Зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр их зохиолч, төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч академич, 20-р зууны манлай соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг Матад сумын нутагт сүндэрлүүллээ. Гурван метр гаруй хүрэл хөшөөг босгох санаачлагыг Дамдинсүрэн сангийнхан гаргаж Матад смын нутагт үйл ажиллагаа явуулдаг”Буман-Олз” ХХК-ийн Захирал Б.Хаянхярваа, Хөөтийн нүүсний уурхайн захирал Д.Цогтжаргал нарын хөрөнгө мөнгийг нь шийдэж ийнхүү төрсөн нутагтаа сүндэрллээ. Хөшөөны эх загварыг уран барималч Д.Лхагва урлаж 190 гаруй сая төгрөгөөр хийлгэн гэнэ. Нээлтийн арга хэмжээ моин цагт эхэлж Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, Болор цомын эзэн Г.Мөнхцэцэг ахайтан тэргүүтэй зохиолч, яруу найрагчид ирж хүндэтгэл үзүүллээ. Ардын уран зохиолч Т.Галсан, Д.Цоодол, Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким, Болорцомын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Ж.Баяржаргал, Б.Ичинхорлоо нарын яруу найрагчид их эрдэмтний өлмийд хүндэтгэл үзүүлэхээр морилсон. Ардын уран зохиолч Д.Цоодол үг хэлэхдээ "Монголд хөшөө, суварга шиг олон зүйл үгүй. Харин энэ хөшөө бол хөшөө шиг хөшөө болжээ. Үүнийг босгох гэсэн олон хүний чинь сэтгэл харагдаж байна” гэсэн билээ.
Ийнхүү их эрдэмтний дурсгал төрсөн нутагтаа сүндэрлэж нутгийн зон олныхоо дунд мөнхөд дүнхийхээр боллоо.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих