УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт
УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар байр сууриа
илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлсэн бол
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд заасан хуримтлалын санг
тодорхой нэг корпораци удирдана гэсэн заалтыг дэмжихгүй гэлээ. Учир нь
ямар нэг копораци ирээдүйн өв сангийн хөрөнгийг захиран зарцуулдаг биш
харин Сангийн яам, Монголбанк энэ эрхийг өөртөө авах хэрэгтэй гэж үзэж
байна.
Энэ долоо хоногт Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн
холбогдох хэлэлцүүлгийг хийнэ. Тус хуулинд борлуулсан бараа, гүйцэтгэсэн
ажил, үзүүлсэн үйлчилгээний 1 хүртэл хувийг оногдуулахаар заасныг өндөр
хувь хэмжээ гэж үзэж байгаагаа Ц.Даваасүрэн гишүүн хэллээ.
УИХ-ын зарим гишүүдээс Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг
дэвшүүлж буй. Одоогийн байдлаар 10 орчим гишүүн дэмжиж байгаагаа
илэрхийлсэн байна. Бие даагчид Дубайн гэрээний асуудал дээр Ерөнхий сайд
хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа аж.
Учир нь энэхүү гэрээг хийсэнтэй нь холбогдуулж Ерөнхий сайдад
хариуцлага тооцохгүй бол дараагийн удаад улс орны эрх ашгийг хөндсөн
асуудлууд яригдаж болзошгүй гэж тэд үзжээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ үеэр "Гацууртын ордын эзэмшлийн хувь
хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжихгүй гэдгээ
мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, "Өмнө нь үүнтэй адил хуулийн төсөл УИХ-д
орж ирэхэд ард иргэд жагсаж, бөөгийн зан үйл хүртэл хийж байсан. Энэ
удаад уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэх горимоор оруулж ирсэн байна.
Өнөөгийн төр засаг Богд хаант Засгийн газрын үеэс дор ажиллаж байна.
Тухайн үед Ноён уулыг ашиглахгүй байх зарлиг гаргаж байсан. Өнөөдөр
гадныхны лоббигоор уг уулыг ашиглах гэж улайрч байна. Бид мөнгөний төлөө
бүгдийг тавьж тууж болохгүй” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр "Сонгуулийн
нэгдсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй байсан юм. 2012 оны сонгуулийн
хууль тийм ч муу хууль байгаагүй. АН, МАН хоёр хуйвалдаж өөрт ашигтай
байдлаар хуулинд гар хүрэх гэж байна. Улс орныг 5 бүсэд хувааж, эхлээд
нэр дэвшигчийн, дараагаар намын нэрийг зоосон байдалтайгаар сонгуулийг
явуулах гэж байгаа тухай мэдээлэл байна. Энэ байдлаар сонгуулийг
явуулвал төр засаг цэвэршихгүй” гэлээ.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9898
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих