УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар өнөөдрийн Бие даагчдын
бүлгийн мэдээллийн цагаар УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх гэж буй
Гацууртын орд болон Сонгуулийн хуулийн асуудлаар байр сууриа
илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН: Өнөөгийн төр Богд хаант Монгол улсын үеэс дор байна
Энэ оны 2-р сарын 10-ны өдөр Гацууртын ордыг төрийн эзэмшилд авах нэрээр ашиглах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй тул буцаасан. Гэтэл Засгийн газар асуудлыг дахин тавьж эхэллээ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзалгүй, очер дайруулан Гацууртын орд, Ноён уулын асуудлаар яаралтай хэлэлцэхээр болоод байна.
Монголчууд энэ ордыг ашиглахж, алтыг нь ухуулахгүйн төлөө сэтгэлийн дуудлагаар тэмцэж ирсэн. Өнгөрсөн өвлийн турш олон зуун иргэд жагссан, цөөнгүй хүн амь бие, эрүүл мэндээ үл хайхран өлсгөлөн тэмцэл хийсэн. Аргаа барахдаа бөө нарыг хүртэл цуглуулж, Ноён уулаа тахих ёслол үйлдэж байсан.Энэ бол ард түмний сэтгэлийн дуудлага байсан юм шүү. Гэтэл Засгийн газар асуудлыг дахин оруулж ирэхдээ, Гацууртын ордын 34 хувийг стратегийн ордод авах, эсвэл 1,7 хувийн роялтигаар солих гэсэн хувилбар дэвшүүлж байна. 1,7 хувийн роялти гэдэг бол дэндүү бага тоо. Картаар гүйлгээ хийхэд л 3 хувийн шимтгэл авдаг. Бид үүнийг эрх баригчид гадны нөлөөнд хэтэрхий автаж байна гэж харж байна.
Эрх баригчид өмнө нь алтны татварыг 10 хувь байсныг 2,5-хан хувь болгох гэж тогтоолын төсөл оруулж байлаа. Үүнийг УИХ дэмжихгүй буцаасныг 14 хоногийн дараа Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах нэрээр зүтгүүлэн санасандаа хүрч бууруулж байсан. Яг түүн шигээ ямар ч аргаар хамаагүй, Ноён уулыг ухахаар дахин зүтгүүлж байна.
Өнөөдрийн манай төр засгийн байдал 100 жилийн өмнөх Богд хаант улсын засаг төрөөс ч дор байна. Тухайн үед Гацууртын ордыг гадныхан ашиглаж байсан түүх бий. Өнөөдрийнхөөс ялгаатай нь Богд хаан 17 хувийн татвар авдаг байжээ. Гэсэн хэдий ч Богд хаан ашгийн төлөө байгаагүй юм. 1920 онд Богд хаан Ноён уулыг ашиглахыг хориглох тухай зарлиг гаргаж шууд зогсоосон түүхийн баримт байдаг. Үүний дараа эрдэмтэн Козловын экспедиц Ноён ууланд судалгаа шинжилгээ явуулж, энэ бол дэлхийн түүхийн үнэт өв гэдгийг тогсоосон. Бидэнд ухаж болохгүй, хөндөж болохгүй хайрлаж сүсэглэх зүйл, уул уус газар нутаг гэж байх ёстой.
Бид мөнгөний төлөө, алтны төлөө бүгдийг нь тавиад туучихаж болохгүй. Ялангуяа Ноён уулаа хамгаалах ёстой. Үүнийг гадныхны лоббигоор ашиглах гэж улайрч байгааг Бие даагчдын зөвлөл эрс эсэргүүцсэн байр сууиндаа хатуу зогсох болно.
Гацууртын ордыг ашигласнаар Монгол улс байгалиа сүйтгэж доройтуулахаас биш ашиг хүртэнэ, эдийн засгаа сайжруулна гэж горьдолтгүй. Учир нь алт олборлолтын зардлын дийлэнх нь машин техник, шатахуундаа урсчихдаг. Үүнийг дандаа гаднаас худалдаж авна, импортлоно. Тэгэхээр ашиглалтын зардлаас ч Монголд шингэх нь бага.
Монгол улс дөрвөн жил тутам Сонгуулийн хулиараа оролддог боллоо. Энэ удаа ч мөн адил, өөрчлөх гэж байна. Гэхдээ ард түмний шүүлтүүрээр оролгүй, намын жагсаалтаар сонгогддог явдлыг хэвээр үлдээх нь.
3-4 аймгийг нэгтгэж, бүсчилсэн байдлаар намын жагсаалт тогтооно гэж байна. Энэ бол парламентад эл доль болчихсон хүмүүс суудлаасаа зуурч, эцсийн орогнолоо олж авах гэж байгаа явдал. Ард иргэд нэр нь сонсогдож байсан л бол таньж мэдэхгүй ч хамаагүй хүмүүсээ дугуйлахаас өөр аргагүйд хүрнэ гэсэн үг. Өнөөгийн парламентын гишүүд өөрсдөө жагсаалтын эхэнд хэвтчихнэ. Ингэснээр төр засаг цэвэрших, парламентад шинэ агаар, салхи орж ирэхийг боомилсон хууль болно гэж бид үзэж байгаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих