Энэ удаагийн дугаартаа Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаяртай ярилцлаа.
-"Mongolian Academy Awards” ёслол, хүндэтгэлийн ажиллагаа энэ
жил тав дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө. Таныхаар энэ удаагийн
наадмын онцлог юундаа байв?
-Өнгөрсөн жил энэ наадмаа Гачууртын "Монгол шилтгээн” цогцолборт зохион
байгуулж байлаа. Харин энэ жил үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа таван
одтой "Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулж уран бүтээлчдэдээ
хүндэтгэл үзүүллээ. Дээр нь энэ жил Монгол кино үүсч хөгжсөний 80 жилийн
түүхт ой давхацлаа.
Мөн дэлхийд кино урлаг үүссэний 120 жилийн ой мөн тохиолоо. Ийм тэгш
ойнууд давхацсан наадам болж өнгөрлөө. Наадамд оролцсон уран бүтээлүүд ч
чанаржсан байна. Ямар ч уран бүтээлчид алдаан дээрээсээ суралцаж байдаг
шүү дээ.
-Наадамд нэр дэвшсэн уран бүтээлүүдэд ямар шалгуур тавьсан бэ?
-Өнгөрсөн жилийн наадмаас хойш, энэ сарын 01-ний дотор нээлтээ хийсэн
уран бүтээл байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Түүнээс өөр айхтар
шалгуур байхгүй. Найруулагч өөрөө л бүтээлээ нэр дэвшүүлнэ. Гэхдээ
мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн байх ёстой. Яахав зарим тохиолдолд
мэргэжлийн шаардлага хангаагүй хэдэн киног буцаадаг.
Хоёр, гурван кино хийчихээд би болоогүй байна гээд ордоггүй нэгэн
байхад юу ч хийж шалиагүй байж ичих ч үгүй өөрийгөө найруулагч гэдэг
улсууд ч байна. Ихэнх нэр дэвшигчид өөрийгөө ямархуу хэмжээнд кино
хийснийг харах гэж оролцдог. Энэ нь кино уран бүтээлчдийн өөрийгөө
хэмжих хэмжүүр болдог. Шагнал авахдаа гол биш, нэр дэвшиж байна гэдэг
бол уран бүтээлч болжээ л гэсэн үг.
-Энэ жилийн "Mongolian Academy Awards”-т зарим нэг номинацид
нэр дэвшигчид байсангүй. Номинацийн тоог нэмэгдүүлэхийн тулд яах ёстой
юм бэ?
-Тийм ээ. Нүүр хувиргалт, хүүхэлдэйн кино гээд төрлүүд байхгүй байна. Зах зээл нь ч алга.
-Кино урлагийг хөгжүүлэх гэж яваа, Монголдоо ганц зохиогддог
наадмыг зохион байгуулж буй хүний нүдээр харахад манай кино урлагийн
түвшин хэр хэмжээнд явж байна?
-Кино урлаг гэдэг бол нийгмийн анги давхарга, шашин шүтлэг, өнгө, мөнгө
юунд ч баригдалгүй хүний сэтгэлд нэвтэрч чаддаг ганц урлаг. Би "Үхэл,
авьяас хоёрт ямар ч арын хаалга байдаггүй” гэж хэлэх дуртай. Тийм
болохоор авьяас байгаа л бол хөдөлмөрлөөд л байх хэрэгтэй. Энэ жилийн
кино наадмаас харахад манай уран бүтээлчид хоёр зүйл дээр илүү анхаарах
хэрэгтэй санагдлаа.
Нэгдүгээрт, киноны хөгжим. Яг үнэндээ сэтгэл гонсгор байна. Бэлэн
хөгжмийг авч хэрэглээд байгаа харагдаж байна. Хөгжмийн урлаг гэдэг
тунгалаг аялгуу шүү дээ. Энэ дээр жинхэнэ хүний сэтгэлийг хөдөлгөх, хүнд
юм бодогдуулахаар ажиллах ёстой. Тийм учраас дараа жилийн наадамд энэ
номинацид нэр дэвшигчдэд илүү шалгуур тавина.
Бас нэг сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол хэзээ ч байхгүй алаан, цус,
хүчирхийллийг үзүүлэх гэж хичээгээд байгаа явдал. Ерөөсөө монгол кино
байхгүй болчихоод байна. Монгол ахуй, монгол сэтгэхүйг үзүүлэхгүй байгаа
юм.
-Дан ганц манайд биш дэлхийн хэмжээний, Холливудын кинонууд ч таны сая ярьсан энэ алаан, хүчирхийллийг үзүүлж байна шүү дээ?
-Би олон орны кино наадмуудад оролцож үзсэн. Баруун Европ, Америк гээд
дэлхийн киноны том эзэнт гүрнүүд сэдвээр ангаж цангаж байна. Сүүлдээ бүр
сансрын уудмын аян дайн, ирээдүйн зөгнөл гээд нэг бол хаа байсан эрт
балрын юм руу орчихсон явж байна. Тэнд бидний орон зай илт бий. Сэдвийн
хувьд шүүдээ. Мөн найруулга, зураг авалт, жүжигчний тоглолт зэргээс
харахад бид бол гологдохооргүй л юм билээ. Ганцхан бидэнд РR, техникийн
түвшин л дутагдалтай байна.
-Тэгвэл монгол ахуй, ёс заншлаараа кино хийвэл олон улсын анхаарлыг татахад ойрхон байна гэсэн үг үү?
-Тийм шүү дээ. Жирийн монгол ард урлагийн бүтээлийг өдөр тутамдаа
хэрэглэж байна. Ийм ард түмэн Монголоос өөр дэлхийд хаана байна. Эрс тэс
уур амьсгал, нүүдэлчин ахуйдаа зохицсон хэрэглээтэй улс манайхаас өөр
байхгүй шүү дээ. Кинонд Монголын зан заншил, ахуй, ёс жаяг, уламжлал бүх
зүйлийг багтааж болно. Тэгээд эх орноо, ард түмнээ таниулах, сурталчлах
бүрэн боломжтой.
-Тийм ч учраас та өөрийн уран бүтээлүүддээ эдгээрийг тусгахыг эрмэлздэг үү?
-Урлагийг би ганц удаа л худалдсан. "Өвчтэй хог ш дээ хоноод явахгүй”
гэдэг нэртэй киног хамгийн богинохон хугацаанд хамгийн хямдаар хийж,
хамгийн их ашиг олсон. Гэхдээ энэ бол бүтээл биш халтуур. Харин "Богд
хаан” киног гурван жилийн хугацаанд их хүч хөдөлмөр, зардал гаргаж
бүтээсэн. Би үүнийгээ жинхэнэ эх оронч байх ёстой, миний үүрэг гэж
үзсэн. Тийм ч учраас би хэнд ч ялархдаггүй, миний л хийх ёстой ажил гэж
боддог.
-Сүүлийн үе манайхан гадны кинонд их хошуурч, өөрсдийн хийсэн
киног голох хандлагатай болж. Энэ талаархи таны бодлыг сонирхмоор байна?
-Би дэлхийн олон орноор явж их юм үзэж мэдсэн. Нэг л зүйлийг баттай
хэлж чадна. Зураглаач найруулагч, жүжигчин гээд манай уран бүтээлчид
хаана, хэний ч дор орохгүй чадвартай. Бидэнд ганц дутагдаж байгаа зүйл
нь гадаад харилцаа.
-65 дахь удаагийн Каннын олон улсын кино наадамд та "Богд хаан”
киногоороо оролцож байсан шүү дээ. Энэ киног гадны орнууд худалдан авах
санал тавьсан гэж сонссон. Энэ асуудал юу болсон бэ?
-Кинондоо би Богдын хэлсэн "Би өөрийгөө Монгол хүн гэж боддог” гэсэн
үгийг албаар оруулсан. Би энэ уран бүтээлдээ ямар ч үзэл суртлын
хүлээсгүй, хувь хүн талаас нь Богдыг харуулахыг зорьсон. Энэтхэг,
Америк, Индонези, Турк гэсэн орнууд авах саналтай байгаа. Бид орчуулга
тал дээр нэлээн юм хийх хэрэгтэй байна. Шашны хэллэгийг орчуулах хэцүү.
-Сүүлийн үеийн кино хэл найруулга муутай болоод байна гэсэн шүүмжлэл их байна Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Аргагүй шүү дээ. Зохиолгүй юм чинь. Кино зохиол гэж мэргэжил байна шүү
дээ. Москвагийн Кино урлагийн дээд сургуульд кино зохиолчийн анги гэж
байдаг. Хуучны кинонуудыг үзэж байхад ард түмний амны уншлага болсон
сайхан сайхан хэллэгүүд зөндөө байдаг.
-Манай уран бүтээлчдийн кинонууд олон улсын кино наадамд
оролцох нь нэмэгдэж байгаа. Гэтэл манай үзэгчид тэдгээр бүтээлүүдийг
үзэхгүй юм. Яагаад тэр вэ?
-Залуус тулга тойрсон сэдвээр кино хийж байна. Жинхэнэ уран бүтээлч хүн
өнөө, маргаашийн тулга тойрсон зүйлийг тоодоггүй, харин жинхэнэ
урлагийн бүтээл хийхийг хичээдэг.
Урлаг гэдэг нь хүнд нэгийг бодуулж, хоёрыг сануулах ёстой. Сайн кино
хоёр талтай. Хайр сэтгэл, мал аж ахуй гээд хоёр сэдвээр кино хийнэ гэж
бодъё. Энэ хоёр сэдвээр хоёулангаар нь кино хийж болно. Гэхдээ уран
бүтээлчид энэ хоёр сэдвээр тулга тойрсон биш, хүн төрөлхтөнд хэлэх
үгтэй, утга агуулгатай сайн кино хийгээсэй гэж хүсч байна. Харин хийсэн
киног чинь хэдэн ч хүн үзэж болно. Сайн кино бүгдэд таалагдах албагүй.
-Кино урлагийг бизнес гэж хардаг болсон юм биш үү?
-Үүнийг буруутгах аргагүй. Аливаа зүйл хоёр талтай шүү дээ.
-Найруулагчид их ширүүн дориун хүмүүс шиг харагддаг. Харин та ямар хүн бэ?
-Би худалч хүнд хамгийн дургүй. Ааваасаа ч тийм л хүмүүжил авсан.
Худалч хүн ажил ална. Хамаг юмны уул уурхай худалчаас болдог байхгүй юу.
Би нэг их уурлаад загнаад байдаггүй. Гэхдээ уурласан үедээ цохиод авч
чадна.
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9967
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих