Жан Жак Анно хэмээх франц эрд маш их уур хүрэв. Тэр намайг танихгүй л дээ. Тэгэхдээ л таардаг бол намалдагийг нь нэг сайн нийж санаагаа амраах юмсан. Би төр засгийнхаа хайрласан "Эрднийн хувь”-иа дэлхийн зах зээл дээр өндөр үнэ хүргээд зарчих санаатай урд хөршийн эдийн засаг сайжирч манайхаас нүүрсийг вагон вагоноор нь авдаг болохыг хүлээж суутал энэ муу франц Жан Рун гэгч хэрмэл хятадын биднээс "туусан” санааг ашиглаад доллар гээчийг дэлхийн захаас уут уутаар нь хамчихдаг юм байна. Би л лав урьд нас, энэ нас, хойд насандаа авах цалингаа бүгдийг нь нийлүүлээд олж чадахгүй мөнгийг харин энэ нөхөр манийгаа "март-8” тэмдэглээд амсхийх хооронд амжуулаад уутлаад авдаг байна ш дээ.
Түүний кинон дээр нэг муу хужаа оюутан жаахан шалбарсаны эс тооцвол нэг их сүртэй зодоон гарсангүй. Хэдэн адуу нууранд үйсэнийг эс тооцвол нэг их сүртэй хөөцөлдөөн гарсангүй, нэг нөхөр мориноос унаж үхсэнийг эс тооцвол нэг их сүртэй үхэл зовлон тохиосонгүй. Аан бас нэг хүүхний нүцгэн гуя гялс хийгээд өнгөрсөн юм байна. Манай дарга нар жипээрээ арын гөрөөсийг аргал хоргол болтол, өврийн боохойг өтөг бууц болтол хөөж намнадагтай харьцуулахад үүний хажууд "ёстой нөгөө хүүхдийн санаа” гэмээр л бодогдож байв. Иймхэн юманд хамаг нус нулимс, мөнгө цаасаа шавхаж байдаг энэ хорвоо дэлхийн хүмүүс яачих нь энэ вээ.
Манай төр засаг ч гэж төр засаг. Намууд ч гэж намууд. Монголынхоо хамаг луглагаруудыг цуглуулж байгаад нөгөө ураны "Хан ресурст” алддаг 100 сая "ногоонооороо” нэг иймэрхүү кино хийж мөнгийг нь ганц эргүүлчихэд л Монголын хямрал дуусах мэт бодогдож байна. Тэгээд ирэх жилээс иргэн бүрдээ "киноны хишиг” гэж тав таван зуун доллар өгөөд байхад л сонгуульд ялах нь баталгаатай бус уу.
Бас өнөө муу Жан Жак Аннодоо баярлах сэтгэл төрөв. Хямарч ядарсан эх орноос минь нэг ч цент авалгүй, харь хүний зохиолоор, харь хүмүүсийг тоглуулж, дэвэн дэлхийн далан хэлийн үй түмэн хүн зонд Монголчууд биднийг сурталчилаад, биднийг ойлгуулаад, биднийг хүндлүүлэх ажлыг хийлээ дээ. Энэ хүн лав Хархорум хотын өнөөх мөнгөн модыг урласан Вильгильм Бушье дархантай үйл учирын холбоотой буй заа.
Манай хөдөөгийнхөн хөр цас ихтэй хүйтэн өвлөөр малаа бэлчээхдээ эхлээд адуугаа тууж цасыг ханзалж суллаж байгаад үхрээ, дараа нь хонь ямаагаа бэлчээрлүүлж хоолонд нь хүргэдэг. Монголчуудын хувьд бараг атар, онгоноороо байсан дэлхийн кино урлаг хэмээх том зах зээл "Чонон сүлд”, "Марко поло” гэсэн аргамаг хүлгүүдийн туурайгаар ойр ойрхон жим гарлаа. Бид энэ жимийг дагаж бэлчээрлэн хоолондоо хүрч чадах эсэхийг гагцхүү мөнх хөх тэнгэр мэдтүгэй.
Манайхан аливаа хүмүүнийг дүгнэхдээ "ноён нуруу” гэсэн үнэлэмж их хэрэглэдэг. Эрхэм Жануудын хийсэн энэхүү кино улс үндэстнийг хар цагаан, хятад монгол гэх арьс өнгөний үзэл гаргалгүй, эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй гол үзэл санаагаа тодруулан илэрхийлэх дээр гайхалтай төвлөрч чадсан санагдсан.
Зовж байж олсон ганц бэлтрэгийг нь зарчих гэж нэг ятгаж үзээд бүтэхгүй болохоор нь "тэнгэртээ морил” хэмээн шидчихээд юу ч болоогүй мэт хээв нэг давхиад явчихдаг тэр нөхрийг хараад найруулагчдаас нь хэн нэгэн манай хөдөөний хүнд гаруудтай аяга тагш юм сулалсан юм биш биз хэмээн хардах сэтгэл төрсөн шүү. Бидний занг тийм амархан илэрхийлэх арга яаж олж чадав аа.
Жан Жак Анно бидний хамар дороос алтан сэлэм олоод эргүүлчихлээ. Хуяг дуулгаа гялалзуулан түүнийг эрүүл тулаанд шудрагаар дуудаж чадах цөс ихт аавын хүү, ээжийн охин бидний дотор байна уу.
Дашрамд дурьдхад энэ киноны нэр алдар цуурайтах тусам Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэх нь гарцаагүй. Бид үүнд бэлэн байна уу.
Д.Уламбаяр
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9914
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих