Ховд аймгийн Манхан сумын нутаг Гурван цэнхэрийн агуйн орчим эртний
хүний 13 булш байдаг. Тэдний нэг нь Тахилтын хотгорын Хүннү булш юм.
Энэхүү булш нь 4 метр үүдэвчтэй, 13 метр урт 7 метр өргөн чулуун
дараастай байжээ. Үүнийг малтахад 9 удаа нуралт үүсэж байсан ба 6000
гаруй чулуу, 150 шоо метр шороо гарсан байна.
Булшийг 11 метр гүн малтахад 2 метр өргөн 4 метр урт модон байгууламж
гарсан бөгөөд оршуулсан хүн нь 20 гаруй насны гүнж байв. Модон
байгууламжийг 25 см зузаан 6 дүнзийг заадаслан хийжээ. Түүндээ шарилыг
байршуулж, толгойг нь Алтан гадас одны зүг харуулж тавиад, баруун чихэнд
нь алтан ээмэг зүүж, толгой талд нь таван морины толгой байрлуулсан
байна.
Булшинд 65 см өндөртэй шавар ваар, сүйх тэрэгний хүрэл хэрэглэлүүд,
төмөр сэлэмний хугархай, торго даавуун эдлэлийн хэсэг, хүрэл нүдүүр,
төмөр амгайвч, зарим, нэг гоёл чимэглэлийн алтан эдлэл, номин, эдлэл, эд
өлгийн зүйл байжээ. Энэ нь одоогоос 2000 жилийн тэртээх хүннүгийн үеийн
булш болохыг эрдэмтэд тогтоосон бөгөөд жуулчдын анхаарлыг ихээхэн
татдаг хамгийн сонирхолтой булш юм.
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9946
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих