Хайр сэтгэл гэдэг хүнийг заримдаа өөрөөс нь өөр хүн болтол ч өөрчлөх хүчтэй байх юм. Хайртай хүнийхээ л хажууд өөрийгөө яг хүүхэд шиг эрх дураараа, өхөөрдөм энхрийхэнээр мэдрэх хичнээн гайхалтай. Нөхөртэйгөө учирсанаас хойш би их зүйлийг ойлгож, их ч зүйлийг өөрчилсөн гэж боддог. Бүр хэзээ ч дуртай болно гэж бодож байгаагүй зүйлсдээ ухаангүй дурлаж, яагаад ч хаяж чадахгүй гэж боддог байсан зүйлсээ ч төвөггүйхэн мартах жишээтэй. Гэхдээ энэ өөрчлөлт надад харамсалтай биш харин ч жаргалтай санагддаг. Хүн бүр л хайр сэтгэлтэй учрахаараа яг ийм болдог болов уу.
Би энд бусад хүнд хэтэрхий энгийн эсвэл бүр утгагүй юм шиг санагдаж болох ч миний л хувьд асар их аз жаргалыг илэрхийлэхүйц нэг зүйлийг бичмээр санагдлаа.
Би бүр бага байхаасаа л их чанга дуутай хүүхэд байсан. Инээхээрээ бараг л худалч хүнд хавийн амьтныг цочмоор тас тас хөхрөнө. Жоохон байхдаа ч өөрийнхөө инээдийг бусдад ямар санагддагийг нээх анзаараад, анхаараад байдаггүй байж. Харин ахлах ангид ороод ирэхээрээ хүүхэд бүр л өөрийнхөө үйл хөдлөл бүрийг анзаарч, маяг сууж эхэлдэг. Би ч бас адил хамгийн гоё охин байхыг л хүсдэг байсан. Тийм ч болохоор тольны урд эргэлдэж, өөрийнхөө хамгийн гоё нүүрний будалт, үс засалт, хувцаслалт гээд л хамаг юмандаа анхаардаг боллоо. Манай найзууд, ангийнхан бүгд л намайг "аймар инээдэг, цочмоор” энэ тэр гэдэг байсан болохоор яаж инээвэл бусдад хөөрхөн харагдаж, эвтэйхэн сонсогдох вэ гэдэг дээр хүртэл анхаарч эхэлсэн. Аальгүй байсны шинж юм уу, өөрийгөө олоогүй байсны шинж юм уу ямартаа ч бусдад таалагдах гэж тэгтлээ хичээж л байж. Тэр үеэс би нээх их чанга инээхгүй байхыг хичээж, аль болох чимээгүйхэн инээх хэрэгтэй юм байна гэж боддог болсон юм л даа. Гэхдээ бүр их инээдтэй юман дээр бол тэсэлгүй өнөөх тас тас хөхөрдөгөөрөө хөхөрчихнө. Миний тэр чанга инээд зарим хүнд их л содон сонсогддог юм шиг байгаа юм. Нээх их дотно биш эсвэл танихгүй хүмүүсийн дэргэд тэгж инээвэл учиргүй гайхаж харна. Гэрийнхэн маань ч нээх тоодоггүй л дээ.
Харин миний энэ инээдийг хамгийн гоё гэж хэлсэн цорын ганц хүн бол миний нөхөр. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч нөхөр маань намайг тэгж инээлгэхийг их хүсдэг юм. Бүр чангаар тас тас инээхийг минь харах гэж янз янзаар царайгаа хувиргана, хөгтэй, хөгжилтэй юм ярина, тэгээд тэр ярьсан зүйл, гаргасан царай нь тийм ч их инээдтэй биш байгаад би чанга чанга инээхгүй бол шууд тэвэрч аваад гижигдэнэ. Тэгээд намайг заавал хашгирч, инээлгэж байж санаа нь амарна. Миний биеийн аль аль хэсэгт хүрвэл гижиг хүрч тачигнатал инээдэг вэ гэдгийг маш сайн мэддэг. Зарим үед би сэтгэл санаа тавгүй, гунигтай байвал нөхөр минь намайг инээлгэх гээд л нээх хөөрхөн хүүхдээ аргадаж, аргалж байгаа юм шиг энд тэнд гараад хачин хачин болоод байдаг юм. Би тэрийг нь анзаарахаараа санааг нь амраах гэж шал утгагүй юман дээр хүртэл арзайтлаа инээнэ. Тэгэхээр нөхөр маань миний гунигийг үргээчихлээ гэсэн шиг бүр нэг баясгалантай байна гээч. Хань минь надад "Би чамайгаа инээж л байхыг харахыг хүсдэг. Гуниг чамд зохидоггүй юм. Чамайг тас тас хөхрөхөөр эхнэр минь жаргалтай байна даа гэж бодогдоод сэтгэл цэлмэдэг” гэж их ч олон удаа хэлж байсан.
Саяхан би энэ фэйсбүүкээс "Инээмсэглэлд чинь дурласан хүнтэй л суугаарай. Инээхийг чинь харах гэж өдөр бүр чамайг жаргалтай байлгана” гэсэн үг уншсан юм. Тэгээд яг л миний нөхрийг хэлж байх шиг санагдаж билээ. Эмэгтэйчүүд бид чинь жоохон юманд гомдож, жоохон юманд баярладаг эмзэг, гэнэн хүмүүс шүү дээ. Тийм болохоор заавал үнэтэй, тансаг эдлэл хэрэглэл бус өөрийг нь гэсэн сэтгэлд л тэмүүлдэг. Нөхрийн минь намайг инээж байхыг харах тэр хүсэл л надад асар их хайрыг мэдрүүлдэг. Энэ бол энгийн хэрнээ асар их аз жаргал гэж би боддог.
Я.Хувьзаяа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9915
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих