Бүгчим халуун өдөр, уйтгартай саарал гудамжинд замын түгжрэлд нам гацсан бохир заваан хөлсний тэрэг дотор сонссон тэр нэг дуу яг л сэтгэл зүрхэнд минь шингэн ороод тэнд өргөс болон хувирч шархалтал өвтгөж, салхи болж, санаа алдалт болон өөрчлөгдөж, бороо болон зүсэрч нулимс болон урссаар хэчнээн ч өдрийг өнгөрүүлэв дээ. Цаанаа л нэг гунигтай, тэр нэг содон хачин аялгууг гучаад жил хайж, олсон хойноо огтхон ч баярлахгүй, сонсох тусам сэтгэлд намар болж байх шиг санагдах. Сэтгэлийн модод дурсамжийн салхиа гүвж, нүцгэрч байх шиг нэг л гунигтай. Зүрхэнд нэвт шингээд салж өгөхгүй зовоосон энэ аялгууг тэгтлээ удаан хайсан хэрнээ хэтэрхий энгийн үгтэй байхын чинээ төсөөлөөгүй учраас чамлаж, тэгснээ өөрийгөө зэмлэв.
Арын шугуйг алаглуулсан
Аргал угалз хоёроо хө
Амин зүрхийг догдлуулсан
Дүрлээ Тоодой хоёроо...
Энэ дууг одоогоос гуч гаруй жилийн тэртээ сонссон байх юм. Өрх хөвсөлзөн, яндан тооно хоёр хоорондоо зодолдох мэт хар, яр хийсэн хаврын тэр нэг өдөр гэрээ цэмбийтэл цэвэрлэж өглөөнөөс хойш амсхийх завгүй ажилласан ээж минь бидэнд борцтой цай чанаж өгчихөөд дуу аялан сууж байсныг санаж байна.
Намуухан тэгсэн хэрнээ хачин гоё дуу дуулж байсан ээжийн дуу гэнэтхэн бүдгэрч орхив. Хажууд нь очтол ээж маань энгэрээ нортол уйлсан байж билээ. Нулимсыг нь арчиж өгөхөөр гараа сунгахдаа л хамгийн хөөрхөн, хамгийн гоё гэж боддог байсан ээжийнхээ нүүрэнд зөндөө олон үрчлээс суусныг анх удаа харсан. Ээж яг урьд айлын эмээ шиг хөгширч байгаа юм байна гэсэн бодол тэрхэн зуур харван орж ирэхэд учиргүй их айсан. Ээж хөгширч, тэгээд буурай шиг алга болно гэж айсан хэрэг. Хацар даган урсах нулимсыг нь арчиж, энгэрт нь наалдсан намайг ээж чангаас чанга тэвэрч, нулимсаа шударч арчснаа амандаа өнөөх аяыг аялан нүдээ аньж бүүвэйлэх мэт зөөлхөн найгаж байсныг санаж байна. Тэр л үед ээжийн аялсан дууны аялгуу над руу урсан ороод нэвт шингэж үлдсэн ч байж мэдэх юм.
Хаврын тэр нэг хохилзуур өдрөөс хойш 30 гаруй жил өнгөрч. Гэхдээ л нулимстай аялсан энэ дууг мартсангүй, нэг л тийм гэгэлгэн зөөлхөн аялгууг, бас ээжийгээ яагаад тэр өдөр нулимстай байсан юм бол гэсэн асуултын хариулттай хайсаар... Энэ аялгууг "Үрлээ тоодой хоёр” гэдэг дуу байжээ гэдгийг саяхан саяхан олж мэдсэн ч өнөөх л хацрыг зүсэн бороо шиг асгарч байсан тэр нулимсны тухай бодол салж өгөхгүй сэтгэл сэмлэсээр...
Ээж минь тэр үед яг л над шиг гуч гаруй настай байсан, яг л над шиг дөрвөн жаахан охинтой...Тиймээс зориг гарган өөрөөсөө тэр нулимсыг хайв. Ноороглож хаясан цаас мэт өнгөрсөн өдрүүдийг тэнийлгэж, ном мэт тэвхийтэл өрөөд, ганц нэгээр нь сугалж авсан дурсамжуудаа сэргээж санав. Бүтээгүй хайрын нимгэхэн дурсамж, гудамжны буланд болзоонд зогссон цагаахан өдрүүд, хэлээгүй, сонсоогүй нандин үг цаанаа л нэг тунгалаг. Сэтгэл хөвсөлзүүлсэн хуучин дурсамжууд дундаас гуниг бус харин инээмсэглэл гарт тэмтрэгдэнэ.
Өнгөрч одсон хоногуудаас бус ирээдүйг сөхөж өнөөх бусдын нүднээс унасан хэрнээ миний хоолойд тээглэсэн нулимсыг хайв. Ирж буй өдрүүдийн тухай бараан бодлыг охины минь дүрсгүй алаг нүд, цангинасан инээд үргээгээд болдоггүй. Дахиад л буцлаа. Гучин долоон намрын шар өдрүүд дундаас гуниг үргээх нэгэн сайхан дурсамж тодоос тод...Өчнөөн олон зуун танил, үеийн нөхдүүд, ах дүүс анд найзууд дотор миний төлөө үхэхээс бусдыг үзэж, магадгүй миний төлөө амиа ч зольсон байж болох ганцхан л хүн байсныг санахаар хоолой зангираад л ирлээ. Тэр бол мэдээж миний ижий. Ижийнхээ тухай бодонгуут нулимс ивлээд л эхэллээ. Хөөрхий дөө муу ижий минь ээжийгээ санаад уйлж суусан байж. Яг л над шиг...
Б.Цоожчулуунцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих