрээ өмөөрөх" омогшилийг бадрааж, чиний төлөө юуг ч үйлдэх мунхаглал
рүү хөтөлдөг. Чи бол миний сэтгэлийн тэртээд унтарсан галыг асаагч,
омогшил бардамналыг минь дэврээгч цучил юм.
..."Үртэй хүн жаргадаг" хэмээн хүмүүс хэлэлцдэг. Жаргалаа хэрхэн
төсөөлөх нь хүн бүрийн сэтгэлийн хэмжүүр. "Сайн үртэй бол жаргаж, саар
үртэй бол зовдог" хэмээн зарим нь өгүүлэх нь бий. Сайн ч явсан, саар ч
явсан миний л үр болохоор гомдож хэзээ ч чаддаггүй юм, ээжий аавууд.
Дэлхийг онохгүй халамцуу гишгэчиж, дээлэндээ багтахгүй сагаж, бурхангүй
газар бумба галзуурч, буурал өтгөсдөө өтлөхгүй юм шиг мунхаглаж байхад
чинь, дайраад өнгөрсөн залуу насны чинь сүүдэр болсон аав ээжүүд чинь
чамд бус өөрсөддөө гомдож байдаг юм.
Балчир насны чинь сүүн үнэр гашилж, багад чинь хайрлаж байсан халуун
хайр ээдэж, чиний өмнө сөгдөж байсан өвдөг борхирч байхад, чамайг гэсэн
итгэл найдвар царцаж байхад тэд чамд гомдож чадалгүй, өөрсдийгөө л
буруутгаж байдаг юм. Гэхдээ чи нэгэн цагт үртэй болохоороо ухаажиж
эхэлдэг. Яг л би чамайг уяран тэвэрч байсан шиг, үрээ хайрлаж уярах
болно. Ээжий аавтайгаа жишиж нэг хайлна, энгэрт дэвтсэн хайрыг мэдэрнэ.
Намайг анзаарахгүй ч үрээ хайрлах сэтгэлийн эргүүлэг насны эцэст чамд
эргээд л ирнэ. Үртэй хүн сэтгэлдээ дандаа жаргаж, бас зовж явдаг юм.
Үүрч ирсэн үйл гэдэг эргэх энэ орчлонгийн эргүүлэг нь байдаг юм. Үртэй
хүн гэдэг хичнээн сайхан гээч.
ГЭРИЙН ЖИЖҮҮР
\Бага насны дурсамж\
...Биднийг бага байхад аав ээж 2 минь хуваарь гарган гэрийн "жижүүр"
хийлгэдэг байв. Гэрийн жижүүр хийх хуваарьтай хүүхдэд урьд шөнө нь ээж
минь 12 мөнгөний дэвтэр дээр, маргаашийн хийх ажлын хуваарийг жагсааж
бичиж өгнө. Тэр нь үндсэндээ ийм дараалалтай.
-Өглөө босч ороо хураана
-Гар нүүрээ угааж, өглөөний цайгаа ууна
-Аяга халбагуудаа угааж арчин далд хийнэ
-Муу усаа асгана
-Гэрээ цэвэрлэн тоос арчина
-Хичээлээ давтана
-Хичээлдээ явна
-Хичээлээсээ ирээд гар нүүрээ угааж, ундаа ууна
-Аяга халбагуудаа угааж арчин далд хийнэ
-Данхаа, галын өртэй хамт арчиж цэвэрлэнэ
-Түлшээ оруулна
-Даалгавраа хийнэ
-Гэрээ цэвэрлэж тоосоо арчина
-Оройн хоолны гурил зуурч мах хөшиглөнө
-Орой хоолны дараа аяга халбагаа угааж арчин далд хийнэ
-Муу усаа асгана
-Түлшээ оруулж хөвх дүүргэнэ гэх мэт дараалалтай.
Орой унтахаас өмнө ээж бүх ажлыг нэгбүрчлэн дүгнэж, ард нь дүн тавьж
нийт оноог гаргадаг. Хэрэв жижүүрийн ажлыг муу хийсэн бол "дахих"
дүрэмтэй. Тийм болохоор их л хичээдэг сэн. Дараагийн жижүүр Абаа \миний
ах\ маргаашийн жижүүрээ хүлээж авахын тулд миний өнөөдөр хийсэн бүх
ажлыг шалгах. Цэвэрлэсэн газраас тоос олохын тулд цагаан хөвөн бариад
орны доогуур мөлхөн орж орос цагаан орны хөндлөвчөөс яаж ийгээд л тоос
олж миний дүнг бууруулна.
Хорссондоо нулимсаа залгих шахам суусан би, маргааш нь Абаагийн
жижүүрээс алдаа олох гэж хэрдээ л нүд буландан ажиглана. Орой нь яаж
ийгээд тоос олох гэж хичээвч Абаа "гэнэдэнэ" гэж үгүй. Хүүхэд насны
цагаахан мөчөөрхлөөс гэр минь ихэд цэвэрхэн байж, бид гэрийн ажлыг их л
дараалалтайгаар хийж сурсан сан. Хожим нь бид энэ тухай дурсан ярьж
байхад Абаа бид хоёрын нууцхан өрсөлдөөнийг дүү нар минь давтаж байсныг
мэдээд ихэд инээлдэж асан. Аав ээж хоёр минь биднийг ихэд анхаарч
хөгжүүлж, хүмүүжүүлж байсан олон аргуудын нэг нь энэ.
...Олон олон жилийн дараа би өөрийгөө бас дүү нараа хэрхэн төлөвшиж
чадсаныг анзаарах бүрдээ гэрийн "жижүүр", бидний амьдралд ямар сайнаар
нөлөөлж чадсаныг мэдэрдэг юм. Зүгээр л энгийн, бас ялимгүй юм шиг
санагдах ийм үйлдлүүд бага насанд минь бидэнд хэвшил болон шингэж, тэр
хэрээрээ насан туршид минь сайнаар нөлөөлсөөр байгааг мэдрэх бүрдээ аав
ээждээ чин сэтгэлээсээ талархдаг. Бидэнд юуг төлөвшүүлсэн байсан гээч.
-Алив ажлыг заавал төлөвлөж, төлөвлөснөө заавал гүйцэтгэж, гүйцэтгэлдээ
хяналт тавихад сургана. Өглөө нойрноосоо сэрээд "юу хийж амжих тухайгаа
бодож, үдэш унтахдаа "юу хийж амжсан тухайгаа эргэцүүлэх" мөчүүд хүний
сэтгэл ханамжинд эерэгээр нөлөөлдөг байж болох.
-Хүүхэд эхэндээ залхуурч, заримдаа "аргалах"-ыг боддог боловч бие
биендээ тавих хяналтын улмаас, "дэмий залхуурч байхаар нэгэнт хийх л
ёстой болохоор сайн хийсэн нь дээр юм байна" гэж ухаардаг. Магадгүй энэ
нь сэтгэлийн залхуугаа дарж, хийх учиртай ажлаа чанартай сайн хийхэд
сургадаг байж болох.
-Хариуцлагатай байж сурдаг. Муу хийсэн, хийж чадаагүй ажлаа заавал
дахин хийх нь амаргүй мэт боловч, өөрийн алдааны төлөө өөрөө
ухамсартайгаар хариуцах дадалд сургаж байгаа хэрэг. Өөрийн амьдралдаа
тохиолдох сайн муу алив үйлдлийн төлөө бусдад гомдохгүйгээр өөрөө
шийдвэр гаргаж сурах нь, алдаад хагалсан аягаа нуухгүйгээр шударга хэлж,
буруугаа хүлээж сурахаас л эхэлдэг байж болох.
-Өөрөө жижүүр хийгээд ах, эгч эсвэл дүүдээ шалгуулж, хянуулж байх нь
бие биедээ тавих хяналтаас бие биедээ туслах сэтгэл рүү аажим аажмаар
шилждэг. Бие биенээ ойлгох, бие биенээ хайрлах, бие биендээ санаа тавих
сэтгэл бүхэн эндээс л төлөвшинө. Учир нь бид бүгдээрээ нэгэн гэр бүлд ав
адилхан ажлыг хийцгээдэг болохоор бие биенийхээ мөн чанарыг маш сайн
мэдэрдэг. Магадгүй энэ нь бидний ойлголцолд илүү нөлөөлдөг байж болох.
-Аяга халбагаа угаахаас муу усаа асгах хүртэл, гаднаас түлшээ оруулж
гал түлэн хоол хийх хүртэлх үйлдэл жилийн дөрвөн улиралд тасралтгүй
үргэлжлэх нь бидэнд амьдралын хатуу хэцүүг, бас амар амгалан бүхнийг
мэдрүүлдэг байсан. Тэр хэрээрээ бид хатуужиж, амьдралын мөн чанарыг
таньж ухаарахад тусалсан байж болох. Хүйтэнд бээрсэн гар, халуунд урсах
хөлс болгон бидэнд ухаарал болон шингэж байсан.
...Одоо цаг өөр болсон. Бид хүүхдүүдээ их хайрлаж, бөөцийлэх болж.
Өөрөө ядарч өссөн амьдралаа үр хүүхэддээ үзүүлэхгүй гэж эрхлүүлэх болж.
Өөрт нь ил хэлэхгүй мөртлөө "үргэлж хайртай" гэж фейсбуукээр олон байнга
зарлах болж. Ширүүхэн хэлэхэд уцаарлахаас нь айж, тал засан инээдэг
болж. Өөрийг нь шоолж инээхэд дагаж мушийдаг болж, үрээс нь өөр
"гайхамшиг үгүй" хэмээн бусдад бардамнадаг болж.
Унтаж босоод ороо хураахаа больж, ууж идээд аяга тавгаа угаахаа больж,
тоосоо арчихаа больж, тоглоомоо хураахаа ч больж. Өргөн нарийн дэлгэцтэй
гар утсаараа оролдоцгоож, өөдөөсөө хараад ярилцахаа больж, нэгэн
ширээнд суугаад хамтдаа хоол идэхээ ч больж. Тэгсэн мөртлөө гэр бүлдээ
хайртай, бас аз жаргалтай байгаагаа фейсбуукээр бусдад сурталчлан
зарладаг болж дээ. БИД ЕР НЬ ХЭНИЙГ ДАГААД ХААШАА ЯВААД БАЙНА ДАА.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com
2015-06-03
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9855
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих